Sunday, November 28, 2010

Antivirus

Анх компьютерийн вирус гээч юмтай танилцаж байсан маань 2003 онд ахаасаа авсан Нортон 2001 дээр 2002 оны шинэчлэлийг нь суулгаад өөрийнхөө компьютерийг хайхад гарч ирсэн Peter.B гээд нэг вирус байсан санагдана. Интернэт ч байхгүй компьютерт яаж орж байсныг нь гайхаад байдаг юм. Сүүлд 2005 онд Солонгост ирчихээд жинхэнэ сайхан танилцсан даа. Тэр үеэс нүцгэн гараараа алалцдаг байж байгаад, сүүлрүүгээ ерөнхий зарчмыг нь ойлгох болж яаж ажилладагийг нь ч мэддэг болоод байлаа. Тэрнээс хойш бол вирус гэж нээх ч санаа зовоохоо байгаад өөрөө ч мартчихсан байж.

Тэгсэн өнөөдөр флаш дискээ нээсэн чинь, autorun файл байж байдаг юм байна. Би гэдэг хүн Comodo-г өөрийн тооцоолуурын бамбай болгон хэрэглэдэг бөгөөд хаагаад флаш дискээ янзан бүрийн хортой код байгаа эсэхийг шалгатал байдаггүй. Гэтэл нөгөө гайхал autorun ийг нь задалж үзээд нөхөр вирус байх хавтаст хандалт хийтэл орчихож байгаа атал вирусын эсрэг програм маань байхгүй гэж заагаад байдаг. Гайхаж байгаад баталгаажуулж авах санаатай ubuntu рүүгээ давхиж ороод файлуудыг үзтэл бурхан минь гэж үнэхээр exe файл байж байна. Kaspersky online file scanner ээр үзтэл вирусгүй, гэхээр нь Virustotal.com руу ороод хайлгаад үзтэл 41 хувийн олдоцтойгоор арын хаалга тайлагч(backdoor) болж таарлаа. Kaspersky болоод Comodo гийн санд бүртгэгдээгүй ба Symantec ийн бүртгэлд 11 сарын 18 буюу 10 хоногийн өмнө орсон байна. Техникийн тодорхойлолтыг нь уншаад үзтэл Windows 7 ийн хувьд асуудалгүй бололтой бага ч болтугай санаа амарлаа.

Comodo Instant Malware Analysis т илгээгээд үзтэл, сэжигтэй гээд гаргаад ирж байна. 3 жил орчим юмуудаа вирус гэж зовохгүй байсаар байгаад бүр сэрэмж суларчихсан байна. Тэгээд ямар ч тохиолдолд өөр газар залгасан бол флаш дискээ шалгаж байх мөн антивирус хичнээн сайн байсан тэр болгон найдаад байх нь хэцүү шүү гэдгийг сануулах нь зүйтэй мэт санагдлаа.

Saturday, November 6, 2010

Хүний эрээн, могойн эрээн.

"Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа". Энэ нэгэн хэлцийг бүр бага сургуульд байхын л сурдаг байсан болохоос өчигдөр өнөөдөр шиг ингэж их анзаарсан нь байсангүй. Нэг юмыг л ойлгоод байх шиг байсан, энэ хэлц яг голыг нь оноод хэлж байх шив.
Өчигдөр аялалд яваад өнөөдөр ирлээ. Аялалын зам хурдны замаар ирж очихын 8 цаг хэртэй байсан гээд бодвол нийтдээ хэдэн зуун километр төмөр автобусан дотор унтаж идэж, ярьж яваад ирэв.

Очоод янзан бүрийн юм үзэж байгаад, анхны буудалласан газар байсан жижиг амьтны хүрээлэн гээчид оров. Урьд ганцхан гэж боддог байсан мэлхий төрөл төрлөөрөө, гахайнууд бас хоёр орчим төрөл, янзан бүрийн хэвлээр явагч хийгээд мэрэгч амьтад эрх чөлөөгөө боомилуулан өдөр хоногийг өнгөрөөж байхтай таарлаа. Тэр дундаас урьд нь сонсож байснаас харж байгаагүй могой гээч лусын амьтанг харж тэр бүү хэл барьсан нь хамгийн сонирхолтой байлаа.

Амьтаны хүрээлэнгийн тайлбарлагч нь өөрөө амьтануудаа өсгөдөг ба, мэргэжил нь энэ талаар юм байх. Ярьж байхдаа миний олж сонссон ба тайлбарлагч маань өөрөө онцлоод байсан нэг юм байсан нь амьтад идэшээ олох хийгээд бусдын идэш болохгүйн тулд мөн үр удмаа үлдээхийн тулд дасан зохицож ирсэн байх юм. Урт сүүлтэй нөхдүүд сүүлнийхээ тусламжтайгаар богино зайны нисэлт хийх маягаар хурдалдаг байхад, яст мэлхий нэг л дээшээ хараад уначихвал тэр чигээрээ зовон үхэж ч болох юм гэнэ.

Усанд амьдардаг яст мэлхий нь махчин байхад, усанд хүрэх боломжгүй насан туршдаа хуурай газар амьдардаг нөхөд нь өвсөн тэжээлтэн гэж байх шив. Тэгснээ яст мэлхий жирэмсэн болсон үедээ биеийн амин дэмийн хэрэгцээгээ нөхөхийн тулд мах идэх хэрэгтэй болдог ба амьтан барьж идэх чадвар заяагдаагүй бөгөөд хөгжөөгүй учир үхсэн амьтадын сэгэн дээрээс хэрэгцээгээ нөхдөг гэж байх юм. Эндээс нь эдийн засгийн ухаантай холбоод хөөрхөн томьёо гаргачихаж болмоор санагдсан. Тэгсэн хүний онцлог байдлыг хараад байхад бидний бие эрхтэний хөгжил нь чоно, баавгай шиг махчин төрхтэй лав биш гэж байсан. Тиймийн учир мах иддэг хүмүүс хоол шингээх талын асуудалтай байдаг байж болох юм гэж өөрийнхөө дүгнэлтийг эрхэм тайлбарлагч маань тавж байсан.

Тэгээд нөгөө могой харж байхад, бас л эвгүй юм байна лээ шүү. Хэвлээр явна, мөн ниль булчин. Өргөж гаргаад л мөрөн дээрээ тавиад зургаа даруулах юм. Анх хараад дотор муухайрах талруугаа болж байснаа сүүлдээ гайгүй дасаад ирсэн шүү. Арьс нь их сонин зөөлхөн байдаг юм байна лээ. Эрээн ч байна лээ цул өнгөтэй ч байна лээ.

Эдгээрийг ажиглангаа харж байхад үнэхээр хүн бид л хамгийн аймшигтай амьтан гэдгийг харсан шүү. Оюун нь хөгжөөгүй амьтадыг илээд ирэхээр уяраад дасдаг гэж байсан. Харин нохой сармагчин, мэтийн потенциаль өндөртй товаришуудыг бол зодож байж л ухаан ордог гэх юм билээ. Оюун бидэнд их зүйлийг өгнө, гагцхүү эрээн байлгах уу үгүй юу гэдэг нь биднээс л шалтгаалаад байх шиг байх юм.