Monday, March 5, 2012

Эргээд харахад сонин мөрүүд

Элсэн дээр ус тогтох мэт
Энэ ертөнцөд, үл бүтэх нь үгүй
Эцэг эхийн элбэрэлийг ч үл тоох
Энэрэлгүй аалз төрөлтөн олон

Аль түрүүн блогтоо нэг салхи оруулах гээд шинэ хуудас нээгээд хэдэн мөр биччихсэн байсан атал энд тэндэхийн юм уншсаар байгаад цагийн дараа бичиж байх шиг байна. Маргааш бас нэг улирлын анхны хичээлдээ суух гээд л, байж байхдаа яаж яваад одоо сурч байгаа "эдийн засаг" гэдэг мэргэжлээ сонгочихсоноо эргэцүүлэн сууж байлаа. Ухаан орсон цагаасаа хойш нөхөрлөсөн болоод ч тэр үү, компьютертэй холбоотой тэр тусмаа програмчилал талын мэргэжил сонгоод ирээдүйд нэг ч алдаа гардаггүй тийм л системийг зохиох мөрөөдөлтэй байсан жаал даа. Тэгэнгээ бас болвол эмч болчих гээд, даанч цус харж чаддаггүй. Мөн мөрөөдлийн маань ажил архитектур байв. Харамсалтай нь манай боловсролын системд, архитектур ч болох хүн заавал хар зургийн шалгалт өгнө гэсэн хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг шалгуур байдгаас шалтгаалан сурч чадаагүй билээ. Тэгээд харж байгаад л, МУИС-т олон улсын эдийн засгийн харилцаа гэдэг ангид орсноор одоо буй Х.Д.Анарболд бүрэлдэж эхэлсэн хэрэг. Түүнээс биш өдийд хаа нэгтээ компьютерийн компанид ажиллаад эсвэл, дээд түвшний зэрэг горилоод лабораторид сууж байх байсан биз. Уг нь бол эдийн засагч гэж мэргэжлийг бодит үр бүтээлгүй хамгийн хэрэггүй мэргэжил гэж бодож явсан нэгэн боловч нөхцөл байдлуудаасаа хамаараад өнөөдрийн би энд бичээд сууж байна.

Хэдийгээр би бүрэн утгаараа програмчин, эмч, архитектур гурвын аль нэг нь болж чадаагүй боловч агуулга нь байгаад байх шиг санагдах юм. 5 настай жаал ТҮЦ нээс бохь авахаас өгсүүлээд 80 настай буурайн тэтгэврийн зарцуулалт зэргийг урьдаас таамаглан тогтоож зөв эргэлтийг үүсгэх програмыг бичих нь эдийн засагч. Хүмүүний алтан амийг авран эмнэж домнож яваагүй байгаа боловч, ирээдүйд Грек шиг хямрал болоод төсвийн ажилтан болох эмч нар маань санхүүгээрээ өвдөж явахад нь эмчлэх нь бас л эдийн засагч. Зураг зураад л тэр нь байшин, гүүр болдог шидтэн биш боловч улсын хөгжил, компаний тэлэлтийн бүх загварыг гарган зурах нөхөд мөнхүү л эдийн засагчид юм даа. Тэгэхээр энэ мэргэжил маань "дажгүй" эд юм уу гэж онгирчихмоор байвч энэ ертөнцөд буй мэргэжлүүд бүгд л ямар нэгэн байдлаар өөр хоорондоо холбогдон эцсийн бөлөгт хэн нэгэн хүмүүний эрх ашиг, сайн сайхны төлөө л байх юм. Одоо болтол би өдийг хүртэл хийсэн сонголтууддаа сэтгэл өег явж байна. Учир нь өнгөрсөн гэх "тэндээс" л би ирсэн юм. Тэр алхаж ирсэн мөрүүд маань сонин юм шиг хэрнээ эгэл миний л алхсан мөрүүд билээ.