Thursday, September 23, 2010

Ойлголт

Манай цэнхэр нүдэн гараг дээр 6 тэрбум 300 сая орчим хүн амьдардаг гэж үздэг. Монголын тал нутагт нар эгц дээрээс төөнөж байхад Америк нөхдийн дээр сар гэрэлтэж байдаг. Өдөр шөнө ээлжлээд л... Энэ олон хүмүүс тус тусынхаа нутагт амьдарч эхлээд анхандаа босоо явдагаас өөрөөр бусад амьтнаас ялгараад байх зүйлгүй байсан гэдэг. Яван явсаар хэлтэй ч болж, бүр саран дээр хүртэл газардчихсан байгаа юм. Удахгүй Ангараг луу нисэх сураг дуулдаад л байгаа тэрнээс цааш яаж хөгжихийг хэн ч мэдэхгүй. Шинэ нээлт гарах, шинэ үйл явдал тохиолдох бүрт шинэ үгс нэмэгдэж л байдаг. Эртнээс нааш хэрэглэж ирсэн үг болгоны ард ойлголт өөр үгээр бол утга байна. Ерөнхийдөө үсгийг хараад 1-р ангиасаа хойш А,Б,В,Г... гээд үзчихсэн нөхдүүд бол энэ үсэг гэсэн ойлголттой тэгээд цаашлаад энийг холбоод уншиж болдог гэсэн ойлголттой байдаг. Тэгтэл хөдөө соёл иргэншилээс бараг тасарсан шахуу зарим нэг хүнд харуулбал юу юм гээд гайхах л байх.

Манай ардын нөгөө "Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэж оньсого хүртэл байдаг байхаа. Компьютер бол над мэтийн нөхдүүдэд бол амьдралынх нь нэг хэсэг болчихож байгаа юм. Хилийн чинадад явахдаа гэр лүүгээ нөхөд рүүгээ холбоо барьчихна, алба амины хэргээ амжуулчихна. Тэгвэл Африкийн зэрлэгжүү омгийн нөхдүүдэд бол идэж ч болохгүй, нөмрөөд явж ч болохгүй ер нь бол чулуутай ялгаагүй. Бусад хүмүүсийн үзэн яддаг, хэнд ч хэрэггүй гэж боддог хүн өөр нэг газар агаар амьсгалж яваа хүн эсвэл амьтны юугаарч солихооргүй хайрладаг хүн нь байж болдог.

Энэ бүхэн явсаар эцэстээ хүний тархинд тэр хүлээж явч байгаа оюун маань яахаас л хамаараад байх шиг. 1984 гээд зохиолыг уншиж байхад төрсөн бодол л доо. Оюун санаанаас илүү гарах зүйл байхгүй гэж. Улааныг ногоон гэж хэлээд байвал ногоон болно. Ер нь анхнаасаа хэн энэ заавал улаан байх ёстой гэчихсэн юм. Цагийн уртад, мөн орон зайнаас хамаарч ойлголт өөрчлөгдөж болоод байгаа юм даа.

Ингээд цаашаа бодоод байхаар Буддын сургаальд гардаг шиг, мөч бүхэн хувьсаж байдаг энэ ертөнцөд итгэх зүйл нэгээхэн үгүй гэдгээс өөр итгэх зүйл байхгүй ч юм шиг. Нэг талаараа шудрага нэг талаарай үнэхээрийн балай гэмээр.

Monday, September 13, 2010

Усанд хаясан чулуу

Энэ бичлэгийг бичих гээд сууж байхдаа манай ард түмний зүйр үг болох "усанд хаясан чулуу" гэнэт толгойд орж ирэв. Өөрийгөө бодсон ер нь хэдэн долоо хоног бол үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болсон байх шүү. Тэгсэн үнэхээр өнгөрсөн хэд хоногийн аль нэгэнд нь би энэ ертөнцийг орхиод явчихсан байсан бол энэ блог мөнхийн нэг сэдэвтэйгээ Гүүглийг дампууртал байх байсан байхдаа. Азаар би амьд мэнд энд суугаад бичлэгээ бичиж байна.

Ер нь бол их юм боддог болоод байгаал даа. Алхаж байгаа мөр болгоноо хэд дахин шинжилж үзчих гээд л. Саяхан далайруу оччихоод зураг даруулж байгаад цунами арай биш ч гэлээ далайн шуурганы үед хүчтэй давлагаанаас хамгаалдаг далан дээр гарч зогсож зургаа даруулж маяглаж байгаад халтираад үхэнгээ алдав. 2 см хэртэй илүү гулссан бол тэгээд өдийд хаана ч байх байсан юм. Унахдаа хөлөө цохиод харсан хавдчихсан байснаа гэнэт цус асгараад л. Хэрвээ өөр хэн нэгэнд ийм юм тохиолдсон бол би гэдэг нөхөр нээх анзааралгүй өнгөрөх байсан байхдаа. Сүртэй юм ч гэх аястай.

Заримдаа хүмүүсээс энэ ертөнц дээр амьдрах сүүлийн өдөр чинь өнөөдөр бол юу хийх вэ гэж асуулт асуухад, хайртай хүмүүстэйгээ байна, дуртай юмаа хийнэ гэх мэтээр янзан бүрээр тайлбарладаг. Иракын гудамжинд амиа золиосолж байгаа нөхдүүдийг бид алан хядагчид гэх утгаар нь харахаас биш энэ нөхдүүд яагаад өөрийн амиа золиослоод байна гэдгийг боддоггүй. Шалтгаан нь маш энгийн тэдэнд амьдрах сонирхол нь байхгүй. Саяхан юмдаа нэг өдөр оройхон ширээнийхээ ард сууж байтал гэнэт хэвлийн хэсгээр өвдөөд эхлэв. Тэгсэнээ хоёр гурав хоног оройдоо өвдөөд чаддаггаараа интернэтээр хайгаад үзтэл хорт хавдарын эхэн шат байж болох магадлалтай болчихлоо шүү. Тэгсэн чинь юу юуны духанд хүрэлгүй нэг мэдсэн муу талаас нь бодоод нилээн хол явчихаж уг нь 1 цагт унтахаар хэвтсэн ч 5 цаг болж байхад хамгийн сүүлд цаг харснаа санаж байгаа юм. Тэгэхэд л тэр амиа хорлох, золиослох янзан бүрийн бусармаг үйлдэл яагаад гардагийг ойлгож авсан гэх үү дээ. Хүн яг өөрт нь тулаад ирэхээр л ойлгодог юм байна лээ.

Энд таньдаг гурван хүний эмээ нь элэгний хорт хавдар гэдэг аймшигт өвчнөөр өвдөн эндэхийн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн юм. Анхандаа тэр элэгний хорт хавдар гэдэг хол сонсогддог байсан ч хажууд найзын маань эмээ гэхээр бас л сонин мэдрэмж. Зовж байгаа нөхрийгөө харахад бас л хэцүү шүү дээ. Тэгэхэд тэр найз охиноосоо болоод зовж байна гэх залуу нөхөд, мөн шоудах мөнгө алга гэж байгаа нөхдүүдийг бол үнэндээ ойлгомооргүй ч юм шиг.
Элдэв юм харьцангуй л байгаа юм даа.

Эдгээр бодлууд мөн дээр нь бас бус бодлууд толгойд эргэлдсээр амнаас үг гарахаа байсанд зарим нөхөр гэж бодож явсан хүмүүс ч зайгаа бариад эхлэв бололтой болохоор нь ер нь усанд хаясан чулуу шиг алга болоход долгиолох усны дээрээс хэн намайг харан зогсох бол гээд үзсэн санасныг бодоход дажгүй шүү. Сайхан хүмүүстэй учирчээ.
Итгэдэг зүйлсүүддээ талархаж байна. Хамаг амьтан амар амгалан болох болтугай.