Яг одоо үүрийн 3 цаг болох гэж байна. Фэйсбүүкийн үндсэн хэдэн функцүүд ажиллахгүй 3 долоо хоносны эцэст ямар ч гэж хэвийн байдалдаа орж би гэдэг хүн жаахан ч гэсэн баярлаад авлаа. Чухам л гэгээрчихсэн мэт амьтан сүүлийн үед үндсэн анхаарал хичээл&эмэгтэй гэдэг юман дээр төвлөрүүлээд өөрийгөө ялзарч байгааг анхаарахгүй яваад байсан бололтой. Гэхдээ энэ ялзрал сүүлийн үед үүссэн ч юм биш, бүр дунд сургуульд байх үеэс буюу нилээд хэдэн жилийн өмнөөс улбаатай байж магадгүй юм гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.
Би ялзрал гэж үзээд байгаа ч зарим хүмүүст сайн зүйл ч байж магад. Ерөөсөө нэг тийм хөнгөн хуумгай гэх юм уу даа. Дунд сургуульд байхдаа олимпиадад ордог байлаа. Нэг удаа эцэг эхийн хурал дээр манай анги даасан багш намайг "хийтэй бөх" гэж хэлж байсныг сонссон нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Яахав харилцааны гээч сургуульд сураад, гадаад дотоодоор тэнээд ирэхээр намба жаахан суугаад нухацтай боддог болсон ч нөгөө л хий нь оршин байсаар байгаа бололтой юм. Өөрийгөө нэг үгээр илэрхийл гэвэл, салхи гээд хэлчихэд оночихмоор ч юм шиг. Яахав тодорхой хэдэн зүйл дээр үнэхээр гүн суурьтай ханддаг ч ерөнхий байдлаараа би яг л салхи ч шиг тогтворгүй нэгэн бололтой.
Тооны хичээл үзэж байхдаа ч, хэлний хичээл үзэж байхдаа ч зөвхөн тухайн үед хэрэгтэйг нь л сураад хэрэглэхийг нь хэрэглэж байсан маань шалгалт зэрэгт багагүй амжилттай хэрэгждэг стратеги байсан боловч, жинхэнэ амьдрал дээр маш муу суурь болж байх шиг байна. Одоо нээх оройтоогүй байх шиг байна. Ялзрал байгаа ч арилгачихвал болох шинжтэй.
Энэ бичлэгийг уншиж байгаа та ч гэсэн оюун бодол, биеийн чинь хаа нэгтээ ялзарч буй хэсэг байх вий хэсэг тунгаагаад үзээрэй.