Wednesday, June 29, 2011

Бороотой арал дээрээс

Нэг мэдсэн аль хэдийн 11 цаг 20 минут болчихож. Уг нь өнөөдөр тал нутагруу тэнгэрийн хүлэгт суугаад нисэх байсан боловч манай төрийн өмчит компаний гайхамшигт бодлогын ачаар дэлхийн хаа нэг тийшээ зүглэн нисэх онгоцны чимээ хажууханд дуулдах зочид буудалын өрөөнд ганцаараа хэвтэж байна. Эхлээд ч яахав урьд нь байдаггүй байсан телевиз энэ тэр үзээд их л таалагдаж байсан ч, тэр адреналин нь нээх өндөр тунтай үүсээгүй бололтой одоо нэг салбайсан нөхөр сууж байна. Тэгж байгаад фэйсбүүк дээрээ "Гяндангийн мухарт цаазын гүйцэтгэлээ хүлээн суух ялтан, чимээгүйн дунд нислэгээ хүлээн хэвтэх зочид буудлын хоригдолтой адил байж болох юм." гээд биччихсэн чинь эрхэм анд Түвшөө "Яаж адил байхав... Нэгэнд нь ирээдүй байна, харин нөгөөд нь алга байна шүү дээ..." гэсэн мөрөөр амаа таглуулав.

Хийх юмаа олж ядан хүүхэд наснаас ижилдэн дассан компьютер хүртэл сонирхол татахаа байж эхлэхэд орчин тойрноо судлах санаатай гарч алхалаа. Аралын үүл шал өөр харагдах юм. Гүн харанхуйд цагаан будаг цацсан мэт учир битүүлэг хийгээд нууцлаг харагдах тэнгэрээс удалгүй бороо дусаж эхэлсэнд, шүхэргүй гарсан миний бие шалавхан буудлын зүг зүглэхдээ нутгийн Солонгосуудыг бус зочид буудлын эзэд болоод энгийн үед байдаггүй өндөр эмэгтэйчүүл хийгээд гадаад царайтай "зочид"ыг харлаа. Борооны улирал нэгэнт эхэлсэн тул зочид гадаа ч дотор ч асар чийгтэй байх бөгөөд эйр-кондишн асаачихаар тохируулгыг нь ойлгохгүйн учир даараад болохгүй унтраагаад минут ч хүрэхгүй хугацаанд халууцаад болохгүй, орон дээрээ хана налаад сууж байна. Телевизээр үзчихмээр сонирхолтой юм нэг ч алга. Техник технологийн дэвшлийг ашиглан 60км-ын цаана өрөөндөө сууж байгаа нэгэн найзтайгаа скайпдаж байгаа боловч тоглож байгаа тоглоомондоо ялагдах тоолон уурсах дуунаас өөр үгс үл сонсогдоно.

Яг үнэндээ бол энд нээх ирээдүй гэхээр юм харагдахгүй түр зуур шаварт суучихаад л байж байна. Дараагийн бичлэгтээ яагаад ийм болсон талаар судлаад бичнээ.

Thursday, June 16, 2011

Тэргүүн хийгээд Террорист

Саяхан манай гуравдагч хөрш АНУ-ын тусгай бэлтгэлтэй цэргүүдийн нухсан Осама Бин Ладен өөрийн цэргүүдээсээ бусад хүн болгоны үзэн ядалтын төв болж байлаа. Яагаад гэвэл тэр хэдэн мянган хүнийг алсан террорист аллагын гол зохион байгуулагч байсан. Тэр хүн тусгай бэлтгэлтэй тэнгисийн цэргийнхний гарт буудуулаад газарт унасаны дараа бол нэгэн цагт эхээс төрөөд буцаад газар дэлхийдээ шингэн алга болдог тэрнээс хэдхэн хормын өмнө амьд байсан биет. Гагцхүү өөрийнхөө зорилгын төлөө үйлдсэн зүйл нь түүнийг бүхэл дэлхий ертөнцөөрөө үзэн ядах сэтгэлийг төрүүлсэн. Манайд анхны удаа айлчилсан их гүрний ерөнхийлөгч ч мөн адил тийм сайн нэртэй байгаагүй. Гэхдээ энэ хоёр хүнд нэг чанар ижил буй. Бусдын юу гэж дүгнэхээс үл хамааран өөрийн зорилго, тэмүүлэлийн төлөө зүтгэсэн. Тэр зорилго тэмүүлэл нь хувийн байна уу хувьсгалын байна уу гол биш энэ хүмүүс махан биеийнхээ чадварыг оюуны хүчтэйгээ ашигласан. Яахав аль алиных нь хувьд төрөх цагаас заяасан нөлөөтэй гэр бүл л байсан байх.


Аливаа амьтай амьгүй "бүтээгдэхүүн" ямар нэг зорилго дор, ямар нэгэн шалтгааны үр болон үүсэн бий болдог. Хүний хувьд тэр зорилго нь юу гэдгийг, өөрөө ч мэдэхгүй байгаа би тодорхойлж чадахгүй юм. Магадгүй амар амгалан амьдарч, оюун ухаанаа цэнгэг байлгаж, бусдыг энэрэн нигүүлсэн байх юм болов уу гэж ойлгоод байдаг. Тэр зорилгодоо хүрэх зам нь харин хүн болгонд харилцан адилгүй бөгөөд тайван нөхцөлд торнисон хүн ерөнхийлөгч болж байхад, тааламжгүй нөхцөлд өссөн хүмүүн террорист болчихсон давхиж явна. Манай нэг профессор "зам нь замыг нээдэг" гэж хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл мухар зам гэж байхгүй гэсэн санаа. Харин бид яадаг вэ гэхээр, нэг замаар явж байгаад тэр замаа өөрийн мөнхийн явах ёстой зам мэт сэтгэж мухардалд орвол ихэнх нь бууж өгөөд дуусдаг байхад, хэсэг бүлэг нь өөр замыг хайдаг. Өчигдөр үертэй байсан зам өнөөдөр үертэй байх албагүй. Мөч бүр ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Замаа зөв хай.

Sunday, June 12, 2011

Хөлдүү бичлэг

Зун цагийн налгар өдрүүдийг
Зураг шиг сайхан хосуудын дүр чимнэ
Зөнөсөн өвгөн мэт миний дотор
Зөв буруу нь үл мэдэгдэх бодлууд эргэлдэнэ


Урьд нь шархалж үзээгүй мэт би хайрламаар байна
Урт олсон дээрээс үл хальтран дүүлэх мэт би дурлан наадмаар байна
Улиг болсон тэнэг бодлууд сэтгэлээс үл гарна
Ухна мэт мунхаг би бодлоо захирч үл чадна


Цэв хүйтэн ус цавьруу орох мэт ухаа сэргэлээ
Цэнгэгийг даран булингартуулах шороо дэндүү их юм
Цэлмэг өдрийн эхлэл болж наран гийх мэт
Цэгнүү тэнэгийн толгой ухаан орж эхэллээ

Олон хамаг амьтны тусын тулд зүтгье
Оломгүй их далай мэт ухааныг үүсгье
Огтлогдон тасарсан зүрх мэт сэтгэлийг нэгтгье
Огоорч эргүүтэхийг дуудах харанхуй бодлыг гэгээрүүлье

Wednesday, June 8, 2011

Дуусдаггүй "яагаад"уудыг уу

Дараагийн долоо хоногт хичээлийн шалгалтууд өгөгдөөд энэ улирал дууслаа гэж. Тал нутагтаа очиж дээрээс унах гэж байгаа мэт гялалзах ододыг ширтэн хэвтэх мөч дөхсөөр л. Урьд нь Монголд байхдаа тэр ододыг тийм сайхан гэдгийг Солонгосын хойг дээр амьдрах болсон цагаас хойш ухаарч байх шиг байна.
Дүрсгүйтэж байгаад хичээл сонголт дундаа "Одон орны ойлголт" гэдэг хичээл оруулчихсан аймшгийн мэргэжлийн нэр томъёог нь ханзаар биччихсэнүүдийг нь ойлгохгүй ч гэлээ өөрсдийн ямар эгдүү хүрэм жижигхэн гэдгийг сайн ойлгоод байгаа шүү. Тэгээд л яагаад энэ ертөнц үүсээд яаж яваад би энд ингээд бодоод бичээд байгаа юм бол гэсэн философийн бодолд автагдаад л.

Монголд харилцааны сургууль дээр байхад оюутны зөвлөлд доор нь ажиллаж байсан нөхдүүд сая хонхны баяраа хийж байна тэгсэн би энд хэдэн ойлголтын хичээлүүд сонсоод явж байна. Гэхдээ төрөлх бус хэлээрээ юмыг сонсоно гэдэг тархийг ч хөөрхөн чангалдаг бололтой юм. Манай сургуулийн оюутан бүр сонсох ёстой "Загалмайн шашны ойлголт" хичээлээр Есүс гэж "хүн" яаж яваад бурхан болчихов, яагаад энэ олон хүмүүс шинжлэх ухаанаар бүү хэл эрүүл ухаанаар хэлэхэд хэцүүхэн зарим нэг зүйлсүүдэд ингээд итгээд яваад байна гэдэг талаар орж байгаа юм. Ухаан орсон цагаасаа лам багш нарыг харж, Гандан хийд орж хүрд эргүүлж өссөн миний хувьд эхлээд энэ хичээл эвгүй санагдаж байлаа. Тэгсэн сонсоод байх тусам бүр их юм эргэцүүлж байна шүү. Нээрээ энэ чинь яагаад гэсэн бодол төрж эхэлж байх юм. Шашны хувьд "итгэж" явах бус шашны шавийн хувьд "амьдарч" байж гэмээнэ "жинхэнэ итгэл" байна гэсэн нэг мөр дүгнэлтэнд хүрэх шиг болсон. Бодоод эхлэхээр тогтсон үзэл бодлоос эхлээд үйл хөдлөл ч гэсэн өөрт хүртэл мэдрэгдэхээр өөрчлөгдөөд эхэлдэг бололтой юм.

За тэгээд л "гоё" эмэгтэйг хараад сэтгэлд нэг тийм баясах сэтгэл төрдөг дийлэнхи эрчүүл байхад бас өөртэйгөө ижлийг сонирхдог эрчүүл байдаг гэхээр төрөх цагаас ялгардаг гормон нь л өөр гэсэн хариулт гараад ирнэ. Тэгтэл яахаараа тэр гормон нь өөрчлөгдөөд байдаг юм.
Яагаад эмэгтэйчүүд гоё гутлын дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө заавал хардаг вэ гэх мэтчилэн арай гавалаа цоолоод гарчихгүй олон яагаад дунд бүдчин төөрсөн жижиг тархи минь байж байна. Гэхдээ бодоод байхаар нэг л тайлбар(шүтэн барилдлага) дээр буугаад байдаг болохоор Бурхан багш үнэхээр агуу сэтгэгч байжээ ч гэж нэг бодогдоод л байгаа юм.