Өөрөөсөө илүү оршихуйг хүлээн зөвшөөрч байж л өөрөө хөгжих замаа нээдэг юм шиг байна.
Солонгосын дайны үед төрсөн гарууд үндэсний хөрөнгөтөн гэж цоллогдох хүмүүсээ саяхныг хүртэл харааж зүхдэг байсан. Шалтгаан нь ерөөсөө дайн дуусаад бүгд л ижил гараанаас хөдөлж байхад хэдхэн жилийн дотор энэ луйварчид юугаараа илүү гэж их хөрөнгөтэй болов гэдэг сэтгэхгүйг нийтээрээ бараг 50 жил хаяаагүй ба 97 оны Азийн хямралаас хойш тэд ч хөгширсөн, сэтгэхүй ч өөрчлөгдсөн, нийтээрээ хөгжсөн.
Төстэй нөхцөл байдал 90 оноос хойш бидэнд үүссэн ба өмчгүй байсан нийгмийн сэргэлэн нөхдүүд түрүүлж хөдлөөд уул уурхайн шинэ давалгаанд бүр эрчээ авсан бол 30 жилийн дараа гэхэд нийгмийн дийлэнх нь тэдгээр хөрөнгөтэй хүмүүсийг үзэн яддаг хандлага гаарсан.
70, 80, 90-ээд он гэхэд л адилхан нэг сумын сургуульд сурдаг, нусгай байсан гарууд нь нийгмийн өөрчлөлт, цагийн уртад өөрөөс нь илүү явахыг харахаар атаархал, бардамнал зэрэг төрөөд өөрийнхөө сэтгэлгээг дөнгөлж орхидог шиг байгаан.
Ийнхүү сэтгэхүйгээ дөнгөлж, "мөнгөтэй бол луйварчин, том хөхтэй бол янхан" гэдэг атаархуу сэтгэлгээ л биднийг хамтдаа хөгжихөд саад болж байна гэж би хувьдаа боддог. Мөнгөтэй гэдэг бүтээгдмэл, том хөхтэй гэдэг өгөгдмөл(магадгүй бүтээгдмэл) шинж чанар өөрт байхгүй бол дотроо зовно, гаднаа хэдэрхэнэ. Хөдөлмөрч, сэргэсэн сэтгэхүйтэй, биеэ сайн торддог хүмүүс гэрэлтсээр холдоход өөрийгөө адилтган үзэж атаархан суугчын сүүдэр томорсоор алсран хоцорно.
Тэгвэл яах вэ гэж үү? Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөс илүү нөхцөлд амьдарч байгаа хүмүүс эсвэл өөрийн улсаас илүү сайхан оршиж байгаа улс орны илүүг нь хүлээн зөвшөөрөөд хамтаад хөгжих орон зайг тэдэнд гаргаж өгөх хэрэгтэй.
Аяндаа өөрийн дутуу, сул талыг анзааран засаж эхлээд алсдаа зэрэгцэн хөгжинө. Мандаж, буурч, сөргөлдөж, найрамдаад эцэстээ зэрэгцэж хөгжсөн түүх гэвэл дэлхийгээр нэг.