Thursday, December 30, 2010

Дээшээ нисэх үү, дээвэр хүртэл нисэх үү

Улиран өнгөрч буй 2010 оны сүүлтэй зэрэгцээд энэ онтой цуг орхиж буй өөрийгөө дүгнэж цэгнэж, сүүлийн үед бол нөгөө л бодлын далайдаа хөвж явах шив. Өмнөх "Зүүд" гэдэг бичлэг ч үүнээс үүдэж бичсэн байх. Эдийн засгийн янзан бүрийн юм уншиж байгаад David Romer гэж хүний нэгэн нийтлэлийг уншлаа. Ерөнхий санаа нь бол хүрэх гэсэн газартаа хүрэд зогсох уу эсвэл үргэлжлүүлээд яваад л байх уу гэж.

Санхүүгийн нэгдэлд ажилладаг зөвлөхүүд дээр жишээ авсан байгаа юм. Санхүүгийн зөвлөхүүд бол үйлчлүүлэгчийнхээ хөрөнгийг баталгаагүй зүйл дээр мөрий тавиад алдчихалгүйхэн шиг явж байвал болоо гэж байхад эсрэг талд нь үйлчлүүлэгчид бол мэдээж аль болох их л хэмжээний ашиг чухал байдаг. Нөгөө ханаж цадахыг мэдэхгүй гэдэг энэ дээр гарч ирж байгаа юм л даа. Угаасаа үүргээ гүйцэтгэчихсэн хүн илүү ажиллаж өөрийнхөө хүч чадал, оюун ухаанаа тарамдаад яахав гэх маягтай ажиллаж байгаа юм. "Wall street 2: Money never sleeps" ийг үзэж байхад Bretton James гээд нөхөрт гол дүр маань "Хүн болгонд хүрэхийг хүссэн газар байдаг, чинийх хэд юм?" гэж асуудаг санагдана. Зөв санаж байгаа бол тийм юм байхгүй гэх маягтай инээмсэглээд гардаг байхаа.

Хүний хүсэл хязгааргүй. Энэ бол араатан мэт хүмүүн бидний мөн чанар. Тийм ч байгаагүй бол амьдралыг амар болгож буй машин, онгоц, гар утас гэх бүтээгдэхүүнүүд төрөхгүй байсан биз. Түүнчлэн яруу алдарт социалисм ч үүний үр дүнд нуран унасан биз. Жилийн төлөвлөгөөгөө биелүүлж л байвал илүү гарах нь хамаагүй, учир нь илүү хийлээ гээд "Хөдөлмөрийн баатар" цолыг энгэр дээр мялаагаад явуулахаас өөр тэр хүнд унах юм байхгүй. Тэгтэл капиталист нийгэмд хэн илүү зүтгэнэ, хэн илүү сэтгэнэ тэр нөхөрт яамны дарга нараас илүү зэрэглэлийн суудлаар Давосын чуулга уулзалтанд очих боломжийг олгож байгаа юм. 

Тэнцсэн тэнцээгүй гэдэг шалгалтын системээс зүтгэлээр нь тоо гаргаад дүгнэчихдэг системтэй сургуулийн оюутнууд илүү айдастай илүү хүчин чармайлттай байдаг нь энэ чанар биз. Хүн цохиход хүртэл цохиж байгаа хүний нүүрийг бус, толгойных нь ард байгаа газрыг цохино гэж төлөвлөөд цохивол гараа л гэмтээхгүй бол өрсөлдөгчөө "Накаут" болгодог хэрэг.

Орон тооны бөглөөс болох биш хийж бүтээе гэх хүмүүс л бидний Монгол устаж алга болохгүй хөгжлийн жанжин шугаманд утгаараа орох биз.

Зүүд

Өчигдөр оройжингоо Монгол нэрийг нь мэдэхгүй ч муушиг гэдэг тоглоомоор хүйтэн байрандаа мушигсаны эцэст өнөөдөр өглөө сэрэхдээ хоолой хөндүүр болсон сэрэв. Хэсэг сууж байгаад гарч өлсөж байна гэх дохиог өгөх гээд байгаа гэдэсрүүгээ хоол хийчихээд ханиадны эм уугаад унтахаар хэвтлээ.


Сэтгэл зовоож байсан асуудлууд, болоод янзан бүрийн юмыг ёстой нэг хутгаж өгч байх шиг байна. Компьютер болоод хүний тархины хувьд нэг нь химийн урвал нөгөө нь  цахиур дээгүүр гүйх цахилгаан гүйдэл. Сүүлийн үед нөгөө аймар квант компьютер гэж яриад байгаа болохоос. Заримдаа зүүдлэхээс айх юм, заримдаа салахын аргагүй сайхан зүүднүүд. Ер нь бол сэтгэл бодлоосоо илүүгүй хүний хувьд роботны арай дээд хувилбар ч юм шиг. Үгүй ч байж магад. Хүйтэн мөсөнд гар хүрэхэд хэдийгээр гар мэдрэх ч эцсийн бөлөгт хүйтэн байна гэдэг сигналыг тархи буюу бодол санааны төвлөрөл л дүгнэж гаргадаг. Ямар ч сонин ямар ч гайхалтай юм.

Нөгөө явагдаж байгаа химийн урвалд, дулаан болоод ханиадны эмний бодисын үйлчлэл нөлөөлөв үү? ёстой муухай ч гэх юм уу тийм зүүд зүүдэллээ. Нөхцөл байдалд миний тархины бодож чадах хамгийн муу үр дүнг харуулсан тийм л сигналыг тархи боловсруулаад, унтаж байгаа би хөөрхий минь яаж мэдэхэв сэрсэн хойноо л баярлах.

Хүн төрөлхтөн туйлын туяа яагаад гардаг, дэлхий маань ямархуу бүтэцтэй гэдгийг ерөнхийд нь бусад зарчимтай зөрчилдөхгүйгээр тайлбарлаад байж чаддаг ч гэсэн өөрсдийгөө одоо болтол хэдий хэр нээсэн нь тун сонирхолтой. Наад зах нь энэ зүүд гэдгийг яг яаж үүсдгийг машин яаж хөдөлдөг шиг тайлбарлачихаж чадаагүй л байна. Харанхуй дунд гэрэл гарсаар байгаа ч, түнэр харанхуй нөмөрсөн хүний оюуны будангуйралыг хэзээ нэг бүрэн гэрэлтүүлдэг юм бол доо.

Sunday, December 19, 2010

Маргааш маргааш өглөөний нар ахиад л мандана

Манай уншлагын хичээл дээр хорт хавдар тусаад 15 жил явахдаа үнэхээр дайнд баатарлагаар тэмцсэн юм шиг амьдарсан нэгэн Солонгос зохиолчын нэг өгүүлэлдээ иш татсан киноны ишлэл.
18-р зууны Америкын иргэний дайны хор уршгаар баяны охин байсан Скарлет Охара гэргүй болж, 3 удаа нөхрөөсөө салсан ч энэ үгийг хэлээд босдог шиг байсан. Киноных нь ДВД-г татаад авчихсан байгаа ч үзээгүй л байгаа ч гоё кино шиг байна лээ.

Ерөнхийдөө энд маргааш өглөөний нар нь өнөөдөр түнэр харанхуй нөмөрсөн байсан ч өглөө, алтан нар гэрлээ түгээж байна гэсэн утгатай. Гэтэл миний хувьд сүүлийн үед тэнэг гэмээр боловч, нөгөө л үдийн алдад босч хэсэг сууж байгаад бор ходоодоо борлуулчихаад хэрэгт хэрэггүй зүйлс төхөөрсөөр өнгөрдөг явцуу, бүтээлгүй өдрүүдийн нэг болсоор байгаад халаглаж сууна. Ноён хутагтийн нэг шүлэгт, "Алтан нарыг мандах тоолон алаг зүрхнээсээ догдлон харж бай эндэгдэлгүй дэвжихийн учрал тавилангаар эрдэнэт бөмбөлөг гийгэх болно" гэж гардгийг сая л саналаа. Өнөөдөр 12 сарын 20 буюу нар жилийн жилд бараг хамгийн орой манддаг үе. Энэ үеэс л алтан нартай цуг гийдэг байх гээд үзэхээс.

Уг нь би энэ блогт цахим ертөнц дэх туршлагаасаа хуваалцаж байх зорилгоор нээж байсан ч одоо хуваалцахаасаа хүртэх нь олон болсон учир бараг зорилгодоо хүрэхгүй байх. Гэхдээ маргааш өглөөнөөс цуг гийгэх гээд үздэг хэрэгээ.