Монгол уламжлал тэр үү бүр багаас л үлгэр сонсож өсөөд, арай том болохын хамтаар хүрээлэн буй "томчуул" түүх ярьж, толгой бол өнгөрсөн цагийн үнэн, давсалсан, туйлширсан янзан бүрийн мэдээллээр бөмбөгдүүлсэн гэхэд болно. Бага байхад бол энд тэнд явж байгаад сонссон, хичээл дээр сурсан, хичээл дээр үзсэн гээд сонссон болгондоо л бараг итгэж явсан шиг байгаа юм. Тэгээд сүүлд нөгөө мэдээллүүд дээрээ тулгуурлаж мөрийцөөд багагүй тооны амттан алдсан даа.
Одоо ингээд арай ухаан орчихоод дүгнээд үзсэн, төрсний гэрчилгээн дээр байдаг өөрийнхөө төрсөн он сар өдөртөө ч итгэхгүй хэмжээнд очитлоо няхуур ханддаг болчихсон байх шиг. Яг үнэндээ бол төрөх эмнэлэгт л намайг тэгээд биччихсэн болохоос яг тухайн үеийн ой дурсамж лав надад байдаггүй юм. Байсан ч ой дурсамж нь байгаа юмыг өөрчилж болоод байгаа жишээ хэд хэд байна. Тэр тусмаа улс төрийн шинж чанартай дурсамж өөрчлөх аргууд бүр цагаандаа гарчихсан байдаг бололтой. Өнөөдөр "Христийн шашин ба орчин үеийн ойлголт" гэх сонгож авсан хичээл дээр сууж байсан профессор тэгж ярьж байна, хүний мөн чанар бол ерөнхийдөө "амьд" үлдэх. Анх энэ хичээлийг сонгочихоод, за нөгөө шашин яриад явчихгүй байлгүй гэж найдаж байсны дагуу багшын хувьд өөрөө сүмийн номлогч хүн ч гэлээ хичээлийн хувьд судлаач хүний хувиар Есүс Христ гэж чухам түүхийн хуудаснаа ямар хүн байсан талаар заадаг.
Амьд үлдэх арга сүвэгчилж байгаа дээр нь нэмээд эрх мэдэл, хөрөнгө гэсэн хоёр том хүчин зүйл нэмэгдчихвэл одоогийн энэ Ливи, Иемэн, Сири гэх мэт улсуудад болоод байгаа асуудал хамгийн наад захийн жишээ гэж байна. Гэхдээ ерөнхийдөө бол Кадафи ч гэдэг юм уу, Мубарак эсвэл бид нарт хамгийн ойрхон жишээ болоод байгаа хүмүүсийн хувьд хувь хүний муугаасаа бус ерөнхийдөө дарж чадаагүй хүний мөн чанар нь тэр бололтой юм.
Бид нарын хэрэглэдэг цаг тооны бичиг(хуанли)ийн хувьд дундад зууны үед Ромоос жилийн жилд гаргадаг байсан ба "дээр" байгаа нөхдүүд өөрсдөө суудалдаа удаан суухын тулд "автор"уудад нь эд баялаг өгч тэрхүү "дээд суудал" дээр байх хугацаагаа чадахаар сунгаж байсан байгаа юм.
Сүүлийн үед бүр багаасаа хойш л үндэсний чөлөөлөгч баатар болох Д.Сүхбаатар жанжины талаар бол янзан бүрийн яриа гараад эхэлж байна. Зарим нь бүр нээрээ тийм бол яах вэ ч гэмээр. Гэхдээ л тухайн үед юу ч болж байсан, үр дүнд нь өнөөдөр Монгол улс тусгаар тогтносон улс байж л байна. Түүхийн хуудаснаа тодорч гараагүй ч шивнээстэй үйл явдал хичнээн байдгийг хэн ч мэдэхгүй. Зарим нөхдийн хувьд өнгөрснийг өөрчилөх ирээдүйг өөрчилөхөөс амархан байх шиг байгаад байгаа юм.
Өнгөрсөнд хөтлөгдөж бус, тэртэй тэргүй очиж байгаа ирээдүйдээ хөтлөгдөж амьдарч гэмээнэ хүн болоход жаахан ч гэсэн ойртох шинжтэй.