Wednesday, April 6, 2011

Бүлэглэл

Хүн төрөлтөн ертөнцөд ганцаараа ирээд ганцаараа буцдаг ч, нийгмийн харилцаанд "ганц дайчин" амжилт олж байсан нь түүхийн бүхий л цаг хугацаанд оршин тогтнож байгаагүй. Ганц хүн бүх юмыг хийхэд, оюуны болоод материаллаг хүчин чадал мөхөсдөх учир, эрх ашгаараа бүлэг болж нэг зүйлийн төлөө тэмцдэг байсан шиг санагдаад байгаа юм. Тэр дундаа хамгийн том бүлэг улс төрийн нам шиг байгаа юм. Монгол олон намын тогтолцоонд шилжээд 20 жилийг аль хэдийнэ ардаа орхичихож. Энэ хооронд эдийн засаг, эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүд нийлж, бутарч, салж янз бүр болсоор өдийг хүрчээ.

Цаг хугацаа явахын хэрээр эдийн засаг томорч, дээр нь хэд хэдэн "стратегийн ач холбогдолтой" гэх уурхайнуудаа ашиглалтанд оруулах гэж байгаа болохоор, цаад талдаа 5 жилийн дараа гэхэд урьд яаж ч шавхаад "шилэн форд"ны үнэ гаргадаг байсан газраас асар их хэмжээний эдийн засгийн хүчийг олж авах боломжтой нь илт тодорхой болоод эхэлж байгаа юм. Эдийн засгийн асар их "потенциал" гэдэг эсрэгээрээ эрх мэдлийн суурь болж өгдөг нь илэрхий. Уг нь ардчилал үүсэхэд, үсрээд "чоно шиг" сэтгэдэг байсан хүмүүс зэрлэг капитализмаа дагаад зэрлэг харах болсон. Анхны улс төрийн аллага 1998 онд гарч байсан. Одоо цаашид байдал нилээд эвгүйрэх магадлал байна.

Энэ хүртэл эрх мэдэл, эдийн засгийн хүчтэй болсон хэсэг хүмүүсийн хувьд цаашдаа улс төрийн бүлэглэл шаардлагыг нь хангахгүй болох шинжтэй. Тиймээс далдуур ажилладаг механизм болох гэмт хэргийн бүлэглэлийн гүйцэтгэх "засаглал" системийн хувьд нарийн болж улам хүчээ авах биз. Аль эсвэл та биднийг мэдээгүй байхад аль хэдийнэ функциональ болчихсон ч байж магад. Ирээдүй гэрэлтэй байна гэдэгт итгэлтэй байгаа, гэхдээ зөв системээр явахгүй бол улс төрийн намууд шиг телевизээр байлдахгүй нь тодорхой.

No comments:

Post a Comment