Tuesday, August 23, 2011

Төсөөлөл

Хэзээнээс хойш ч юмдээ электро хөгжимд дуртай болчихсон нэгэн би одоо Монголын нэгэн авъяаслаг эмэгтэй DJ Зояа гийн бүтээсэн хэмнэлийг тархиндаа уусгаад сууж байна. Хэдэн жилийн өмнөхөө бодоход бүх л төрлийн хөгжмийг сонсох болсон ч гүнзгийрүүлэн донтож сонсдог нь Coldplay, Muse, Snow patrol, Greenday гэсэн дөрвөн хамтлаг байна. Сонирхолтой нь дөрвөөс гурав нь арлын Британых байгаа юм.

Олон улсын харилцааны хичээл дээр Английн баг байсан болсноос тэрүү яг Английн гэх юмнууд их таалагдаад байдаг юм. Хөл бөмбөг үздэггүй хэрнээ дэмжихээр бол Манюг дэмжчихнэ, гадаад бодлогын хувьд жаахан новшын юм шиг хэрнээ хамгийн тогтвортой нь төв Англи болчихно, за тэгээд англи аялагаар ярьж байгаа эмэгтэйчүүд хөөрхөн харагдаад байдаг гээд янз бүрээр л биччихэж болох юм шиг. Эрт цагаас хойш их Монгол улсын хэмжээний газар нутгийг бяраар захиран сууж байсан улс гагцхүү Их Британи л болчихоод байгаа юм. Цаана нь л нэг "престиж" нуугдаад байх шиг. Тэгсэн хэрнээ Англи хүмүүстэй нь энд тэнд уулзаад үзэхээр гадаадад гарчихсан нөхдүүд болоод тэгдэг юм уу төсөөлөл дундаас шал өөр. Жишээ ярих гэж байгаад бүр Английн реклам шиг болоод явчихлаа.

Зүгээр амьтантай харьцуулахад ялгардаг чанар нь бид "ухаантай" гэж хоёр хөл дээрээ "алхдаг" бид өөрсдийгөө дөвийлгөдөг. Тэгсэн хэрнээ анх бактер үүссэн цагаас хойш эх дэлхийд хамгийн их зовлон, аюул гамшгийг авч ирээд буй нь гагцхүү бид нар. Түүхийн цаг хугацаанд байсан тэр агуу сэтгэгчид, нөгөө огт байхгүй юмыг бодож байсан гээд байгаа Жьюл Верн гэх мэт нь яахаараа өнөөгийн энэ хямралтай нийгэм хийгээд орчинг төсөөлөөгүй гэдгийг л гайхаад байгаа юм. Хэдэн зууны тэртээ ч гэлээ дэлхийг эзэрхийлж байсан Монгол минь яагаад одоогийн бодит байдал дээр зүгээр л нэг хамжлага улсын хэмжээнд оччихов оо. Түрүүхэн дурьдсан Их Британийн гадаад бодлогын нөлөөлөл суларчихав мэтийн "мангуу" асуултуудыг бодохоор хамгийн түрүүнд "цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэх мөр толгойд бууж байна.

Уг нь бол хуулиа дагасан бол одоогийн нүүрлээд байгаа томоохон улсуудын өрийн хямрал цаашилбал дэлхий нийтийн эдийн засгийн хямрал үүсэхгүй л байсан. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт суутнуудын бүтээсэн хууль дүрэм бараг л төгс байсан хэрэг. Даанч түүнийг нь гүйцэтгэх хэн нэгний төсөөлөл дунд амьдралын аз жаргал гэхээр мөнгө эрх мэдэл болоод эд хөрөнгө болчихоороо хамаг сайхан "хуулийн төсөөлөл"ийг алчихаж байгаа юм. Ялангуяа манай орон мэтийн хөгжиж буй орнуудын хувьд нийгмийг бүрдүүлэгчийн олонхийн төсөөлөлд аз жаргалтай амьдрал гэхээр, үнэнхүү царайлаг хос нь гэртээ хүлээгээд мөнгөөр хүссэнээ хийгээд сайхан машинаар хотын дундуур давхих гэсэн байдал болчихоод байх шиг. Харамсалтай нь аз жаргалын төсөөлөл нь бодит байдалтай хэтэрхий зөрөөтэй буюу биелэхэд хэцүүхэн байгааг мартчихаад байгаад л хамаг асуудал байгаа юм. Хүмүүс мөрөөдөл гэж яриад байдаг гэхдээ миний яриад байгаа зүйл нь арай логиктой мөрөөдөл гэх юмуу. Бөндгөртөө ирээдүйгээ ямраар төсөөлж байна маягийн юм. Тайлбарлах гэхээр өсөхөөс сурсан Монгол хэл минь эвцэлдэж өгдөггүй. Төсөөлөл бол мэдээж материал эсвэл идеал ертөнцийн толгойд буусан проекц. Логиктой зөв сэтгэх нь гагцхүү тэр төсөөллөөсөө түрхэн зуур мултраад зургийг шинээр зурах болчихож байгаа юм. Энэ бичлэгийн сүүлийн мөрийг ганц асуултаар дуусгамаар байна. Таны төсөөлөлд хайр юу вэ?

No comments:

Post a Comment