Одоо л хүмүүсийн өмнө гарчихаад янзан бүрийн юм яриад явдаг болохоос би бага байхын бүрэг хүүхэд байлаа. Дунд сургууль төгстөлөө хүний өөдөөс эгцэлж хараад ярих гэхээр өвдөг салганадаг байсан юмдаг. Бага сургуулийн ангидаа анх ороод төгсөх хүртэлх дурсамж маань ахлах сургуульд сурж байсан дурсамжнаас хүчтэй байдаг учир нь юунд оршихыг үл таана.
Уржигдар өдөржин далайн эргийн хотоор тэнэж байгаад дараа өдөр нь эрт ажилтай байсан тул шөнийн автобусаар Сөүл хотыг зүглэсэн юм. Нойргүй хоносон дээрээ өдөржин гэлдэрсэн бие өөрийн эрхгүй мэдээгүй болж би зүүдний ертөнцөд тэнэж явлаа. Нэг мэдэхэд автобус зорьсон зогсоолдоо бараг хүрчихсэн байсан ба утсаа гаргаж цаг харчихаад мэйлээ шалгалаа. Харанхуй шөнөөр бол намайг дурьдсан жиргээ фэйсбүүкийн хуудсанд надад хандсан сэтгэгдэл эсвэл, зурвас л байна гэхээс өөр ямар ч имэйл ирэхсэн билээ. Тэгтэл багш руу цуг очино очино гэсээр тохироо нь бүрдээгүй манай бага ангийн даргаас зурвас иржээ. Цагийг нь харахнээ намайг автобусанд суугаад ертөнцөө тасарч байх тэр л зуур цочирдом мэдээтэй зурвас ирсэн ба бага ангийн маань найз биднийгээ орхиод амгалангийн оронд залрахаар явчихаж ээ. Одоо ч нэг л итгэж өгөхгүй байна даа. Хамгийн сүүлд гурав дөрвөн жилийн өмнө таарсан, тухайн үедээ надтай уулзаж байгаагаа ч мэдэхгүй, түүнээс хойш ч төдий л харьцаатай байгаагүй юм. Надад найз гээд хэлж чадахаар хүмүүс их цөөхөн байдаг хүн. Тэр нөхөр маань хичнээн урт хугацаанд уулзалдаагүй, намайг байдаг гэдгийг ч мартсан байсан байж магадгүй боловч найз маань байлаа. Бага сургуульд байхад надад яаж зоригтой байхыг зааж байлаа. Өвөл сургуулийн хойд хэсэгт байрны өмнө хөлдсөн газар мөсөн дээр гулгахгүй айн зогсоход айдсаа даван дийлэх талаар ахынхаа сургаалийг надад хэлээд найз баймаар байвал зоригтой байхыг сануулж байсныг бүдэг бадаг санаж байна. Тэрний дараахан ангиараа багшийгаа даган тоглолт үзчихээд буцаж ирснийхээ дараа найз болох гэж хэдэн цаг мөсөн дээр гулгаж байгаад, одоо би чиний найз мөн үү гэхэд толгойгоо дохиж билээ. Тэгэхэд намайг алга болчихож гээд манай гэрийхэн бөөн эрэл сурал болчихсон би ч амаа ангайсан амьтан л гэртээ орж байв. Тэрнээс хойш хөдөлгөөн муутай намайг хэн ч дээрлэхсэн найз маань хамгаалдаг байлаа. Өөрөө жаахан аймхай ч нөхдийхөө төлөө бол том ангийхантай ч гар зөрүүлэхээс буцахгүй тийм л сайн эр байв. Урвах жамтай ертөнцийн мөнх бусыг сануулах гэсэн мэт чи яваад өглөө найзаа. Дараа төрөлд нь найз нь нөхрийн өрөө төлнөө.
...Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
Сайхан бичжээ...
ReplyDelete