Дуусгаж амжаагүй
бичиг цааснуудын ажлаа дуусгахаар 17-р жарны шороон нохой жил “урвуулагч”
хэмээх гахай жилд шилжихээс хэдхээн хоногийн өмнөх энэ өдөр хэсэг суулаа.
Ганцаараа дэлгэц ширтээд сууж байхуйд нэгэнт харанхуй болжээ. Сонсож байгаа
дуунуудын ерөнхий хэмнэлээс шалтгаалав уу, ямар нэг шалтгаанаар миний амьдрал
энэ мөчид дуусвал гэсэн бодол хаанаас ч юм ороод ирлээ.
Сүнс минь биеэ орхин
хаа хүрэхийг төсөөлөхөөс биш баттай мэдэх юм алга. Буруу, зөвөө бурхнаар
дэнслүүлээд өвөг дээдэстэйгээ золгож, орхиод ирсэн хүмүүсээ алсаас хайрлан
ивээж суух болов уу гэсэн таамаглал байна. Таамаглал зөв байгаад, сүнсгүй
хоцорсон бие минь байгаль дэлхийд уусаж, хүмүүсийн тархинд байх царай төрх минь
аажмаар мартагдаж, утасны дугаар, унадаг машин, өмсдөг байсан хэдэн хиртэй
хувцаснууд маань эзэнгүй замхрахыг харж суух тэр мөчтэй тулгаравал би цаг
хугацааг ухрааж буцаад амилахыг л хүсэх байх.
Хүмүүсийн
томьёолдогоор хайрыг л түгээж, саяхан л үүр хаяарч байх шиг байсан нүд цавчихын
зуур нар жаргах мэт богино хугацааг будилж туулсан жим маань зурайж үлдэхдээ ард
яваа нэгэнд тус болж, утга төгөлдөр амьдраад буцахыг хүсэх байсан байх.
Энэ мэт бодлууд
зурвасхийн өнгөрөхөд би ямартай ч амьд байна. Цаг ч байх шиг байна, хүн шиг
амьдаръя даа.
No comments:
Post a Comment