Monday, September 5, 2011

Шоу бизнес хийгээд K-POP

Тал нутгаас дөнгөж ирчихээд энд байдаг нэг форумын үеийн нөхөд болоод томчуултай Сөүл хотын давчуу байдлаас түр ч атугай холдож далайн эрэг дээр байрлах амралтын газар(pension house) очиж нэг захирал нь хэрхэн юу ч үгүй хоосон газраас худалдааны эргэлт нь хэдэн тэрбум давсан компанийг босгож чадсан талаар номын дуу сонсохын зэрэгцээ Маскот гээд "нөгөө л" солонгосын шинээр гарч ирж буй охидын хамтлагийн дууг тайзан дээр тавигдахаас нь өмнө сонслоо. Эхлээд сонсоход тухайн үед бужигнаад хөөрчихсөн цустай байсан болоод тэр үү "нөгөө л" нэг дуун дээр бүжиг орчихсон юм шиг санагдаж байлаа. Маргааш нь харин сонсоод үзтэл m-NET TOP100 дотор бол бараг орчих болов уу гэмээр бүтээл байв.

Хэдхэн жилийн өмнө дуучид гэхээр агаа аниа нар санагдаад байдаг байсан чинь аль хэдийнэ надаас хэдэн нас дүү хүмүүс хэдэн сая хүний өмнө телевизээр гардаг болчихож. Хараад байхнээ, "од" болох сонирхолтой хэдэн зуун хүнээс яг ийм бүтээл туурвина гэсэн чигээ бариад л сонгоод авчихдаг бололтой. Гишүүд нь нэгээс хоёр гадаад хэлээр чөлөөтэй ярьчих нь гурван гадаад хэлээр ярьдагтаа додигор явдаг надад бас л дарамттай санагдаж байлаа шүү. Тэгээд их сургууль төгсөөгүй ч гүүшийн ажил хийгээд амьдралаа хангалттай аваад явчих эд хүмүүсийн өмнө гарч ингэж явдаг байнаа гэж бодлоо.

Надаас гарах хариулт бол, K-dream. Солонгост амьдрангаа анзаарсан нэг зүйл бол ихэнх нөхдүүдийнх амьдрал хэдэн арван жилээрээ төлөвлөгдөөд, тэр нь бүтэхэд сая л нэг хангалттай эд баялагтай нийгмийн хувьд байр сууриа олсон байдаг бололтой юм. Гэхдээ тэр хүртэл манайх шиг хахууль өгөөд эсвэл "лифт"ээр татуулаад гарчихдаггүй(мэдээ тийм юм мэр сэр байгаа л байх) ба асар их хичээл зүтгэлээр хэдэн арван шалгалтыг давж гэмээнэ хэзээ ч үлээж мэдэх салхинд хийсчилгүй нийгэмдээ үлддэг. Харин хамгийн хурднаар тийш хүрэх арга бол дуучин эсвэл жүжигчин болох. Эдийн засгийн хувьд хангалттай тэнийчихсэн ба шоу бизнес ч дагаад хөгжчихсөн. Хэдэн сая хүний утасны ая болох дуу ганцыг хийхэд л насаараа идэх хоолоо олчихож чадах талбар. Гэхдээ хараад байхнээ бүгд тэр мөнгөний хойноос яваад байхгүй байгаа ба тэдний төлөөлөл нь жинхэнэ "одууд". Мөнгө бус нийгмийн дунд хүлээх хүндлэл болоод шүтэн бишрэгчдээсээ хүртэх хайр долоо хоногийн долоон өдөр өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийж итгэлийг нь үүрсэн хүмүүстээ сайхан бүтээлээр бэлэг барих бололтой юм. Танигдаагүй ч гэсэн энэ Маскот удахгүй алдрын тавцан дээр залрах байхаа.

Tuesday, August 23, 2011

Төсөөлөл

Хэзээнээс хойш ч юмдээ электро хөгжимд дуртай болчихсон нэгэн би одоо Монголын нэгэн авъяаслаг эмэгтэй DJ Зояа гийн бүтээсэн хэмнэлийг тархиндаа уусгаад сууж байна. Хэдэн жилийн өмнөхөө бодоход бүх л төрлийн хөгжмийг сонсох болсон ч гүнзгийрүүлэн донтож сонсдог нь Coldplay, Muse, Snow patrol, Greenday гэсэн дөрвөн хамтлаг байна. Сонирхолтой нь дөрвөөс гурав нь арлын Британых байгаа юм.

Олон улсын харилцааны хичээл дээр Английн баг байсан болсноос тэрүү яг Английн гэх юмнууд их таалагдаад байдаг юм. Хөл бөмбөг үздэггүй хэрнээ дэмжихээр бол Манюг дэмжчихнэ, гадаад бодлогын хувьд жаахан новшын юм шиг хэрнээ хамгийн тогтвортой нь төв Англи болчихно, за тэгээд англи аялагаар ярьж байгаа эмэгтэйчүүд хөөрхөн харагдаад байдаг гээд янз бүрээр л биччихэж болох юм шиг. Эрт цагаас хойш их Монгол улсын хэмжээний газар нутгийг бяраар захиран сууж байсан улс гагцхүү Их Британи л болчихоод байгаа юм. Цаана нь л нэг "престиж" нуугдаад байх шиг. Тэгсэн хэрнээ Англи хүмүүстэй нь энд тэнд уулзаад үзэхээр гадаадад гарчихсан нөхдүүд болоод тэгдэг юм уу төсөөлөл дундаас шал өөр. Жишээ ярих гэж байгаад бүр Английн реклам шиг болоод явчихлаа.

Зүгээр амьтантай харьцуулахад ялгардаг чанар нь бид "ухаантай" гэж хоёр хөл дээрээ "алхдаг" бид өөрсдийгөө дөвийлгөдөг. Тэгсэн хэрнээ анх бактер үүссэн цагаас хойш эх дэлхийд хамгийн их зовлон, аюул гамшгийг авч ирээд буй нь гагцхүү бид нар. Түүхийн цаг хугацаанд байсан тэр агуу сэтгэгчид, нөгөө огт байхгүй юмыг бодож байсан гээд байгаа Жьюл Верн гэх мэт нь яахаараа өнөөгийн энэ хямралтай нийгэм хийгээд орчинг төсөөлөөгүй гэдгийг л гайхаад байгаа юм. Хэдэн зууны тэртээ ч гэлээ дэлхийг эзэрхийлж байсан Монгол минь яагаад одоогийн бодит байдал дээр зүгээр л нэг хамжлага улсын хэмжээнд оччихов оо. Түрүүхэн дурьдсан Их Британийн гадаад бодлогын нөлөөлөл суларчихав мэтийн "мангуу" асуултуудыг бодохоор хамгийн түрүүнд "цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэх мөр толгойд бууж байна.

Уг нь бол хуулиа дагасан бол одоогийн нүүрлээд байгаа томоохон улсуудын өрийн хямрал цаашилбал дэлхий нийтийн эдийн засгийн хямрал үүсэхгүй л байсан. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт суутнуудын бүтээсэн хууль дүрэм бараг л төгс байсан хэрэг. Даанч түүнийг нь гүйцэтгэх хэн нэгний төсөөлөл дунд амьдралын аз жаргал гэхээр мөнгө эрх мэдэл болоод эд хөрөнгө болчихоороо хамаг сайхан "хуулийн төсөөлөл"ийг алчихаж байгаа юм. Ялангуяа манай орон мэтийн хөгжиж буй орнуудын хувьд нийгмийг бүрдүүлэгчийн олонхийн төсөөлөлд аз жаргалтай амьдрал гэхээр, үнэнхүү царайлаг хос нь гэртээ хүлээгээд мөнгөөр хүссэнээ хийгээд сайхан машинаар хотын дундуур давхих гэсэн байдал болчихоод байх шиг. Харамсалтай нь аз жаргалын төсөөлөл нь бодит байдалтай хэтэрхий зөрөөтэй буюу биелэхэд хэцүүхэн байгааг мартчихаад байгаад л хамаг асуудал байгаа юм. Хүмүүс мөрөөдөл гэж яриад байдаг гэхдээ миний яриад байгаа зүйл нь арай логиктой мөрөөдөл гэх юмуу. Бөндгөртөө ирээдүйгээ ямраар төсөөлж байна маягийн юм. Тайлбарлах гэхээр өсөхөөс сурсан Монгол хэл минь эвцэлдэж өгдөггүй. Төсөөлөл бол мэдээж материал эсвэл идеал ертөнцийн толгойд буусан проекц. Логиктой зөв сэтгэх нь гагцхүү тэр төсөөллөөсөө түрхэн зуур мултраад зургийг шинээр зурах болчихож байгаа юм. Энэ бичлэгийн сүүлийн мөрийг ганц асуултаар дуусгамаар байна. Таны төсөөлөлд хайр юу вэ?

Friday, July 1, 2011

Бороотой аялалын бичлэг

Яг одоо арлын улсын орон нутгийн цагаар өдрийн нэг цаг гучин зургаан минут болж байна. 4 цагийн өмнө Инчоны нисэх буудлаас 335 хүний суудалтай онгоцны дийлэнхи болсон ах дүү нарынхаа хамтаар Осака хотын нисэх онгоцны буудалруу зүглэлээ. Шөнө нь сайн унтаагүйг хэлэх үү, хичнээн ядраад унтмаар байсан болов 10000 метрийн өндөрт цагт 1000 орчим километрийн хурдтай давхиж байснаас чих дүнгэнэх ба нислэгийн цаг ч богино учир тухтай амрах цаг олдолгүй тал нутагруу нисэх онгоцонд суугаад сайхан амарч авах санаатай байтал 12 цаг 20 минутад нисэх ёстой байсан онгоц маань бороон дунд зогссоор л байна.

Хүлээлгийн танхим ганцхан цуг нэгтнүүд маань бус Монголруу ажлаар явж буй Солонгосууд болоод аялалаар яваа Японууд харагдана. Дэлхийд эдийн засгаараа 3-т ордог улс гэхэд энэ нисэх буудал дээрээс интернэтэд орно гэдэг жаахан хэцүү ажил юм. Яг одоо өвөр дээрээ компьютер тавьчихаад газар дээр сууж байна.

Энэ хүртэл яаж ирсэн аялалын түүх тун сонин. Уг нь бол 6 сарын 29 ны өдөр буюу уржигдар Инчон хотоос тал нутагруугаа нисэх байсан боловч, манай төрийн өмчит авиа компаний "гайхамшигт" бодлого хийгээд менежментийн үр дүнд 3 цаг нисээд орчихдог газарлуу одоо болтол очоогүй харин ч эсрэг зүг нисэж ирчихээд байж байна. Яахав бүр хүмүүсээ хаясангүй, хаа байсан Японоор дамжуулаад авч байгаа ч заавал ингэх хэрэг байсан эсэх дээр эргэлзэж байна. Ямар ч бизнесийн байгууллага өөрсдийгөө алдагдалд оруулан байж "ийм" шийдвэр гаргана гэхээр аргагүй л "Moral hazard" гээч юм нэвт үнэртэж байна. Эндэх МИАТ компаний төлөөлөгч настайвтар ах байна. Ийш тийш л гүйгээд байна. Бичээд сууж байсан Японоор "...онгоцондоо суу..." гээд л зарлаж байх шиг байна. Босохоос.

Wednesday, June 29, 2011

Бороотой арал дээрээс

Нэг мэдсэн аль хэдийн 11 цаг 20 минут болчихож. Уг нь өнөөдөр тал нутагруу тэнгэрийн хүлэгт суугаад нисэх байсан боловч манай төрийн өмчит компаний гайхамшигт бодлогын ачаар дэлхийн хаа нэг тийшээ зүглэн нисэх онгоцны чимээ хажууханд дуулдах зочид буудалын өрөөнд ганцаараа хэвтэж байна. Эхлээд ч яахав урьд нь байдаггүй байсан телевиз энэ тэр үзээд их л таалагдаж байсан ч, тэр адреналин нь нээх өндөр тунтай үүсээгүй бололтой одоо нэг салбайсан нөхөр сууж байна. Тэгж байгаад фэйсбүүк дээрээ "Гяндангийн мухарт цаазын гүйцэтгэлээ хүлээн суух ялтан, чимээгүйн дунд нислэгээ хүлээн хэвтэх зочид буудлын хоригдолтой адил байж болох юм." гээд биччихсэн чинь эрхэм анд Түвшөө "Яаж адил байхав... Нэгэнд нь ирээдүй байна, харин нөгөөд нь алга байна шүү дээ..." гэсэн мөрөөр амаа таглуулав.

Хийх юмаа олж ядан хүүхэд наснаас ижилдэн дассан компьютер хүртэл сонирхол татахаа байж эхлэхэд орчин тойрноо судлах санаатай гарч алхалаа. Аралын үүл шал өөр харагдах юм. Гүн харанхуйд цагаан будаг цацсан мэт учир битүүлэг хийгээд нууцлаг харагдах тэнгэрээс удалгүй бороо дусаж эхэлсэнд, шүхэргүй гарсан миний бие шалавхан буудлын зүг зүглэхдээ нутгийн Солонгосуудыг бус зочид буудлын эзэд болоод энгийн үед байдаггүй өндөр эмэгтэйчүүл хийгээд гадаад царайтай "зочид"ыг харлаа. Борооны улирал нэгэнт эхэлсэн тул зочид гадаа ч дотор ч асар чийгтэй байх бөгөөд эйр-кондишн асаачихаар тохируулгыг нь ойлгохгүйн учир даараад болохгүй унтраагаад минут ч хүрэхгүй хугацаанд халууцаад болохгүй, орон дээрээ хана налаад сууж байна. Телевизээр үзчихмээр сонирхолтой юм нэг ч алга. Техник технологийн дэвшлийг ашиглан 60км-ын цаана өрөөндөө сууж байгаа нэгэн найзтайгаа скайпдаж байгаа боловч тоглож байгаа тоглоомондоо ялагдах тоолон уурсах дуунаас өөр үгс үл сонсогдоно.

Яг үнэндээ бол энд нээх ирээдүй гэхээр юм харагдахгүй түр зуур шаварт суучихаад л байж байна. Дараагийн бичлэгтээ яагаад ийм болсон талаар судлаад бичнээ.

Thursday, June 16, 2011

Тэргүүн хийгээд Террорист

Саяхан манай гуравдагч хөрш АНУ-ын тусгай бэлтгэлтэй цэргүүдийн нухсан Осама Бин Ладен өөрийн цэргүүдээсээ бусад хүн болгоны үзэн ядалтын төв болж байлаа. Яагаад гэвэл тэр хэдэн мянган хүнийг алсан террорист аллагын гол зохион байгуулагч байсан. Тэр хүн тусгай бэлтгэлтэй тэнгисийн цэргийнхний гарт буудуулаад газарт унасаны дараа бол нэгэн цагт эхээс төрөөд буцаад газар дэлхийдээ шингэн алга болдог тэрнээс хэдхэн хормын өмнө амьд байсан биет. Гагцхүү өөрийнхөө зорилгын төлөө үйлдсэн зүйл нь түүнийг бүхэл дэлхий ертөнцөөрөө үзэн ядах сэтгэлийг төрүүлсэн. Манайд анхны удаа айлчилсан их гүрний ерөнхийлөгч ч мөн адил тийм сайн нэртэй байгаагүй. Гэхдээ энэ хоёр хүнд нэг чанар ижил буй. Бусдын юу гэж дүгнэхээс үл хамааран өөрийн зорилго, тэмүүлэлийн төлөө зүтгэсэн. Тэр зорилго тэмүүлэл нь хувийн байна уу хувьсгалын байна уу гол биш энэ хүмүүс махан биеийнхээ чадварыг оюуны хүчтэйгээ ашигласан. Яахав аль алиных нь хувьд төрөх цагаас заяасан нөлөөтэй гэр бүл л байсан байх.


Аливаа амьтай амьгүй "бүтээгдэхүүн" ямар нэг зорилго дор, ямар нэгэн шалтгааны үр болон үүсэн бий болдог. Хүний хувьд тэр зорилго нь юу гэдгийг, өөрөө ч мэдэхгүй байгаа би тодорхойлж чадахгүй юм. Магадгүй амар амгалан амьдарч, оюун ухаанаа цэнгэг байлгаж, бусдыг энэрэн нигүүлсэн байх юм болов уу гэж ойлгоод байдаг. Тэр зорилгодоо хүрэх зам нь харин хүн болгонд харилцан адилгүй бөгөөд тайван нөхцөлд торнисон хүн ерөнхийлөгч болж байхад, тааламжгүй нөхцөлд өссөн хүмүүн террорист болчихсон давхиж явна. Манай нэг профессор "зам нь замыг нээдэг" гэж хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл мухар зам гэж байхгүй гэсэн санаа. Харин бид яадаг вэ гэхээр, нэг замаар явж байгаад тэр замаа өөрийн мөнхийн явах ёстой зам мэт сэтгэж мухардалд орвол ихэнх нь бууж өгөөд дуусдаг байхад, хэсэг бүлэг нь өөр замыг хайдаг. Өчигдөр үертэй байсан зам өнөөдөр үертэй байх албагүй. Мөч бүр ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Замаа зөв хай.

Sunday, June 12, 2011

Хөлдүү бичлэг

Зун цагийн налгар өдрүүдийг
Зураг шиг сайхан хосуудын дүр чимнэ
Зөнөсөн өвгөн мэт миний дотор
Зөв буруу нь үл мэдэгдэх бодлууд эргэлдэнэ


Урьд нь шархалж үзээгүй мэт би хайрламаар байна
Урт олсон дээрээс үл хальтран дүүлэх мэт би дурлан наадмаар байна
Улиг болсон тэнэг бодлууд сэтгэлээс үл гарна
Ухна мэт мунхаг би бодлоо захирч үл чадна


Цэв хүйтэн ус цавьруу орох мэт ухаа сэргэлээ
Цэнгэгийг даран булингартуулах шороо дэндүү их юм
Цэлмэг өдрийн эхлэл болж наран гийх мэт
Цэгнүү тэнэгийн толгой ухаан орж эхэллээ

Олон хамаг амьтны тусын тулд зүтгье
Оломгүй их далай мэт ухааныг үүсгье
Огтлогдон тасарсан зүрх мэт сэтгэлийг нэгтгье
Огоорч эргүүтэхийг дуудах харанхуй бодлыг гэгээрүүлье

Wednesday, June 8, 2011

Дуусдаггүй "яагаад"уудыг уу

Дараагийн долоо хоногт хичээлийн шалгалтууд өгөгдөөд энэ улирал дууслаа гэж. Тал нутагтаа очиж дээрээс унах гэж байгаа мэт гялалзах ододыг ширтэн хэвтэх мөч дөхсөөр л. Урьд нь Монголд байхдаа тэр ододыг тийм сайхан гэдгийг Солонгосын хойг дээр амьдрах болсон цагаас хойш ухаарч байх шиг байна.
Дүрсгүйтэж байгаад хичээл сонголт дундаа "Одон орны ойлголт" гэдэг хичээл оруулчихсан аймшгийн мэргэжлийн нэр томъёог нь ханзаар биччихсэнүүдийг нь ойлгохгүй ч гэлээ өөрсдийн ямар эгдүү хүрэм жижигхэн гэдгийг сайн ойлгоод байгаа шүү. Тэгээд л яагаад энэ ертөнц үүсээд яаж яваад би энд ингээд бодоод бичээд байгаа юм бол гэсэн философийн бодолд автагдаад л.

Монголд харилцааны сургууль дээр байхад оюутны зөвлөлд доор нь ажиллаж байсан нөхдүүд сая хонхны баяраа хийж байна тэгсэн би энд хэдэн ойлголтын хичээлүүд сонсоод явж байна. Гэхдээ төрөлх бус хэлээрээ юмыг сонсоно гэдэг тархийг ч хөөрхөн чангалдаг бололтой юм. Манай сургуулийн оюутан бүр сонсох ёстой "Загалмайн шашны ойлголт" хичээлээр Есүс гэж "хүн" яаж яваад бурхан болчихов, яагаад энэ олон хүмүүс шинжлэх ухаанаар бүү хэл эрүүл ухаанаар хэлэхэд хэцүүхэн зарим нэг зүйлсүүдэд ингээд итгээд яваад байна гэдэг талаар орж байгаа юм. Ухаан орсон цагаасаа лам багш нарыг харж, Гандан хийд орж хүрд эргүүлж өссөн миний хувьд эхлээд энэ хичээл эвгүй санагдаж байлаа. Тэгсэн сонсоод байх тусам бүр их юм эргэцүүлж байна шүү. Нээрээ энэ чинь яагаад гэсэн бодол төрж эхэлж байх юм. Шашны хувьд "итгэж" явах бус шашны шавийн хувьд "амьдарч" байж гэмээнэ "жинхэнэ итгэл" байна гэсэн нэг мөр дүгнэлтэнд хүрэх шиг болсон. Бодоод эхлэхээр тогтсон үзэл бодлоос эхлээд үйл хөдлөл ч гэсэн өөрт хүртэл мэдрэгдэхээр өөрчлөгдөөд эхэлдэг бололтой юм.

За тэгээд л "гоё" эмэгтэйг хараад сэтгэлд нэг тийм баясах сэтгэл төрдөг дийлэнхи эрчүүл байхад бас өөртэйгөө ижлийг сонирхдог эрчүүл байдаг гэхээр төрөх цагаас ялгардаг гормон нь л өөр гэсэн хариулт гараад ирнэ. Тэгтэл яахаараа тэр гормон нь өөрчлөгдөөд байдаг юм.
Яагаад эмэгтэйчүүд гоё гутлын дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө заавал хардаг вэ гэх мэтчилэн арай гавалаа цоолоод гарчихгүй олон яагаад дунд бүдчин төөрсөн жижиг тархи минь байж байна. Гэхдээ бодоод байхаар нэг л тайлбар(шүтэн барилдлага) дээр буугаад байдаг болохоор Бурхан багш үнэхээр агуу сэтгэгч байжээ ч гэж нэг бодогдоод л байгаа юм.