Saturday, January 28, 2012

Live your life

Сая гадаа гараад яг байрны өмнө байрлах теннисны талбай дээр хүмүүс газрын теннисны бөмбөгөөр наадах байхыг харан ганцаараа сууж байв. Өнгөрсөн улиралд сонирхолынхоо дагуу одон орны хичээлд сууж байснаа саналаа. Хэдэн жилийн өмнөөс сонсоод л байсан их тэсрэлтийн онол гэж юу болох, орчлон ертөнц хичнээн тааварлашгүй аврага том, хүмүүний оюун хэр хэмжээнд хязгаарлагдмал болохыг тэгэхэд л анзаарч билээ. Өчигдөр л олон нийтийн хүлээр зөвшөөрч байсан онол өнөөдөр бидний хэрэглэдэг өнцгийн системээр зуун наян градус буюу эсрэгээрээ эргэчихсэн байх боломжтой эд. Баахан үзэл сурталуудтай. Байнга л шинийг эрэлхийлж байдаг нөхөд байхад, маш хатуу хөшингө тогтсон үзэлтэй нөхдүүд байна. Бодоод байхаар хичнээн ч их судлагдах ухагдахуунууд байдаг юм дээ. Химийн нөхдүүд хүний биед ороод яах урвадгийг судалж байхад биологийн суутнууд тэр нь яг ямар нөлөө үзүүлээд байгааг судлах. Бүх шинжлэх ухааны хатан хаан болох тооны ухаан тэрийг нь загварчилж байх шиг.

Ухагдахууныг хичнээн гүн малтана тэр хэрээр бусад малтагч нартайгаа холбогдоод нэгэн цогц зүйлрүү л тэмүүлээд байх шиг. Гэхдээ тэр зүйл нь ганц байна уу гэдэг чухал. Гаргалгааны үнэ цэнэ гэдэг гагцхүү эндээс л гарч ирж байх шиг. Миний сурч боловсроод байгаа Солонгос гэхэд хүнд үйлдвэрийн үеэ даваад одоо нарийн үйлдвэрлэл дээрээ явж байна. АНУ, Японы жишгийг дагавал цаашид технологио хөгжүүлэх ч гэлээ, санхүүгийн зах зээлрүү л орох болов уу. Хааш нь үл мэдэгдэх энэхүү аялал нь улсын хувьд ард түмэндээ тайван хангалуун амьдралыг олгох, улсыг удирдан залж байгаа хүмүүс нь дараагийн сонгуульдаа гарч ирэхэд хамгийн ихээр анхаар нэг ёсондоо тэнд л үнэ цэнэ нь хадгалагдаж байх шиг. Сонин ч юм. Бодоод байхаар нэг тийм бичвэл дэндүү нуршуу аталаа хүн болгоны анзаараад байдаггүй юм бичих ч юм шиг. Бүр тайлбарлаж чадахгүй ч юм шиг тийм л нэгэн бодолд хүрээд байх юм. Бурхан багшийн айлдаж бидний орчуулдаг "Хоосон" гэх ойлголт яг энэ үгээрээ буух уу гэдэг сонин л байна. Бурхан багшийн яг айлдаж байсныг нь сонсож үзэх юмсан. Агуу гүн ухаантнуудын бодлыг яг амнаас нь биений илэрхийлэлтэй нь сонсох юмсан.

Эцсийн үр дүндээ ганцхан би бус нийтээрээ яах гэж энд байгаа вэ гэсэн асуулт нь болчих юм. Цаашлуулаад бодоод байхаар нэг л их хязгааргүй цэгээс тэсэрсэн юм бол яагаад ганцхан бидний энэ "үе" үүснэ гэж. Өөр хязгааргүй олон үеэс үүсэх бус уу гэсэн бодол ч төрөх юм. Харь гаргийн нөхөд. Ид шид энэ бүхэн боломжтой юу?
Нэр нь үл санагдах нэгэн одон оронч, "Байгаа гэдэг нотолгоо байхгүй нь, байхгүй гэсэн үг биш" гэж айлдаж байсан юм билээ. Өнөөдөр та бидний тэмүүлэхийг зорьж буй ч бусдын ноттойгоор үгүйсгэж буй зүйл маргааш биелэгдэхгүй гэх газаргүй. Гагцхүү итгэл үнэмшил л чухал. Тэмүүлээд байгаарай...

Tuesday, January 17, 2012

Шөнийн аядууханаас өглөөний цэвдүүхэн

Яг юу ч бичих гээд энэ гарчигийг өгчихөв бүү мэд. Өчигдөр шөнө гуулин улсын нийслэл хотод жаахан жавартай юм шиг хэрнээ салхи тогтуун, агаар аядуухан байлаа. Шөнө өдөр солигдоод удаагүй байгаагаас ч тэр үү одоогоор алтан нарны гэрэл гялалзах мөч өглөөний долоон цаг орчимд хэмжигдэж байна. Намайг ямар ч бүтээлгүй сууж байхад, дэлхийн нөгөө өнцөгт, яахав ойртуулбал Энэтхэг ч юмуу Колумбид хүн энэ мөчийн түүхийг бичилцэн суугаа биз.

Бодолд автсан толгой сайн нойрсдоггүй өглөө нилээн эрт дурлалт бүсгүйнхээ байран дээр ирчихээд хүлээгээд сууж байна. Өнөөдөр өнгөрчихвөл нэг сайхан унтаад өгөх байх.


Итгэл сарнисан зүрхний хайр
Илч үгүй түлээний мод


Ямар ч нийгмийн харилцаанд орсон итгэл гэдэг нэгэн асар чухал юм байх. Генерал байлдагч, эмч өвчтөн, эр эм гээд ямар ч харилцаа итгэл гээч зүйл үгүйгээр урагшаа нэг ч ахицтай үл урагшилах. Тэр тусмаа зүрхний яам хариуцан ажилладаг асуудлуудад энэ зүйл хамгаас чухал. Харамсалтай нь зорилготой зорилгогүй, зарим тохиолдолд буруугаар ойлгогдсоноос итгэл гэдэг зүйлийг хумхийн тоос шиг үлээгээд хаячихаж байгаа юм. Зорилготой зорилгогүйг учрыг нь олж хужрыг нь тунгааж болдог байхад нэг буруу ойлголтоор нийт ертөнцийг сүйрүүлээд хаячих боломжтой. Эндээс ойлголт гэж нэг ухагдахуун гарч ирнэ. Хүн ер нь юу хүснэ түүнийгээ мэдэрч чаддаг амьтан.

Юу болж байгааг тодорхой мэдэлгүй шөнийн түнэр харанхуйд аядуу зөөлөн нялуурч байснаас бүх юмыг өглөөний наранд харж байгаа юм шиг тов тодорхой харж гэмээнэ хичнээн өвлийн цан дундуур харсан нь оюунт хүний хувьд хамгаас тааламжтай. Зөгнөлт мөрдөгч Шерлок Холмесоос сурах юм энэ. Ямар ч юмыг бүрэн мэдээлэл дээр үндэслэлгүйгээр аа тэр идчихэж, энэ хумсалчихаж гэх нь хамаг хэргийг бусниулаад хаячих нягууртай.

Тэгэхээр бүгдээрээ ямар ч хэрэг байсан бүхий л шалтгааныг тодруулаагүй цагт яаран дүгнэлт гаргаж зарим тохиолдолд "хариу арга хэмжээ"(counter strike) хэрэгжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Нэг ёсондоо уужуу Монгол зан гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Ингэж байж Кэннэди ерөнхийлөгч дэлхийг цөмийн дайнаас хамгаалж байсан түүхтэй.

Sunday, January 8, 2012

Тэмүүлэл

Тэсгэм өвлийн салхи хацар хага ташина
Тэмүүлэлдээ хөтлөгдөх би хөнгөн хатирсаар



Аль хэдийнэ нөгөө кинон дээр гараад байсан 2012 он хүрээд ирчихэж. Энэ болтол ч аяа олон юм хийнэ гээд бодож байсан санагдаад байгаа юм бүтээсэн нь хэд юм бол доо. Нийгмийн амьдралд хутгалдаад ирэхийн хамаар сурах зүйлүүд байх ч, хүн төрөлхтөн яагаад заримдаа энгийн зүйлийг дэндүү ярвигтай болгодог юм болоо ч гэж гайхах зүйлс гарах юм.
Энэ бичлэгт мөрөөдөл биш зорилго биш тэмүүлэл гээчийн талаар ярих гэж байна. Мөрөөдөл гэчихээр арай холдоод, зорилго гэчихээр арай "хатуу" сонсогдоод тэмүүлэл гэхээр л чихний аясаар зөөлөн сонсогдоод байгаа хэрэг.

Солонгост сурна гээд явахад ихэнх танилууд маань дэмжиж байсан ч, зарим нь тэр олон монгол байдаг газар очиж сураад яах юм бэ гүрийж байгаад баруун луу яв гэж байлаа. Ирсэн хойно, зүтгэж байгаад хүмүүсийн хамгийн сайн гэгдэх Сөүлийн их сургууль руу орооч гэв. Оюутны холбоонд орж байхад, ажил олж хийгээчээ орлогогүй нэр хүндгүй тэрүүгээр яадаг юм гэх найзууд байв. Найз охинтойгоо ирээдүйд цуг амьдарна гэхэд, гучин нас ч хүрээгүй байж ганц хүн гээд тэнэг юм Монголдоо очоод чи шилээд авна мулгуу минь гэх "хүмүүс" байв.
Даанч миний тэмүүлэл өөр байсан юм. Одоо сурч байгаа сургуульдаа орж 100 гаруй жилийн түүхтэй хотхонд дулаахан уур амьсгалд таатай суралцаад үсээ буурал болтол заасан багш нараар заалгах нь миний баклаварт суралцах тэмүүлэл байв. Тархай нь илт мэдрэгдэх элэг нэгт Монгол оюуны үйлстэнүүдээ илүү нэгдэлтэй болгож Монгол гэх нэрний нэр хүндийг өсгөх нь мөнгөний төлөө ажиллахаас илүү санагдсаных. Хайрлан буй найз бүсгүйгээ эмгээн гэж дуудах хүртэлээ цаг хугацааны түүхийг бүтээх нь миний зүрхний тэмүүлэл дээр одоо байгаа миний оршихуй байгаа.

Бодит байдалтайгаа зохицож, ямар ч түлхэлт шахалтгүй байхад өөрөө зүтгээд байвал тэр л тэмүүлэл шиг. Нэг ёсондоо сэтгэлээрээ хийдэг ч гэх юм уу даа. Яг л нэг зүйлийг хийж байхад эсвэл нэгэн зүгрүү явж байхад бүхий л зүрхээрээ зүдэрснийг үл мэдрэн зүтгэх нь тэмүүлэл буйн шинж. Тэмүүлэл хийгээд түүндээ хүрэх арга замаасаа хамаараад тэр хүний хэн болох нь ерөнхийдөө танигдана шүү. Архинд тэмүүлээд байвал за тэгээд ер нь архичин. Эрх мэдэлд тэмүүлбэл жанжин шугамаараа улс төрч. Харин зарим хүмүүс юугаа ч мэдэхгүй мөнгөний төлөө зүтгэж байхад, архидахын төлөө зүтгэдэг нь, цуглуулсан хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээх гэсэн нь байна. Зургийг бүтнээр нь харж байх хэрэгтэй. Улсын төлөө эсвэл ургийн төлөө эрх мэдэлд тэмүүлж байна уу, уухын төлөө эсвэл умбахын төлөө усанд зүтгэж байна уу гэдгийг.

Сайн үйлс тань бадарч
Сэтгэлийн тэмүүлэл тань гүйцэх болтугай