Tuesday, January 17, 2012

Шөнийн аядууханаас өглөөний цэвдүүхэн

Яг юу ч бичих гээд энэ гарчигийг өгчихөв бүү мэд. Өчигдөр шөнө гуулин улсын нийслэл хотод жаахан жавартай юм шиг хэрнээ салхи тогтуун, агаар аядуухан байлаа. Шөнө өдөр солигдоод удаагүй байгаагаас ч тэр үү одоогоор алтан нарны гэрэл гялалзах мөч өглөөний долоон цаг орчимд хэмжигдэж байна. Намайг ямар ч бүтээлгүй сууж байхад, дэлхийн нөгөө өнцөгт, яахав ойртуулбал Энэтхэг ч юмуу Колумбид хүн энэ мөчийн түүхийг бичилцэн суугаа биз.

Бодолд автсан толгой сайн нойрсдоггүй өглөө нилээн эрт дурлалт бүсгүйнхээ байран дээр ирчихээд хүлээгээд сууж байна. Өнөөдөр өнгөрчихвөл нэг сайхан унтаад өгөх байх.


Итгэл сарнисан зүрхний хайр
Илч үгүй түлээний мод


Ямар ч нийгмийн харилцаанд орсон итгэл гэдэг нэгэн асар чухал юм байх. Генерал байлдагч, эмч өвчтөн, эр эм гээд ямар ч харилцаа итгэл гээч зүйл үгүйгээр урагшаа нэг ч ахицтай үл урагшилах. Тэр тусмаа зүрхний яам хариуцан ажилладаг асуудлуудад энэ зүйл хамгаас чухал. Харамсалтай нь зорилготой зорилгогүй, зарим тохиолдолд буруугаар ойлгогдсоноос итгэл гэдэг зүйлийг хумхийн тоос шиг үлээгээд хаячихаж байгаа юм. Зорилготой зорилгогүйг учрыг нь олж хужрыг нь тунгааж болдог байхад нэг буруу ойлголтоор нийт ертөнцийг сүйрүүлээд хаячих боломжтой. Эндээс ойлголт гэж нэг ухагдахуун гарч ирнэ. Хүн ер нь юу хүснэ түүнийгээ мэдэрч чаддаг амьтан.

Юу болж байгааг тодорхой мэдэлгүй шөнийн түнэр харанхуйд аядуу зөөлөн нялуурч байснаас бүх юмыг өглөөний наранд харж байгаа юм шиг тов тодорхой харж гэмээнэ хичнээн өвлийн цан дундуур харсан нь оюунт хүний хувьд хамгаас тааламжтай. Зөгнөлт мөрдөгч Шерлок Холмесоос сурах юм энэ. Ямар ч юмыг бүрэн мэдээлэл дээр үндэслэлгүйгээр аа тэр идчихэж, энэ хумсалчихаж гэх нь хамаг хэргийг бусниулаад хаячих нягууртай.

Тэгэхээр бүгдээрээ ямар ч хэрэг байсан бүхий л шалтгааныг тодруулаагүй цагт яаран дүгнэлт гаргаж зарим тохиолдолд "хариу арга хэмжээ"(counter strike) хэрэгжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Нэг ёсондоо уужуу Монгол зан гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Ингэж байж Кэннэди ерөнхийлөгч дэлхийг цөмийн дайнаас хамгаалж байсан түүхтэй.

No comments:

Post a Comment