Tuesday, April 17, 2012

Хаврын салхи

Хавар болоод солонгосын хойг дээр аль хэдийнэ газар газар цэцэг дэлгэрээд эхэлчихэж. Энэ хүртэл цаг нисэж ирээд, эсвэл нэг тийм унтуулдаг тариа хийлгээд сэрж байгаа юм шиг өнөөдөр гадаа автобусаар явж байгаад л анзаарлаа. Нэг мэдсэн энэ ганц бодьгал дээр нийгмийнхээ хувьд нилээдгүй үүрэг ноогдчихож. Уг нь үүргээ ухамсарлаад байдаг даанч зохицуулалт буюу менежмент гээч юмыг нилээн дутааж байснаа сэрэхтэйгээ хамт санав.

Орчлон ертөнцийн үүслээс эхлээд юм бүхэнг сонирхдог байсан би бээр биеэнд ялгарах бодисын солилцооноос шалтгаалав уу яав, сониуч жаалаа байгаад сониуч эр болчихож. Гэхдээ ямар азаар удахгүй мухардах замаар яваад байгаагаа анзаарав. Эргэн тойронд минь буй нөхөд, хэзээ нэгэн цагт бичиж үлдээсэн дээдсийн сургааль мунхагийн шугуйд төөрөөд тарзан болж байсан намайг хаврын салхиар үлээн сэрээлээ. Одоо л энэ мөчийг алдалгүй хөдлөхгүй бол нэг удахгүй толгойгоороо хана мөргөх нь. Гэмтэй нэгэн болсондоо бачимдан өөртөө уурлаж байснаа, саяхнаас өнгөрснийг орхиод дараагийн алхамаа зөв байлгахад л анхаарах болсноор тайван болж орхив.

Хавар болоод тал нутгаас багагүй өмнөд зүгт оршдог учраас өвөлжин хүрлийн байсан энэ нутагт зүлэг соёолоод, хувцас ч нимгэрээд, хосууд ч алхаад эхэлж байна. Зарим нэг хүмүүс хаврын синдром тусаад явж байх шиг л байна, харин зарим нөхөд дэлгэр зун цагийг угтан биеэ чангалж байна. Хүн болгон дотроо ямар нэг асуудалтай байгаа, хавар цаг болоод таны хувьд бүр ч ноцтой байдалд байж магад. Тэгвэл урин дэлгэр зун цаг ирж буйг санаарай, өнгөт ертөнц сая сая жил эргэж байсан шигээ эргэсээр байгааг санаарай. Хаврын жихүүн салхи байхад зуны аядуу сэвшээ байна.

1 comment:

  1. сэтгүүлд бичвэр өгөхийг сонирхож байвал холбогдоорой. chandaa_mn@yahoo.com

    ReplyDelete