Saturday, April 9, 2011

My Magic woman (list)

Нөхөр Х.Д.Анарболд бол нээх тийм гийгүүлчихсэн амьтан биш л дээ. Тэгснээ өнөөдөр Анушчиктай скайпаар чалчих гэж оролдож суухдаа нэг хаяг аваад ороод үзсэн Индра гээд дам мэдээллээр бол ном аймар их уншдаг нэгэн хүн өөрийнхөө мөрөөдлийн залуугийн болзолыг зурайлгачихаж. Сонирхоод харсан чинь би 15 аас 11 ийг нь хангах шив. Тэгснээ гэнэт өөрийнхөө мөрөөдлийн эмэгтэйн, шинж чанаруудыг сийрүүлэхээр шийдлээ.

  1. Хүйс нь эм бөгөөд эрэгтэй хүн сонирхдог(эмэгтэй "бас" сонирхдог бол ...)
  2. Төрсөн өдөр
    -Туулай эсвэл гахай
    -Нум, Матар, Хумхын
    эдгээрт тохирж байвал логикийн хувьд их сайн
  3. Архи, тамхи гэгдэх зүйлийг болж өгвөл хэрэглэдэггүй
  4. Өндрийн хувьд хамаа байхгүй ч, жингийн хувьд "аймар" гэсэн үг орохгүй байх
  5. Хацар нь хонхойдог бол юутай эгдүү хүрэм
  6. Шашин хамаарахгүй ч философитой
  7. Чөлөөт сэтгэлгээтэй(зураач, нийтлэлч, архитектур, дуучин гэх мэт)
  8. Ном уншдаг. Гэхдээ донтой гэсэн үг биш
  9. Мэдээ уншаад амархан итгэдэггүй
  10. Хөөрхөн аашлах дуртай
  11. Чих нь их хөөрхөн хэлбэртэй
  12. Сүмийн номлогч шиг хүнийг сонсдог. Нэг ёсондоо намайг сонсоод ойлгоно гэсэн үг
  13. Намайг хачин болтол цохих, тулааны урлагтай
  14. Мартамхай бус
  15. Өөрийн гэсэн аягатай
  16. Алтангадас од шиг. Өөрөөр хэлбэл байсанд байрандаа л гэсэн үг.
Эд бол миний мөрөөдлийн бүсгүйн шинж чанар буй за.

Friday, April 8, 2011

Хаяад орхин явах

Солонгосын нэгэн хувраг багшын бичсэн номны ард байдаг үгийг чадан ядан орчууллаа.


버리고 비우는 일은 결코 소극적인 삶이 아니다.
Хаян хоослох гэдэг ямар ч байсан идэвхигүй амьдрал биш.
그것은 지혜로운 삶의 선택이다.
Тэр бол гэгээрсэн амьдралын зам юм.
버리고 비우지 않고서는 새것이 들어설 수 없다.
Хаяж хоослохгүйгээр шинэ зүйл орж ирэхгүй.
일상의 소용돌이애서 한 생각 돌이켜,
Өдөр тутмын амьдралын тойргоосоо гарч сэтгээд,
선뜻 버리고 떠나는 일은 새로운 삶의 출발로 이어진다.
эргэлзээгүйгээр хаяад орхин явах нь шинэ амьдралын гараа болно.
미련없이 자신을 떨치고
Хүлээсгүйгээр өөрийгөө угз мултлаад
때가 되면 푸르게 잎을 틔우는 나무를 보라.
Цаг нь болохоор ногоороод навч нь дэлгэрч буй модыг хар.
찌들고 퇴색해가는 삶에서 뛰쳐나오려면
Зовлондоо нөхцсөн харанхуй амьдралаасаа тасарч гарахын тулд
그런 결단과 용기가 있어야 한다.
Тийм л шийдвэр хийгээд зориг байх хэрэгтэй

Wednesday, April 6, 2011

Бүлэглэл

Хүн төрөлтөн ертөнцөд ганцаараа ирээд ганцаараа буцдаг ч, нийгмийн харилцаанд "ганц дайчин" амжилт олж байсан нь түүхийн бүхий л цаг хугацаанд оршин тогтнож байгаагүй. Ганц хүн бүх юмыг хийхэд, оюуны болоод материаллаг хүчин чадал мөхөсдөх учир, эрх ашгаараа бүлэг болж нэг зүйлийн төлөө тэмцдэг байсан шиг санагдаад байгаа юм. Тэр дундаа хамгийн том бүлэг улс төрийн нам шиг байгаа юм. Монгол олон намын тогтолцоонд шилжээд 20 жилийг аль хэдийнэ ардаа орхичихож. Энэ хооронд эдийн засаг, эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүд нийлж, бутарч, салж янз бүр болсоор өдийг хүрчээ.

Цаг хугацаа явахын хэрээр эдийн засаг томорч, дээр нь хэд хэдэн "стратегийн ач холбогдолтой" гэх уурхайнуудаа ашиглалтанд оруулах гэж байгаа болохоор, цаад талдаа 5 жилийн дараа гэхэд урьд яаж ч шавхаад "шилэн форд"ны үнэ гаргадаг байсан газраас асар их хэмжээний эдийн засгийн хүчийг олж авах боломжтой нь илт тодорхой болоод эхэлж байгаа юм. Эдийн засгийн асар их "потенциал" гэдэг эсрэгээрээ эрх мэдлийн суурь болж өгдөг нь илэрхий. Уг нь ардчилал үүсэхэд, үсрээд "чоно шиг" сэтгэдэг байсан хүмүүс зэрлэг капитализмаа дагаад зэрлэг харах болсон. Анхны улс төрийн аллага 1998 онд гарч байсан. Одоо цаашид байдал нилээд эвгүйрэх магадлал байна.

Энэ хүртэл эрх мэдэл, эдийн засгийн хүчтэй болсон хэсэг хүмүүсийн хувьд цаашдаа улс төрийн бүлэглэл шаардлагыг нь хангахгүй болох шинжтэй. Тиймээс далдуур ажилладаг механизм болох гэмт хэргийн бүлэглэлийн гүйцэтгэх "засаглал" системийн хувьд нарийн болж улам хүчээ авах биз. Аль эсвэл та биднийг мэдээгүй байхад аль хэдийнэ функциональ болчихсон ч байж магад. Ирээдүй гэрэлтэй байна гэдэгт итгэлтэй байгаа, гэхдээ зөв системээр явахгүй бол улс төрийн намууд шиг телевизээр байлдахгүй нь тодорхой.

Saturday, March 12, 2011

Ялзрал

Яг одоо үүрийн 3 цаг болох гэж байна. Фэйсбүүкийн үндсэн хэдэн функцүүд ажиллахгүй 3 долоо хоносны эцэст ямар ч гэж хэвийн байдалдаа орж би гэдэг хүн жаахан ч гэсэн баярлаад авлаа. Чухам л гэгээрчихсэн мэт амьтан сүүлийн үед үндсэн анхаарал хичээл&эмэгтэй гэдэг юман дээр төвлөрүүлээд өөрийгөө ялзарч байгааг анхаарахгүй яваад байсан бололтой. Гэхдээ энэ ялзрал сүүлийн үед үүссэн ч юм биш, бүр дунд сургуульд байх үеэс буюу нилээд хэдэн жилийн өмнөөс улбаатай байж магадгүй юм гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.

Би ялзрал гэж үзээд байгаа ч зарим хүмүүст сайн зүйл ч байж магад. Ерөөсөө нэг тийм хөнгөн хуумгай гэх юм уу даа. Дунд сургуульд байхдаа олимпиадад ордог байлаа. Нэг удаа эцэг эхийн хурал дээр манай анги даасан багш намайг "хийтэй бөх" гэж хэлж байсныг сонссон нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Яахав харилцааны гээч сургуульд сураад, гадаад дотоодоор тэнээд ирэхээр намба жаахан суугаад нухацтай боддог болсон ч нөгөө л хий нь оршин байсаар байгаа бололтой юм. Өөрийгөө нэг үгээр илэрхийл гэвэл, салхи гээд хэлчихэд оночихмоор ч юм шиг. Яахав тодорхой хэдэн зүйл дээр үнэхээр гүн суурьтай ханддаг ч ерөнхий байдлаараа би яг л салхи ч шиг тогтворгүй нэгэн бололтой.

Тооны хичээл үзэж байхдаа ч, хэлний хичээл үзэж байхдаа ч зөвхөн тухайн үед хэрэгтэйг нь л сураад хэрэглэхийг нь хэрэглэж байсан маань шалгалт зэрэгт багагүй амжилттай хэрэгждэг стратеги байсан боловч, жинхэнэ амьдрал дээр маш муу суурь болж байх шиг байна. Одоо нээх оройтоогүй байх шиг байна. Ялзрал байгаа ч арилгачихвал болох шинжтэй.

Энэ бичлэгийг уншиж байгаа та ч гэсэн оюун бодол, биеийн чинь хаа нэгтээ ялзарч буй хэсэг байх вий хэсэг тунгаагаад үзээрэй.

Thursday, December 30, 2010

Дээшээ нисэх үү, дээвэр хүртэл нисэх үү

Улиран өнгөрч буй 2010 оны сүүлтэй зэрэгцээд энэ онтой цуг орхиж буй өөрийгөө дүгнэж цэгнэж, сүүлийн үед бол нөгөө л бодлын далайдаа хөвж явах шив. Өмнөх "Зүүд" гэдэг бичлэг ч үүнээс үүдэж бичсэн байх. Эдийн засгийн янзан бүрийн юм уншиж байгаад David Romer гэж хүний нэгэн нийтлэлийг уншлаа. Ерөнхий санаа нь бол хүрэх гэсэн газартаа хүрэд зогсох уу эсвэл үргэлжлүүлээд яваад л байх уу гэж.

Санхүүгийн нэгдэлд ажилладаг зөвлөхүүд дээр жишээ авсан байгаа юм. Санхүүгийн зөвлөхүүд бол үйлчлүүлэгчийнхээ хөрөнгийг баталгаагүй зүйл дээр мөрий тавиад алдчихалгүйхэн шиг явж байвал болоо гэж байхад эсрэг талд нь үйлчлүүлэгчид бол мэдээж аль болох их л хэмжээний ашиг чухал байдаг. Нөгөө ханаж цадахыг мэдэхгүй гэдэг энэ дээр гарч ирж байгаа юм л даа. Угаасаа үүргээ гүйцэтгэчихсэн хүн илүү ажиллаж өөрийнхөө хүч чадал, оюун ухаанаа тарамдаад яахав гэх маягтай ажиллаж байгаа юм. "Wall street 2: Money never sleeps" ийг үзэж байхад Bretton James гээд нөхөрт гол дүр маань "Хүн болгонд хүрэхийг хүссэн газар байдаг, чинийх хэд юм?" гэж асуудаг санагдана. Зөв санаж байгаа бол тийм юм байхгүй гэх маягтай инээмсэглээд гардаг байхаа.

Хүний хүсэл хязгааргүй. Энэ бол араатан мэт хүмүүн бидний мөн чанар. Тийм ч байгаагүй бол амьдралыг амар болгож буй машин, онгоц, гар утас гэх бүтээгдэхүүнүүд төрөхгүй байсан биз. Түүнчлэн яруу алдарт социалисм ч үүний үр дүнд нуран унасан биз. Жилийн төлөвлөгөөгөө биелүүлж л байвал илүү гарах нь хамаагүй, учир нь илүү хийлээ гээд "Хөдөлмөрийн баатар" цолыг энгэр дээр мялаагаад явуулахаас өөр тэр хүнд унах юм байхгүй. Тэгтэл капиталист нийгэмд хэн илүү зүтгэнэ, хэн илүү сэтгэнэ тэр нөхөрт яамны дарга нараас илүү зэрэглэлийн суудлаар Давосын чуулга уулзалтанд очих боломжийг олгож байгаа юм. 

Тэнцсэн тэнцээгүй гэдэг шалгалтын системээс зүтгэлээр нь тоо гаргаад дүгнэчихдэг системтэй сургуулийн оюутнууд илүү айдастай илүү хүчин чармайлттай байдаг нь энэ чанар биз. Хүн цохиход хүртэл цохиж байгаа хүний нүүрийг бус, толгойных нь ард байгаа газрыг цохино гэж төлөвлөөд цохивол гараа л гэмтээхгүй бол өрсөлдөгчөө "Накаут" болгодог хэрэг.

Орон тооны бөглөөс болох биш хийж бүтээе гэх хүмүүс л бидний Монгол устаж алга болохгүй хөгжлийн жанжин шугаманд утгаараа орох биз.

Зүүд

Өчигдөр оройжингоо Монгол нэрийг нь мэдэхгүй ч муушиг гэдэг тоглоомоор хүйтэн байрандаа мушигсаны эцэст өнөөдөр өглөө сэрэхдээ хоолой хөндүүр болсон сэрэв. Хэсэг сууж байгаад гарч өлсөж байна гэх дохиог өгөх гээд байгаа гэдэсрүүгээ хоол хийчихээд ханиадны эм уугаад унтахаар хэвтлээ.


Сэтгэл зовоож байсан асуудлууд, болоод янзан бүрийн юмыг ёстой нэг хутгаж өгч байх шиг байна. Компьютер болоод хүний тархины хувьд нэг нь химийн урвал нөгөө нь  цахиур дээгүүр гүйх цахилгаан гүйдэл. Сүүлийн үед нөгөө аймар квант компьютер гэж яриад байгаа болохоос. Заримдаа зүүдлэхээс айх юм, заримдаа салахын аргагүй сайхан зүүднүүд. Ер нь бол сэтгэл бодлоосоо илүүгүй хүний хувьд роботны арай дээд хувилбар ч юм шиг. Үгүй ч байж магад. Хүйтэн мөсөнд гар хүрэхэд хэдийгээр гар мэдрэх ч эцсийн бөлөгт хүйтэн байна гэдэг сигналыг тархи буюу бодол санааны төвлөрөл л дүгнэж гаргадаг. Ямар ч сонин ямар ч гайхалтай юм.

Нөгөө явагдаж байгаа химийн урвалд, дулаан болоод ханиадны эмний бодисын үйлчлэл нөлөөлөв үү? ёстой муухай ч гэх юм уу тийм зүүд зүүдэллээ. Нөхцөл байдалд миний тархины бодож чадах хамгийн муу үр дүнг харуулсан тийм л сигналыг тархи боловсруулаад, унтаж байгаа би хөөрхий минь яаж мэдэхэв сэрсэн хойноо л баярлах.

Хүн төрөлхтөн туйлын туяа яагаад гардаг, дэлхий маань ямархуу бүтэцтэй гэдгийг ерөнхийд нь бусад зарчимтай зөрчилдөхгүйгээр тайлбарлаад байж чаддаг ч гэсэн өөрсдийгөө одоо болтол хэдий хэр нээсэн нь тун сонирхолтой. Наад зах нь энэ зүүд гэдгийг яг яаж үүсдгийг машин яаж хөдөлдөг шиг тайлбарлачихаж чадаагүй л байна. Харанхуй дунд гэрэл гарсаар байгаа ч, түнэр харанхуй нөмөрсөн хүний оюуны будангуйралыг хэзээ нэг бүрэн гэрэлтүүлдэг юм бол доо.

Sunday, December 19, 2010

Маргааш маргааш өглөөний нар ахиад л мандана

Манай уншлагын хичээл дээр хорт хавдар тусаад 15 жил явахдаа үнэхээр дайнд баатарлагаар тэмцсэн юм шиг амьдарсан нэгэн Солонгос зохиолчын нэг өгүүлэлдээ иш татсан киноны ишлэл.
18-р зууны Америкын иргэний дайны хор уршгаар баяны охин байсан Скарлет Охара гэргүй болж, 3 удаа нөхрөөсөө салсан ч энэ үгийг хэлээд босдог шиг байсан. Киноных нь ДВД-г татаад авчихсан байгаа ч үзээгүй л байгаа ч гоё кино шиг байна лээ.

Ерөнхийдөө энд маргааш өглөөний нар нь өнөөдөр түнэр харанхуй нөмөрсөн байсан ч өглөө, алтан нар гэрлээ түгээж байна гэсэн утгатай. Гэтэл миний хувьд сүүлийн үед тэнэг гэмээр боловч, нөгөө л үдийн алдад босч хэсэг сууж байгаад бор ходоодоо борлуулчихаад хэрэгт хэрэггүй зүйлс төхөөрсөөр өнгөрдөг явцуу, бүтээлгүй өдрүүдийн нэг болсоор байгаад халаглаж сууна. Ноён хутагтийн нэг шүлэгт, "Алтан нарыг мандах тоолон алаг зүрхнээсээ догдлон харж бай эндэгдэлгүй дэвжихийн учрал тавилангаар эрдэнэт бөмбөлөг гийгэх болно" гэж гардгийг сая л саналаа. Өнөөдөр 12 сарын 20 буюу нар жилийн жилд бараг хамгийн орой манддаг үе. Энэ үеэс л алтан нартай цуг гийдэг байх гээд үзэхээс.

Уг нь би энэ блогт цахим ертөнц дэх туршлагаасаа хуваалцаж байх зорилгоор нээж байсан ч одоо хуваалцахаасаа хүртэх нь олон болсон учир бараг зорилгодоо хүрэхгүй байх. Гэхдээ маргааш өглөөнөөс цуг гийгэх гээд үздэг хэрэгээ.