Monday, September 19, 2011

Би гэдэг оюутан

Хэдхэн хормын өмнө миний нэг бяцхан найз, Монгол улсын хөгжилд оюутан хүнийхээ хувьд та юу хийж чадах вэ гэсэн асуулт асуудаг юм байна. Түрхэн бодоход хариулт байгаа юм шиг санагдах атал, яг хэлэх гэсэн бүр толгойд орж ирдэг юм байдаггүй шүү. Тэгээд л жаахан бодсон санасан юмаа энд сийрүүлж байна.
Миний энэ махан бие Хатан Туулын усаар угаахад зэрэг угаагдаж байсан нөхдийн маань зарим нь одоо аль хэдийнэ магистрын зэрэг горилогчид болоод явж байхад би ч баклаварынхаа хэдхэн жилтэй зууралдсаар сууна. Дээх нь үед оюутан гэдэг нь Монгол хэлний "оюун" гэдэг үг дээр "тан" гэдэг дагавар залгаад үүссэн гэж сонсож байсан санаад өөрийгөө бодсон хальт ичих сэтгэл төрснөө нуух юун. Ер нь бол их сургуулийн 4 жилийг хэн үр ашигтай өнгөрөөж хэн илүү хүрээлэлд үүсгэж эсвэл хүрээлэлд багтаж чадсан нь бараг л ирээдүйн "элит" гэх нөхдүүдийн тоог нэгээр нэмдэг бололтой харагдаад байдаг юм. Бусад хүмүүс юу гэж боддогийг мэдэхгүй ч Монгол улсын улаан паспортоор БНСУ хүртэл ирээд суралцаж байгаа иргэн хүнийхээ хувьд улсан хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүй ёсны хэрэг гэж боддог нэгэн билээ.

Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэг нь том том үйлдвэр бариад эсвэл мөнгийг даахгүй болтолоо хураагаад байх хэрэг гэж үзэхгүй байна. Нас тогтож намба суусан хүмүүсийн амнаас ойчих алтнаас цэнэтэй үгсийг сонсож байхад, "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн амьдралын шат дамжлагыг ганцхан мөрөнд багтаасан үгс байх буй. Улс гэдэг ухагдахууны үндсэн ойлголт нь иргэн. Хөгжсөн улс гэдэг гагцхүү иргэн бүр нь хөгжсөн улс хэмээн мухаглана би. Жишээлбэл нийслэл хотынхоо төв талбай дундуур баруунд үйлдвэрлэсэн хэдэн зуун саяын үнэтэй машиныг хөлөглөн явах зуураа сигналаа хангинуулан хогоо цохоороо жишим ч үгүй шидэх нөхөд буюу нийгэмд бугласан идээнүүд байгаа цагт нийт хөгжлийн улсын талаар ярих нь хэцүү. Баабар ахын "Дори идэр дүүдээ" нийтлэл дээр юм хийх гээд байгаа бол ядаж оймсоо авах чадалтай болчихоод дэлхийн дулаарал, цөмийн бөмбөгний талаар санаа зов гэчихсэн байсан санагдаж байна. Гэхдээ чадал муутай байлаа гээд өөрийн хүрээлэлд буй хүмүүстээ олсон мэдлэгээ харамгүй түгээж, хамтдаа дээшилж, гадаадад сурч буй мань мэт нь өндөр хөгжилтэй орнуудын соёлоор гэгээрээд улсдаа буцах л мөхөс миний оюутан ахуйдаа хийж чадах эх орны хөгжлийн төлөөх үйлс гэж бодож байна.

1 comment:

  1. оюунтан гэдэг нэрийг зүүснүүхий хувьд үгийн утгыг авч үлдэх нь хамгийн эхэнд хийх ёстой зүйл мэт санагдлаа ..миний хэлэх зүйл бол өөрчлөхийг хүссэн бүгдийг өөрөө л өөрчилж чадна гэдгийг баттай хэлж чадна.та ч мөн адил бухимддаг шүүмжилдэг тэр асудлас болж залхдаг бол тэрийг та л өөрчилж шинэ нийгмийг бүтээж чадна гэдгийг хүн бүрт хэлэх ..манлайлагч байж Монгол гээч багахан хүнтэй улсыг 13р зууны монголын хэмжээнд аваачихгүй ч өнөөгийн байдалд нь нүүр бардам байхад нь хувь нмрээ оруулна гэдгээ амлажийн хэхэ за баахан нуршчихла ямартай ч асуултанд минь хариулсанд баярлалаа АМЖИЛТ ӨДӨР БҮР

    ReplyDelete