Thursday, December 8, 2011

Хоосон мэт боловч...

Хүйтэн өвлийн агаар
Хоолой даван ороход
Уушигны тэлэлт сулрах нь
Угаас хоосон чанарыг илтгэх

Сэрүүхэн шөнөөр гадаа сэлгүүцэж
Будан бүрхэх тэнгэрийг анхаарч
Сэтгэлээ ажин хэсэг суухад
Би гэдэг бурууг ухаарна

Олон амьтанд ч үл анзаарагдах
Олон муу сэтгэлээ даръя
Огоорч төөрөгдсөн бодлоо цэгнэж
Огторуйн талаар дахин эргэцүүлье

Мэдсэн бүхнээ харамгүй хуваалцах
Оюун мэдлэгийн санг бүтээе
Олсон бүхнээрээ бусдыг тэтгэх
Оломгүй сэтгэлт нэгэн болъё

Мөнхөд орших тавилангүй боловч
Энэ бие минь
Мандах нарны илчээр тэтгэгдэх
Эгэлгүй их хайрын далайд хөвнө

2011.12.08


Monday, December 5, 2011

Ухамсарлахуй

Нөхөр Х.Д.Анарболд сүүлийн үед ихээхэн зав зай багатай болоод гүйгээд байна. 11 сард суралцан буй сургуулийнхаа Монгол оюутны төлөөлөл болсон ба БНСУ-д суралцагч Монгол оюутны холбооны тэргүүнээр сонгогдсон нь ихээхэн учир утгатай зүйл болж байна. Энэ бүхнээс илүүтэйгээр, мөхөс би хайрлаж хайрлуулах нэгэнтэй болсон юм.

Анх хуралд оролцоод явж байхад тэр суудал дээр очвол ийм зүйлсийг хийнэ, хэрэгжүүлнэ гэж байсан ч үүргээ гардаж аваад сар болж байхад одоогоор тодорхой хийж гийгүүлсэн зүйл гараагүй л байна. Гэхдээ анх гаргасан мөрийн хөтөлбөрөө өөрийн бодож байгаагаараа хэрэгжүүлж чадвал хүрэх дээд цэг маань болчих гээд байх шиг байна. Өөрийгөө анзаарвал ихээхэн "ардчилсан" сэтгэлгээтэй бололтой юм. Ямар нэгэн юмыг л шийдэх гэхээрээ бүгдийн эрх ашигт нийцүүлэх талаас нь ажиллаад байдаг. Тэгтэл тал нутагтаа эрх дураараа сэлгүүцэх сэтгэлгээтэй манайхны хувьд энэ арга явахгүйг нь анзаарсан ба шал өөр аргаар явахаар бодлого гаргаад байж байна. Энэ талаар олон улсын харилцааны хичээлээр ч үзсэн бөгөөд удахгүй тэмдэглэл болгоод оруулнаа.
Ажиглаад байхнээ манайханы хувьд солонгос гэдэг хол газар биш болжээ. Ерээд оны эхэн үед одоо байгаа өндрийнхөө талд ч хүрэхгүй байхад, манай ойрын хамаатнуудаас энэ нутагт ирж сурч байсан бөгөөд, тэгэхэд төрөлх Улаанбаатараасаа ч гарч үзээгүй надад солонгос татах зүгийн гэгдэх энэ улс гайхамшгийн орон шиг санагдаж байлаа. Нэг мэдсэн хүссэн мэргэжлээрээ их сургуульд орчихсон, цаашдын ажлын байр амлагаатай байхад бүхнээ орхиод энэ нутагт ирсэн нь "микро" төвшинд мулгуу мэт байсан боловч "макро" төвшинд багын мөрөөдлөө биелүүлэх замыг маань нээсэн гэдэгт итгэлтэй байна.

Хичээлийн тэмдэглэлээ хийхгүй яваад байгаа ч энэ мэдээллийг блогтоо оруулнадаа гэсэн зүйлс бас ч үгүй нилээн болочихсон байж байна, шалгалтын бэлтгэлээ базаангаа оруулнаа. Энэ ард түмний baby-boom үед төрсөн одоо 50 аад насандаа явж буй хүмүүсээс сурах зүйл ч зөндөө байна. Цуг боловсроод явж буй залуус нь цэрэгт явж ирээгүй л бол, байгалийн баялаггүй цэвэр өрсөлдөөн дундаас шалгараад явж буй нөхөд ямархуу харьцаатай байх нь ойлгомжтой. Гэхдээ эвийг нь олоод нөхөрлөвөл, харь хэлээр ч болтугай цэнгэлийн нөхөдөөс хамаагүй илүү ойлголцоно шүү. Ингэж харанхуйд ганцаардаж явахдаа, гэрэл гэгээ минь болсон нэгэн эмэгтэйтэй учираад түндээ тэсэхүйеэ бэрхээр татагдах болсон юм.

Түүнийгээ болзоонд ч урилгүй хосоо болгочихсон нь энэ тал дээр туршлага муутай миний яаруу сэтгэлгээ байж. Монголчууд онцгойлон тэмдэглээд байдаггүй ч, ихээхэн утга агуулгатай Хрисмасын баярын өмнөх өдрийг зөвхөн түүндээ зориулах талаар бодоод л байж байна. Завгүй явж байгаа болохоор дараа л энэ бичлэгийг олж харах байх.
Би бээр ихээхэн хүмүүстэй учирч, ихээхэн зүйлсийг ухамсарлаж, хэдэн ч жил сууснаа үл мэдэх харанхуйгаасаа цухуйгаад явж байна. Ёстой нөгөө, хорвоо дэлхий уудам хийж бүтээх олон байна, гэдэг л болчихоод байна.

Monday, October 3, 2011

Байхад байна


Нартай атал гундуухан өдөр байна
Бүрхэг атал тэнэгэр өдөр бас байна
Нөхөр мэт боловч сүгнүүд буй
Дайсан мэт боловч анд буй

Цагийн туршид салаагүй нөхөр ганц хоёр
Салхины аясаар замхрах садан түм бум
Сэтгэлийн утсаар холбогдох амраг ганц
Цэнгэн жаргах шоуны найзууд олон

Алдралт үгүй сэтгэлийн чиг олон бий
Аз тавилангаар учирах нөхөд цөөнгүй бий
Амьдын цагт нэр олон ч толгой ганц
Алдаа гэдэг томьёоны урвуу нь бас бий

Эрт цагаас нөхөрлөсөн ч үл дотнууд байхад
Тавилангаар танилцсан өчигдрийн учрал бий
Танихгүй мэт сүнгэнэн өнгөрөх тэмээний эзэн байхад
Энгүй сэтгэлийн эзэн болох андууд бас бий

Thursday, September 29, 2011

Дэлхийн хөгжил дэвшил ба энх тайвны олон улсын харилцаа

Бүр анхны хичээл орж байхад л бодоод байсан юмаа ингээд бичээд эхэлж байна. Хичээл дээр үзэж байгаа юмаа багцлаад блог дээрээ нийтлэл болгоод оруулаад байвал дараа нь шалгалтын өмнө харж байхад надад тус болохоос гадна, магадгүй хэн нэгэнд тус болох болов уу гэж найдаж байна. Эхний удаад дэлхийн хөгжил ба энх тайван байдал болоод олон улсын харилцааны уялдаа холбоог судлах хичээлийн хамгийн эхний өдрийн лекцийн тэмдэглэлийг төрөлх хэлрүүгээ чадан ядан буулгасан бичлэг болж байна.

Хүмүүс ерөнхийдөө улс төр, эдийн засаг, нийгмийн шижлэх ухааныг нийтлэг хүлээн авдаг боловч бүгд хоорондоо тус тусын гүзгийрүүлэн судалдаг судлагдахуунтай юм. Улс төрийн хувьд бусад нийгмийн талын шинжлэх ухаантай байнгын холбоотой байдаг боловч тэс өөр зүйл судалдаг бөгөөд бид энэ хичээлээр улс төрийн ухааныг түлхүү судлах болно.

Улс төрийн бодлого болоод, гадаад бодлогыг тусад нь салгаж авч үздэг. Гадаад бодлого гэдэг нь тухайн улсын ашиг сонирхолыг шингээсэн байх ба хил дамнан хэрэгжиж байдаг бодлого бөгөөд зсагийн газраас хэрэгжүүлнэ. Харин хилийн шугамнаас нааш хэрэгжиж буй бодлого нь улсын дотоод бодлого(public policy) болох бөгөөд төрийн захиргааны ухаан(public administration)ы судлагдахуун болох юм.

Олон улсын улс төр(International politics) нь, талууд "нааш-цааш" харилцаатай байх, алив хувь хүн пүүс компаниуд бус засгийн газрын төвшинд байх, улсын аюулгүй байдал, цэрэг улс төрийн шинжтэй гэх мэт агуулгатай байна. Олон улсын харилцаа(International Relations)ны хувьд "нааш-цааш" буюу хоёр талт харилцан ажиллагаатай, улс төр, эдийн засаг, соёл урлагын бүхийл төвшинд яригдах бөгөөд хувь хүмүүс ч оролцоотой байна. Уг нь бол хэдхэн арван жилийн өмнө улс төрийн харилцаанд илүүтэй суурилж байсан бол 1970 аад оны үеэс спорт, эдийн засаг, урлагын солилцоо зэрэг нь үүрэг ролийн хувьд өндөрсөж ирсэн байгаа юм.

Хүйтэн дайн дууссанаас хойш дэлхийн улс төр гэсэн ойлголт шинээр гарч ирсэн бөгөөд төрийн бус байгууллагуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг харьцангуй өндөр болсон. Эдгээр байгууллагууд нь аль ч улсад харъяалагдахгүй биеэ даасан шинжтэй байдаг. Жишээлбэл, дэлхийн худалдааны байгууллага, НҮБ, үндэстэн дамнасан том корпорациудыг дурьдаж болно.

Олон улсын харилцааг авч үзэх дараах дөрвөн хандлага байна.
-Реалист үзэл
-Идеалист үзэл
-Радикал
-Конструктист

Дараагийн бичлэгээр дээрх дөрвөн харь хэлний үзлүүдийг Монгол хүн ойлгохоор тайлбарлах болно.

Sunday, September 25, 2011

Харилцан үл хамаарал


Сүүлийн хоёр хоног сургуулийн фестиваль болоод бужигнаж бужигнаж өнөөдөр өглөөгөөр дуусч байх шиг байна. Одооноос эхлээд оюутнуудын царай бол ерөнхий тархинд төсөөлөгдөөд л байна. За тэр ч яахав, давхар-цөмрөлт(double deep) гэж миний орчуулаад байгаа хямрал юу юугүй хаяад тулчихлаа гэж өнөө өглөө үүрээр уншиж байснаа санаад байгаа юм. Тэгсэн чинь хаа газар хүмүүс санхүүгийн бэлэн бус хэрэгслээр байгаа хөрөнгөө алтаар хэмжүүлж хадгалах болсон гэнэ. Өөр тэгэд эртний ховор барааны гүйлгээ бас өсч л байгаа байх. Яагаад ийм юм болсныг нь мэдээ уншдаг бол гадарлаж л байгаа байх. Грек тэргүүтэй орнуудын засгийн газар нь өрөндөө баригдаад явахаа байгаад, тэгсэн АНУ-ын зээлжих эрхийг нь зүгээр л хувийн компани бууруулж дүгнэсэн, бас нэг сонирхолтой юм нь Олон Улсын Валютын сангийн захирал байхаа Доминик гээд их сүртэй нөртэй хөгшиний холбогдсон хэрэг гэсэн гурван юм л бүх юмны зангилаанууд болж байх шиг байна. Би л харахдаа ингэж хараад байна өөр хүмүүс юу ч магад. Улс төр, эдийн засаг, ашиг сонирхол, "аймшиггүй айдас"ны нөлөө орсноор харахад энгийн юм шиг хэргүүд улам бүр төвөгтэй юм шиг болж харагдаад байна.

За энэ бол оршил байлаа. Түрүүн дурьдсанчилан алт болон зарим нэг зүйлсийн цэнэ өсөөд байгаа сурагтай. Яагаад гэвэл хамгийн ойрын жишээ татахад 2008 онд болсон хямралын үеэр хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаагаас эхлүүлээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд валютийн зах зээлд гээд хохирол амсаагүй газар бараг нэг ч байгаагүй ба сүүлийн хэдэн зуун жил байж л байгаа ирээдүйд байх юм шиг алт л "дажгүй" чанартай гэдгээ харуулсан. Гэхдээ 2008 оны хямрал бол идээндээ бугласан гүн шархнаас шүүс нь гарсан л хэрэг байсан мэт. Тэрийг нь дарж байна гээд засгийн газрууд мултрах аргагүй улс төр эдийн засгийн шийдвэрүүд гаргачихсан.
Хэрэвзээ үнэхээр их хорийн уулзалт дээр Японы санхүүгийн сайдын дүрслээд байгаа "иллюшн" бодит байдлаа орвол алт байтугай, бодитоор оршин бий агуу том барилга, техник хүртэл үнэлэмжгүй болох байх.
Энд л аймшиггүй айдас орж ирж байгаа юм.

Яг Бурхан багшийн сургасан нэг сургаалийг нарийн санахгүй ч утгыг нь сийрүүлбээс, "энэ хорвоод холбоос үгүй зүйлс нэгээхэн ч үгүй. бүгд хоорондоо шалтгаан, хийгээд үрийн холбоогоор холбогдчихсон байдаг. алимны мод таривал алим л гарна" маягийн логиктой тархины тэжээл байдаг. Бүх юмыг ингээд л томьёолчихсон байж.

Нийт системийг бүрдүүлэгч сүйрч байхад ганцхан өөрийгөө аваад гарна гэвэл том эндүүрэл. Дэлхий сүйрвэл сарлуу гараад явчихна гээд байгаа нөхөд тэнэгүүд. Тэр байтугай таны биенээс гарсан гэдэсний хий дэлхийн дулааралд багагүй хувь нэмэр оруулж байгаа шүү. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, хэрвээ энэ яриад байгаа хямралыг ирэх цагт даван гаръя гэвэл хэдэн ухаантай засгийн газрын тэргүүнүүд эсвэл алтаар мөнгөө дарчих аргаар биш бүгдийн үйл л хамгийн чухал.

Monday, September 19, 2011

Би гэдэг оюутан

Хэдхэн хормын өмнө миний нэг бяцхан найз, Монгол улсын хөгжилд оюутан хүнийхээ хувьд та юу хийж чадах вэ гэсэн асуулт асуудаг юм байна. Түрхэн бодоход хариулт байгаа юм шиг санагдах атал, яг хэлэх гэсэн бүр толгойд орж ирдэг юм байдаггүй шүү. Тэгээд л жаахан бодсон санасан юмаа энд сийрүүлж байна.
Миний энэ махан бие Хатан Туулын усаар угаахад зэрэг угаагдаж байсан нөхдийн маань зарим нь одоо аль хэдийнэ магистрын зэрэг горилогчид болоод явж байхад би ч баклаварынхаа хэдхэн жилтэй зууралдсаар сууна. Дээх нь үед оюутан гэдэг нь Монгол хэлний "оюун" гэдэг үг дээр "тан" гэдэг дагавар залгаад үүссэн гэж сонсож байсан санаад өөрийгөө бодсон хальт ичих сэтгэл төрснөө нуух юун. Ер нь бол их сургуулийн 4 жилийг хэн үр ашигтай өнгөрөөж хэн илүү хүрээлэлд үүсгэж эсвэл хүрээлэлд багтаж чадсан нь бараг л ирээдүйн "элит" гэх нөхдүүдийн тоог нэгээр нэмдэг бололтой харагдаад байдаг юм. Бусад хүмүүс юу гэж боддогийг мэдэхгүй ч Монгол улсын улаан паспортоор БНСУ хүртэл ирээд суралцаж байгаа иргэн хүнийхээ хувьд улсан хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүй ёсны хэрэг гэж боддог нэгэн билээ.

Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэг нь том том үйлдвэр бариад эсвэл мөнгийг даахгүй болтолоо хураагаад байх хэрэг гэж үзэхгүй байна. Нас тогтож намба суусан хүмүүсийн амнаас ойчих алтнаас цэнэтэй үгсийг сонсож байхад, "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн амьдралын шат дамжлагыг ганцхан мөрөнд багтаасан үгс байх буй. Улс гэдэг ухагдахууны үндсэн ойлголт нь иргэн. Хөгжсөн улс гэдэг гагцхүү иргэн бүр нь хөгжсөн улс хэмээн мухаглана би. Жишээлбэл нийслэл хотынхоо төв талбай дундуур баруунд үйлдвэрлэсэн хэдэн зуун саяын үнэтэй машиныг хөлөглөн явах зуураа сигналаа хангинуулан хогоо цохоороо жишим ч үгүй шидэх нөхөд буюу нийгэмд бугласан идээнүүд байгаа цагт нийт хөгжлийн улсын талаар ярих нь хэцүү. Баабар ахын "Дори идэр дүүдээ" нийтлэл дээр юм хийх гээд байгаа бол ядаж оймсоо авах чадалтай болчихоод дэлхийн дулаарал, цөмийн бөмбөгний талаар санаа зов гэчихсэн байсан санагдаж байна. Гэхдээ чадал муутай байлаа гээд өөрийн хүрээлэлд буй хүмүүстээ олсон мэдлэгээ харамгүй түгээж, хамтдаа дээшилж, гадаадад сурч буй мань мэт нь өндөр хөгжилтэй орнуудын соёлоор гэгээрээд улсдаа буцах л мөхөс миний оюутан ахуйдаа хийж чадах эх орны хөгжлийн төлөөх үйлс гэж бодож байна.

Tuesday, September 13, 2011

Мэргэн буучын мухардал

Би гэдэг амьтан сүүлийн хэд хоног хичнээн ч бодолд орж явав бүү мэд. Болох болохгүй хийгээд хэрэгт хэрэггүй бодлоор дүүрсэн тархи минь өчигдөр шөнө 2 цагт нойрсож өнөөдөр 12 т сэрсэн боловч амарч ханаагүй л байлаа. Янзан бүрийн амттан хэрэглээд байсан болохоор арга ч үгүй байх даа хөөрхий. За энэ ч яахав тэр бодлууд дундаасаа нэг онолтой буцаж ирлээ.

Юу гэхээр, цаг хугацаа болон түүнээс ямар нэг үр дүн хүлээх хүлээлтээс үүдсэн мэргэн буучын онол юм. Мэргэн буучын хувьд ямар нэгэн байг овоо хараанд баталгаатай орж ирсэн үед "үхлийн" буудлага хийх ёстой байдаг. Гэхдээ тэр хүртэл мэдээж нилээд хүлээдэг. Хүлээсээр за яг орж ирлээ гэж үзэх үед буудаад ямар нэгэн байдлаар алдсан нөхцөлд байг үргэлжлүүлэн буудаж эхэлдэг ба ингэх явцдаа алдаа гаргадаг. Ерөнхий санаа энэ байна. Энэ санаан дээр тулгуурлаад хүн хоорондын харьцаа, улс төрийн харьцаа, бараа худалдан авах сонголт зэрэг асар олон юман дээр тайлбар хийж болох юм шиг байгаа юм.