Thursday, April 8, 2010

Ойд алхсан дурсамж

Өнөөдөр хотын төв рүү ойрхон байдаг Монгол Таун гэж нэрлэгдэх газар луу очих хэрэгтэй болоод очиж, хэргээ бүтээчихээд гэртээ ирэх замдаа Сакура шиг мод дэлгэрч байхыг хараад сайхан явж байв.

Тэгээд өгсөөд явж байснаа хажууд байсан ой модыг хараад цаг хугацаагаар түр зуур аялаад ирэх шиг болов шүү. Эхлээд хамгийн сүүлд хэзээ ой модонд орж алхаснаа санахыг оролдлоо. Бага байхаас хойш манай лагерын байшин Жигжидын аманд байсан бөгөөд манай байшингийн хувьд яг ойн хажууханд байдаг байлаа. Өвөө маань зээ нараа салхинд гаргана гэж анх барьж байлаа. Бага байхдаа зун бол ер нь тэр газар л өнждөг байлаа. Урьд нь засгийн газрын лагер байсан болохоор ерөнхийдөө бидэн шиг жаахан юмнууд харагдахгүй дандаа буурал толгойтой голдуу хүмүүс байдаг байлаа. Дээд талын байшин урд талын байшин гээд л 3 хан байшинд тус бүр 2 хүүхэд байдаг. Манай байшинд яахав манай 2 дүү гээд 3 уулаа. Тэгээд л тэр хавьдаа буулгаж өгдөг байлаа шүү дээ. Ой мод руу хааяа орж "дүүгий-даагий" тоглоно. Хувцасаа сольж өмсөнө гээд л. Анх миний дугуй унаж сурсан газар гэж байгаа.

Өглөө мань мэт бол хамгийн эртдээ л 9 цаг гэж босно, гол төлөв 10 цагт. Тэгэхэд өвөө, эмээ аль хэдийнэ босчихсон цай чаначихсан угтдаг байлаа. Өглөөд 5 цаг 6 цаг хавьцаа босоод ууланд гарч алхаж байгаад ирдэг гэдэг байлаа. Тэр эрт яаж босдог байнаа гэж бодоод л ийм хөгшин болж байж өглөө тийм эрт босдог юм байхдаа ухааны юм бодож байснаа санаж байх шиг.

Тэгж байгаад нэг орой унтахдаа өвөөд хэлж байгаад өглөө уул руу явахдаа намайг аваад яваарай гээд унтав. Өглөө намайг жаахан унтаж аваг гэсэн бололтой 7 цагт сэрээж байсан юм. Намар дөхөж байсан найман сар учраас нар мандаад удаагүй байлаа. Тэгээд л дээшээ алхлаа, төд удалгүй уг нь дээшээ явдагаа яриад надтай явж байгаа болохоор уулын бэл хүрэхээс арай наахна суув. Зүүн зүгт байх моддыг заагаад "...тэнд байгаа моднууд намхан энд байгаа моднууд өндөр байгааг харж байна уу?" гэв. Харахад нээрээ тийм харагдсанд би ч тийм байна л гэлээ. "...нар зүүн зүгээс манддаг болохоор цаана байгаа моднууд нь түрүүлээд нар үзчихдэг учраас заавал өндөр байх шаардлагагүй, харин энд байгаа моднууд нар үзэхийн тулд өндөр ургадаг юм..." гэж хэлэв. Өө нээрээ тийм юм байна даа гэж бодож байлаа.

Тэр өдрөөс хойш удалгүй бид нарын хичээл орохоор болж хотын байшиндаа нүүж очлоо. Тэгээд хичээлийн жил ч дуусч удахгүй лагертаа очино доо гээд байж байхад, манай өвөө тэнгэрт хальж билээ. Бага байсан ч гэсэн ахиад тэр гоё хүнтэй уулзахгүй гэж бодохоор нэг л хачин байсан. Юугаа ч мэдэхгүй уйлж байснаа санадаг юм. Тэр зундаа ч яахав лагерт гарсан, тэрнээс хойш ч хэдэн жил дарааллаж гараад би гэдэг хүн гэрийнхэнийгээ дагаад алс холын нутгийг зорьсон билээ. Амралтаараа нэг лагер дээрээ очиж хэд хонохдоо яг тухтай байгаагүй юмдаг. Одоогоос 4 жилийн өмнө байсан юм байна даа. Тэрнээс хойш 2 жилийн дараа буцаад очиход эдийн засгийн хувьд хямрал эхэлчихсэн, лагерийн байшингаа зарчихсан байв. Өчнөөн олон эсэргүүцэлтэй тулгарсан ч хэн нэг нь зарчихсан байв. Ой модонд яг гоё байсан миний санаж чадах хамгийн сүүлийн дурсамж энэ л байх юм. Одоогоос 8 жилийн өмнө гэсэн үг. Яахав тэрнээс хойш энд тэнд явж байгаад нар модны завсраар гэрэлтэх моддын дунд алхсан байж магадгүй ч санаж чадах нь энэ л байна.

Нэг өдөр лагерынхаа газрыг буцааж худалдаж авна даа.

1 comment:

  1. ийм дурсамж сайхан шүү. гэхдээ бас гунигтай

    ReplyDelete