Ёстой л багадаа хүсэж байсан талын салхи шиг эрх дураараа боловч өнөө цагийн монголынхоо нэг нь би гэсэн шиг урд, хойд хормойны хооронд л өдөр өдрийг барсаар энд нэг ч бичвэр үлдээхгүй туулай жилийг өндөрлөх гэж байж.
Анивчих курсорыг хараад би заавал бичих нь юуны учир билээ гэж хэсэг бодолхийлсэн болоод өөрийгөө амьдарч байгаагаа, жаахан ерөнхий этгээд болсноо нотлоод түүртсэн бодлууд дундаас тодрох үгсийг шивж сууна.
Зүйрлээд бичвэл хэдэн сараар грашт хаягдаад өтгөн тоосонд сүр нь дарагдаж, дугуйных нь хий гарсныг өнгөрч явсан хүүхэд хараад энэ асах уу гэж шоолмоор л төрхтэй болж. Гол нь асаагаад хаачих ч юм.
Гараад л сармагчингуудын марш дунд холхиж байтал өдөр дуусчихна. Ядаж байтал зуны хурц нарнаас хамгаалсан цонхны хальс нь шөнө жолоо барихад садаа болох тул цонхоо нээж явья гэхээр салхи даган орж ирэх шороо нь үл дийлдэнэ. Хөгжим нь сайхан дуугарах атлаа нөгөө л байсан, цаашид ч байх хуурцагнууд ээлжлэх ба радиогоор явах шинэ дуунууд нь сэтгэл хөдөлгөх нэг ч зүйлгүй. Тиймээс асаагаад ярьшиг бензин тосны гарз гээд өрөвдөм төрхтэй нь үлдээчихнэ.
Иймэрхүү байдлаар бүхнийг төвөгшөөн өдөр өдрөөр ярвайж явсаар хэдийнэ жилийг барчихсан атлаа одоо харамсаад яахав хэмээн өөрийгөө зөвтгөж ч байх шиг. Би ийм байлуу гэж цочоод эндэх бичвэрүүдээ эргэн уншихнээ 18 нас хүрсэн өдрөө бичиж байсан тэмүүлэл дүүрэн түүнээс хуучирч яваа махан бие, ясан хэлхээ л үлдсэн бололтой. Ингэж л хүн мөхлийн циклдээ гацдаг байх гэж дүгнэж сууна.
Юмыг яаж мэдэг гарах арга олвол нэг бичнээ.