Sunday, October 31, 2010

Жүжгийн тайз

Гурван салбадайн жүжигчин болсон тэр мөчөөс эхлэн энэ түүх эхэллээ. Бүхэл бүтэн хоёр хорооллын дунд ганц байх тэр театрын жүжгийн найруулагч тэрүүхэн тэндээ театрын эзэн нөхөр урлагийн сэргэн мандалт явагдаж байсан хэдэн арван жилийн өмнө хаалгаа эвдэх шахам чихцэлдэж байсан үзэгчдийн тоо өөрт үлдсэн амьсгалах тоотой зэрэгцэн цөөрч байгааг хүсээгүй ч анзаарсаар.

Юунаас ч юм долоо хоног бүрийн Лхагва гарагт хүчтэйхэн шиг дэвхэцвэл цөмөрчихөөр шалтай жүжгийн тайз цагаа хүлээн суугаа цаазийн ялтан шиг чихэнд чийртэй хэр нь цаанаа л нэг уянгатайгаар өөрийнхөө үхээгүйг илтгэх мэт хяхтнан дуугарна. Театрын эзэн улиг мэт болсон боловч өнгөрсөн түүхийн хэзээ нэгэн цагт хүмүүсийг шуугиулж байсан "Салхи" жүжгээ сонирхохоор хуучирч муудсан театрт томдсон юмуу даа гэмээр хаана ордоных шиг хаалгаар орж явтал урдаас нь жүжигчдийн дундаас өөрийнх нь охин шиг байдаг атал хааяадаа хорт могой шиг санагддаг хүйтэн харцтай гуалиг савх шиг жүжигчин эм гунигтайгаар тосон угтах нь тэр. Хөгширсөн удааширсан ч хатаж зөнөөгүй өвгөн, хэдэн сарын өмнөөс бүтнээр нь олгоогүй цалингийн асуудал ингээд дуусдаг юм байжээ гэж бодож дуусаагүй байтал, охин ч батлах мэт мөс шиг хүйтэн харцнаасаа нулимс дусгалаа.Бусад нь хаячихаад байхад энэ яагаад яваагүй билээ гэсэн бодол цухас орж ирсэн ч яагаад гэдгийг нь гаргаж чадсангүй.

Ертөнцийн цэвэр агаарыг сүүлийн удаа амьсгалахаасаа өмнө дүүрэн алга ташилтыг ганцхан л удаа сонсох юмсан гэсэн мөрөөдөл мэт бодол нь ингээд төгсч дээ гэж санаа алдан загтнах мэт мэдрэмж төрсөн хэдийнэ бууралтсан сахлаа илбэн хуучны эдлэлд тооцогдох ширээнийхээ ард сууж байтал, хаалга аяархан нээгдэн, мөнөөх охин нэгэн залуу дагуулсаар орж ирсээр шороонд дарагдсан зочны буйдан дээр өөртөө итгэлтэйгээр тухлан суугаад бодлын далайн шуурганд төөрөх мэт өвгөнийг нэг хараад дагуулж ирсэн охинд их л эелдэгээр хонгор минь уух юм байхгүй билүү гэж асуухыг бодоход, хархүн нь болтой юм.

Залуу их л шийдмэгээр, энэ удаад тэсрэлт байх болно. Та домог болно гээд нүүрэн дээр нь "Мод" гэж бичсэн зохиол гэхэд нимэгхэн багцалсан цаасыг гаргаж тавив. Уншаад үз, хүн хүч ч хэрэггүй. Зөвхөн та тэр би байх болно гэчихээд тоос хөөргөн суудалдаа заларлаа.

Эхнээсээ их л уйтгартай эхлэх тэр "Мод" жүжиг голдоо ортол харин сонирхолтой болоод явчихав. Төгсгөлийнх нь бүлгийг ойлгож ядаад асуух гэтэл, урдаас хэзээний мэдэж байсан мэт, тэрийг тайзан дээрээс харж байж л тодорхой болно гэх шив. Өвгөн тухайн үед юу гэж бодсоныг мэдэхгүй ч ямар ч байсан, эргэдэг сандлынх нь хойно байх хуучин зэвтэй хадгаламжийн хайрцагнаас хэдэн мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд, нөгөөх хүйтэн хэрнээ эелдэг царайтай охинд өгөөд явууллаа.

Дараагийн долоо хоногийн Лхагва гараг болоод гудамжаар анхны алхаагаа хийх мэт хүүхэд шиг алхаж яваа өвгөн хөл дор нь хөглөрөх "Мод" жүжгийн сурталчилгааг эцсийн найдвар мэт харж явлаа. Театрын арын хаалгаар ороод тайзны хойноос сэм харвал театр дүүрсэн байгаа нь, сурталчилгааны цаасан дээр бичсэн "Шонхорын сүүлийн нисэлттэй" холбоотой. Үнэндээ талд амьдардаг шонхор, ойд байх мод яаж холбогдоод байгааг л тайзан дээрээс харж болно биз.

Жүжиг ч эхэллээ, хоёрхон хүн тоглоод байгаа хэрнэ алга ташилт улам чангарч байлаа. Өвгөний нүүрэнд тэртээх хэдэн жилийн өмнө гарч байсан бахархалын инээмсэглэл тодорно. Хэдийгээр шонхор жүжгийн гол дүр байсан ч жүжгийн дунд хэсэг хүртэл байхгүй байсанч үзэгчид тоох юм алга тэдэнд сонирхолтой агшинууд л чухал. Эцсийн бүлэг болж шонхор салхи зүсэн дэвэлтээ хийлээ, хяхтнан дуугарах жүжгийн тайз сүүлийн удаа бахархалтайгаар хяхтаналаа...

Thursday, October 14, 2010

Бид мартдаг шүү

Хэзээ хэзээгүй цаг нь тулаад ирчихсэн бие даалт, төслийн хугацаа дуусах дөхсөн ажил, хэзээ дансанд байхыг хэлж мэдэхгүй хоолны мөнгө,  хэзээ ч өөрийн чинь тухай бодож байгаагүй хүний тухай бодсоор ч юмуу хүн бид(бүгд биш байж магад) зарим нэг үнэхээрийн чухал зүйлсээ мартчихдаг бололтой. Элдэв өнгөтэй өнгөгүй зүйлсийн хойноос, тал дундуур эрвээхэй хөөн баясах мэт явахдаа заримдаа гутлаа мартчихсан тууж явах нь бий бололтой.

Нээх их цаггүй хүн шиг, чи өөрөө хойноос нь гүйдэггүй тэд чиний хойноос явдаг хүмүүсээ заримдаа мартчихаад өөрийн хорьж чадаагүй сэтгэлийн сүүлд нь уягдан савчиж явахдаа шүдний эмчээс дутаах мэт санахгүй байх нь элбэг байж магад. Ямар ч гэж би тийм хүн бололтой. Тэдний эсвэл тэд сэтгэлийн хаа нэгтээ чинь байдаг бол дээр үе шиг захиа бичээд хэдэн сараар хариу хүлээдэг байсан тэр үетэй харьцуулахад бидний хувьд цаасгүй, бүр утасгүй холбоо нилээд өндөр хөгжчихөөд байгаа энэ үед ядаж нэг и-мэйл бичихэд тийм ч их хугацаа орохгүй л байх.

Хүн гэдэг эсвэл өөрийн хэн гэдэг мөн чанараа алдаад, өөрөө өөрөөрөө байхаа байж байнаа л гэсэн үг юм шиг. Ертөнцийн өнгөнд мунхарч, сэтгэлийн хүсэлд хүлэгдэж, оюуны мунхагаар тэрийгээ өөрөө ч анзаардаггүй өөрсддөө ноён хутагтийн энэ шүлгийг зориуллаа.

Аяа бас буян хураалгүй насажсан хөгшид ичиг
Аяа бас сэтгэлээ засалгүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг
Аяа бас төрийг шуугиулагч түшмэд ичиг
Аяа бас номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас бясалгалыг мэдэхгүй пад хэмээн бархирагч Егүзэр ичиг
Аяа бас өдөр нь хийдэд суугаад шөнө нь айл хэсэгч хуваргууд ичиг
Аяа бас ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас тустай сэтгэлгийг бодолгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг шүүгч хэрсүүчид ичиг
Аяа бас нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч хүүхнүүд ичиг
Аяа бас өөрөө хэсэж ирээд эхнэрээ хардагч эхнэрүүд ичиг
Аяа бас эв журмыг умартан бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас их бага бусдад байгаа бол хэн боловч тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун ай хөөрхийнүүд минь ээ

Итгэнэ гэдэг харьцангуй ойлголт

Нэг сургааль дээр "... бүх юм нь хувьсан өөрчлөгдөх замтай энэ ертөнцөд итгэх зүйл нэгээхэн ч үгүй..." гэж гарсан байхыг хараад ямар утгагүй юм бэ гэж бодож байж билээ. Тэгсэн одоо надад итгэдэг зүйл их цөөхөн юм байна шүү. Наад зах нь иргэний үнэмлэх дээр л миний төрсөн өдөр байдаг болохоос биш би яг хэзээ төрснөө мэдэхгүй шд. Ядаж л тухайн үеээс хойш дүрст бичлэг хийчихсэн бол яахав. Гэтэл тэр бичлэгийг нь дунд нь засварлачихсан бол яана, дээрээс нь би угаасаа өөрийнхөө өнгөрсөн амьдралын бичлэгийг үзэж дуусгана гэвэл бас л хэцүү. Өнгөрснөө үзэж хороож байгаа цаг нь ирээдүйн цагийн урсгалын хурдтай адилхан байх болов уу.

Иймийн учир ер нь итгэнэ гэдэг хангагдсан мэдээллээс үл шалтгаалан их харьцангуй эд болчихоод байна. Ямар ч мэдлэгийг 100 хувь батлаж болохгүй шиг байгаа юм. Зөвхөн бид тэгж бодоод л байдаг, учир нь тэгж байсан нь амар угаасаа тэгж ч байсан учир.

Юмыг сайн сайхнаар хүлээж аваад байвал бүх зүйл үнэн мэт болох боловч ганцхан зүүний ором төдий ухаад эргэцүүлэхэд мөсийг ганцхан газар нь цуулахад цааш нь цуурдаг шиг тэр чигтээ эргэлзээ болох юм. Тэгэхээр нэг мөсөн хөндөхгүй бол амар ч баймаар юм уу. Балай юм.

Friday, October 8, 2010

Sudoku

Судоку гэх энэ тоглоомын үүсэл гарал нь хаана ч юм бүү мэд ямар ч гэж сул цаг гарахаар утсан дээрээ гаргаад тархины дасгал хийдэг "багаж" л даа. Ерөнхийдөө бол тоглож эхэлсэн гэвэл өнгөрсөн зунаас хойш юм даа. Тоглосоор одоо бол advanced гээд сүртэй нэртэйг нь тоглодог болчихож.

Анх тоглож байхад дүрмээ бариад л явж байхад ямар ч гэж эцэст нь хүрчихдэг. Тэр дүрэм нь бол их энгийн, 3 ийг харьцах 3 хэмжээтэй нэг дөрвөлжинд 9 өөр тоо байх ба мөн үргэлжлээд тэр жижиг дөрвөлжингөөс бүрдэх 9 ийг харьцах 9 хэмжээтэй дөрвөлжинд мөр, баганын дагуу цифр бүр нэг орох ёстой. Нэг ёсондоо 81 ширхэг цифрыг учрыг нь олж байрлуулна гэсэн үг. Энэ нөхөр нийтдээ 6,670,903,752,021,072,936,960 боломжит хувилбартай гэж байсан. Ерөнхийдөө бол байхгүйг нь олж хараад хийгээд байх юм шиг санагдаад байсан чинь сүүлийн үед миний утасны програм ухаалаг болоод байна уу яалт ч үгүй сонголт хийхээс өөр аргагүй байдалд орох үе гарах юм. Нэг ёсондоо ганцхан цифрыг 2 баганын аль нэг дээр тавихаас тоглоом дуусах уу эсвэл сүйрэх үү гэдэг болчих тохиолдол нилээн хэд гарах боллоо. Нэг нь бол баттай дуусна. Нөгөө нь дуусаж ч магад яаж ч магад, магадгүй компьютерийн програм маань сайн гэгч нь "санамсаргүй" хутгаж байгаад тавьсан бол 2 дахь сонголтоор нөгөө их олон оронтой боломжит хувилбарын нэг нь үүсээд гарч болно магадгүй мухар зам шиг байдалд орж ч болох.

Энд би 9 ширхэг цифрын боломжтой уртаашаа 9 өргөөшөө 9 нүдтэй 81 цифр сонгож бөглөх юм ярьж байхад(ер нь бол тийм ч том биш гэсэн үг, миний утасны дэлгэц 2 инч байхаа тэрэнд багтчихдаг), ганцхан цифрын байрлалаас бусад 81 нь хамаарах юм даа.

Saturday, October 2, 2010

Тодорхойгүй

Сүүлийн үед нөгөө миний сэтгэл санааны байдал гэж хөөрхий байж байгааг нь дүрсэлвэл хэлбэлзлийн давтамжийг хэд дахин хурдасгачихсан юм шиг нэг ёсондоо их хурдан асч унтраад байгаа юм шиг болчихов.

Урд маяглаад явж ядаад байгаа нөхдүүдийг цохиод авмаар мэдрэмж хүртэл төрөх юм. Газар гишгэхдээ уг нь шоргоолж гишгэх вий гэдэг хүн чинь нэг иймэрхүү болж болдог л юм байна. Нэг талаараа дүрс гэсэн нэг тийм талтай. Шалтгааныг нь даанч тодорхойлох боломж алга болтой. Ядаж байхад гадаа бороо ороод мөнх хөх тэнгэрийн байж байгааг.

Тэнгэр муухайрахын өмнө сургуулийн ууланд авирдаг клубынхэнтэй Сөүл хотын хамгийн өндөр уулын ноён биш ч багагүй өндөр оргил дээр гараад, яг урдаас салхи салхилаж байхад төрсөн мэдрэмжийг үгээр хэлэх ч юм биш. Тэгсэн атал буугаад л юм идээд буцаад ирж байх замын турш, бүр үргэлжлээд одоог хүртэл нэг тийм сонин байна. Сонин гэдэг үгээр тодорхойлж чадахгүй тийм л балай мэдрэмж. Хамгийн айж байгаа юм нь оюун бодол маань ингэж тогтворгүй байж байгаад янзан бүрийн санаанд оромгүй үйлдэл гаргачих вий гэж л санаа зовж байна.

Иймэрхүү юм болохоор хэзээний үнэнч нөхөр блогтойгоо ингээд л яриад ч байгаа юмуу суудаг болчихож.