Monday, July 14, 2014

Хязгаар гээч төгсгөл биш

Блогтоо бичвэр оруулаагүй хичнээн ч удсан юм байгаан. Интернэтэд үлдээх мөр маань фэйсбүүкийн статусын хэмжээнд хязгаарлагдаж байгааг анзаараад үзэхнээ 2013 оны намар хамгийн сүүлд бичлэг оруулж. Тухайн үеийн нөхцөл байдал, дадлага туршлагаа өнөөтэй харьцуулахад ихээхэн зөрөө гарж энэ нийгэмд бодит утгаараа хутгалдах далайц илүү өргөн болчихож. Цагийн зүү амьсгалын тоотой уралдан урагшлах тусам ертөнцийн хүмүүсийг хэсэг бүлгээр нь хайрцаглаад эхэлчиж. Ерөнхийлөн бүлэглэвэл ам нээх хүн, ам нээхгүй хүн. Энэ ч яахав, урт хугацаанд бичвэр оруулаагүй байж байгаад энэ удаад хязгаар гэх ойлголтын талаар бичих гэж байна.

Ихэнх хүмүүс хязгаар гээчийн нийтлэг утгыг төгсгөл хэмээн хүлээж авдаг. Хязгаарын цэгээс илүү хүрэх газар байхгүй мэтээр санадаг. Гэтэл энгийнээр буулгавал хязгаар гээч замын эргэлт болтой юм. Математикт Ньютон, Лейбниц хоёрын оруулж ирсэн хязгаар гээчийг графикт дүрсэлдэгтэй ижил. Эдийн засгийн хөгжил, хувь хүний харилцаанаас өгсүүлээд идэж буй хоолны хэмжээнд хязгаар буй. Эдийн засаг хөгжиж байгаад хямрах буюу хүндэрч, хүмүүсийн харилцаа гал халуун байгаад хөрж, таашаан идэж байсан хоол хоолой давахаа байдаг. Өөрийн тархины хэмжээнд угшлыг нь хөөж үзвээс ердөөсөө л хүний шуналтай холбоотой болтой юм. Хүмүүс шугаман тэгшитгэлд дургүй болтой юм. Уулын замаар дугуй унаж салхи татуулан хурдалж үзсэнийхээ дараагаар илүү налууг хүсэмжилдэг нь хүний гэм биш зан. Гагцхүү тэр шунал биднийг технологийн хөгжилд хөтөлсөн бололтой. Өндөрт дүүлэн нисэхийг хүсэж, хүлээлгүйгээр хурдан явахыг хүсэж, хүссэнээ бүтээхийг хүсдэг. Шуналдаа хөтлөгдөж хүн чанаргүй болсон хүмүүс харин нийгэмд гай тарьж эхэлдэг. Хязгаар гэж эхлээд шунал болоод явчихлаа, бичвэрийг үүгээр түр зогсоогоод дараа үргэлжлүүлэн бичнээ.