Monday, August 27, 2012

Хөгийн жижиг

Өнөөдөр өдөржин хамаг юмаа хаагаад өрөөнөөсөө нэг ч гарсангүй. Зүгээр л юу ч бодохгүй, унтаад л босож суугаад л дахиж унтаад л, бодоод л сайхан амарч авлаа. Тэгээд бодоод байсан хүн гээч нэг бодлын бужигнан өнгөрөх шуурганы тоос төдий үл үзэгдэм жижиг атал, нөгөө бодлын сэтгэлийн чанараар хорвоог бүтээх агуу бурхан ч юм шиг.

Хааяадаа байрны урдхан талд теннисны талбай руу харан байрласан хэдэн модон сандлууд байдаг юм. Ганцаараа сууж байгаад нөгөө хорвоо ертөнц нь ч арай юу юм, гэхдээ л Сөүл хотыг бол алган дээрээ тавиад харж байгаа юм шиг л харна шүү дээ. Нүдээ хоромхон анихад орчлон ертөнц энэ муу гавал дотор минь бүтнээрээ багтаад, би өөрөө ертөнц ч юм шиг тийм л орон зайд тэнэнэ. Тэгээд л бодит байдлаар харвал тэртээ харагдах үүлс жижигхээн мэт харагдавч, онгоцонд суугаад нисч байгаад газардахынхаа өмнө хөлгүй харагдах хөвөн цагаан үүлс рүү шумбан ороход үүлсийн ямар агуу томыг мэдэрдэг юм. Дээхнэ үед бид нарыг үнэхээр жижиг гэж бодож байгаад, гэхдээ ч бодит байдал дээр хажуудаа байгаа номыг шугамдаад, нарыг бас сантиметрлээд харвал нар яалт ч үгүй жижиг харагдана даа. Хүн гээч утга чанарыг ухаж байдаг амьтад шиг болтой байнга л үнэн чанар гээчийг хайж явна. Тэгсээр бөхтөрүүд алхаж сураад хэдэн мянган жилийн дараа тэр нар гээч нь ямар агуу том, бидний амьдарч буй гараг ертөнц урд уулын оройгоор хязгаарлагдахгүй, хүн гээч насан туршдаа чадлаараа алхаад ч туулж барахгүйг ойлгоцгоож эхэлсэн. Гэхдээ л саран дээр очино гэдгийг балчир хүүхдийн мөрөөдөл гэж үздэг байсан бол хэдэн арван жилийн өмнө үнэн худал нь одоо болтол маргаантай ч Армстронг мөрөө гаргаж, хэдхэн хоногийн өмнө Ангараг гараг дээр хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн төмөр биетээ газардуулчихаад, гэрлийн хурдаар хэдэн минут явж очдог газрыг судлаад явж байна.

Бид өөрсдийгөө жижиг гээд байсан бол яст мэлхийний нуруун дээр амьдардагтаа итгээд л байж байх байсан биз. Гэхдээ үе үеийн хүмүүс гэнэн балчир гэмээр сэтгэлийн тэмүүлэлдээ хөтлөгдөн бүтэшгүй гээчийн өөдөөс зүтгэж эхэлсэн. Ганц хоёр өдөр биш, хэдэн жил хэдэн үеэрээ тэмцэж байж хорвоо ертөнцийн түүхэнд аниргүй тоос мэт замхран алга болох хувь заяатай ч зуун зуунаар дурсагдах түүх, сэтгэлгээг бүтээж ирлээ. Цаашдаа ч үл замхарна. Гагцхүү хүний хүсэл даанч их юм гэдэг шиг, сайнтай саартай нь ч байна. Хэдий тийм боловч хүний уг мөн чанар нь эхийн ангир уургийг хүртэн ертөнцийн амтыг мэдэрдэг тэр балчир хүн хэвээр.

Хөгийн жижиг гэдэг бодит байдалдаа итгээд суух уу, сэтгэлийн гүнд орших тэмүүлэлдээ хөтлөгдөн дээр дээр үсрэн үсрэн, дэгдэн явсаар хоосоноос үүссэн шигээ хоосон руу замхрах уу гэдэг гагцхүү хувь хүний үнэт зүйл, сэтгэлгээ хаана байгаагаас шалтгаалах бизээ.

Friday, August 17, 2012

Тоолох дуртай хүмүүс

Бид өөрсдөө уусчихсөн болохоор төдий л анзаардаггүй шиг байгаа юм. Бид тооны боолууд. Хэдэн настай, хэддүгээр анги, хэр мөнгөтэй бүгд л тоогоор ярьж өөрсдийгөө ухаантай гэж сэтгэдэг бид тоогоор л бүхнийг хэмжинэ. Сэтгэлгээний чадлыг тоогоор хэмжинэ, хайрын илэрхийлэл мөнгөөр хэмжигдэнэ, бүр амьдарсан хугацааг чулуун дээр сийлсэн тоогоор хэмжинэ. Ертөнцөд тоо гээч эдээр хэмждэггүй нэг ч юм алга, бид ч өөрсдөө хэтэрхий дасал болчихож. Магадгүй хүний тархины чадамж одоогийнхоос хоёр дахин илүү байсан бол тоо бидэнд хэрэг байхгүй байсан биз. Бүгдийг хүний торгон мэдрэмжээр уншаад хийчихнэ. Гэхдээ муулаад байхаар эд ч биш л дээ. Тоон технологийн ачаар би энэ хэрэгт хэрэггүй санаагаа бичээд сууж байна. Юмыг тоолж багцалж эхэлснээр бид хөгжилд хүрэх замдаа орсон. Даанч тэр хэрээр юм бүгдийг хуруугаа гозойлгон, сүүлдээ дийлэхээ байгаад цахим төхөөрөмжөөр тоолж эхэлсэн. Учир нь бидэнд амар байдаг. Найзуудаа бид хэтэрхий тоочин болоод байгаа юм биш үү?

Нөхрийн өр

Одоо л хүмүүсийн өмнө гарчихаад янзан бүрийн юм яриад явдаг болохоос би бага байхын бүрэг хүүхэд байлаа. Дунд сургууль төгстөлөө хүний өөдөөс эгцэлж хараад ярих гэхээр өвдөг салганадаг байсан юмдаг. Бага сургуулийн ангидаа анх ороод төгсөх хүртэлх дурсамж маань ахлах сургуульд сурж байсан дурсамжнаас хүчтэй байдаг учир нь юунд оршихыг үл таана.

Уржигдар өдөржин далайн эргийн хотоор тэнэж байгаад дараа өдөр нь эрт ажилтай байсан тул шөнийн автобусаар Сөүл хотыг зүглэсэн юм. Нойргүй хоносон дээрээ өдөржин гэлдэрсэн бие өөрийн эрхгүй мэдээгүй болж би зүүдний ертөнцөд тэнэж явлаа. Нэг мэдэхэд автобус зорьсон зогсоолдоо бараг хүрчихсэн байсан ба утсаа гаргаж цаг харчихаад мэйлээ шалгалаа. Харанхуй шөнөөр бол намайг дурьдсан жиргээ фэйсбүүкийн хуудсанд надад хандсан сэтгэгдэл эсвэл, зурвас л байна гэхээс өөр ямар ч имэйл ирэхсэн билээ. Тэгтэл багш руу цуг очино очино гэсээр тохироо нь бүрдээгүй манай бага ангийн даргаас зурвас иржээ. Цагийг нь харахнээ намайг автобусанд суугаад ертөнцөө тасарч байх тэр л зуур цочирдом мэдээтэй зурвас ирсэн ба бага ангийн маань найз биднийгээ орхиод амгалангийн оронд залрахаар явчихаж ээ. Одоо ч нэг л итгэж өгөхгүй байна даа. Хамгийн сүүлд гурав дөрвөн жилийн өмнө таарсан, тухайн үедээ надтай уулзаж байгаагаа ч мэдэхгүй, түүнээс хойш ч төдий л харьцаатай байгаагүй юм. Надад найз гээд хэлж чадахаар хүмүүс их цөөхөн байдаг хүн. Тэр нөхөр маань хичнээн урт хугацаанд уулзалдаагүй, намайг байдаг гэдгийг ч мартсан байсан байж магадгүй боловч найз маань байлаа. Бага сургуульд байхад надад яаж зоригтой байхыг зааж байлаа. Өвөл сургуулийн хойд хэсэгт байрны өмнө хөлдсөн газар мөсөн дээр гулгахгүй айн зогсоход айдсаа даван дийлэх талаар ахынхаа сургаалийг надад хэлээд найз баймаар байвал зоригтой байхыг сануулж байсныг бүдэг бадаг санаж байна. Тэрний дараахан ангиараа багшийгаа даган тоглолт үзчихээд буцаж ирснийхээ дараа найз болох гэж хэдэн цаг мөсөн дээр гулгаж байгаад, одоо би чиний найз мөн үү гэхэд толгойгоо дохиж билээ. Тэгэхэд намайг алга болчихож гээд манай гэрийхэн бөөн эрэл сурал болчихсон би ч амаа ангайсан амьтан л гэртээ орж байв. Тэрнээс хойш хөдөлгөөн муутай намайг хэн ч дээрлэхсэн найз маань хамгаалдаг байлаа. Өөрөө жаахан аймхай ч нөхдийхөө төлөө бол том ангийхантай ч гар зөрүүлэхээс буцахгүй тийм л сайн эр байв. Урвах жамтай ертөнцийн мөнх бусыг сануулах гэсэн мэт чи яваад өглөө найзаа. Дараа төрөлд нь найз нь нөхрийн өрөө төлнөө.


...Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!