Tuesday, November 12, 2019

Төгсгөхгүй бодлуудын хэлтэрхий

Сэтгэл тавгүй үедээ бичиж тайвширдаг байсан би бээр хамгийн сүүлийн блогоо бичээд 10 сар болчихож, нэг хүүхэд бүтээд төрөх хугацаа гэсэн үг. Бодлууд ба түүнийг дагасан үйлдлүүд минь ч энгийн болж эхлэв бололтой. Ярих, бичихдээ сүртэй үг хэллэг хэрэглэх гэж тэмүүлдэг байснаа больчихож.

Саяхан Харанга хамтлагийн 30 жилийн ойн тоглолтыг үзээд дотроо огшин зогсож байхнээ Лхагваа ах гэнэт тамхи татаж билиг танхайгаа гайхуулах тэрхэн зуур эгдүү хүрч байв. Гэтэл хэдхэн сорсноо 40 жилийн ойн тоглолтоо хийхийн тулд тамхи гэдэг энэ зүйлээс гарлаа гэж хэлэхүйд гэнэтийн гуниглалд автлаа.

Буянт-Ухаагийн спортын ордонд зассан тайзыг бахдал дүүрэн хөгжимдөх тэднийг харан зогсоход яагаад ч юм тэхийн зогсоол шүлэг төсөөлөгдөж байлаа. 10 жилийн дараа яг л тэр хамтлагаараа тоглож чадаа ч үү, гэж бодохын зэрэгцээ тэр л тоглолтын үзэж байгаа даа баярлаж зогслоо.

Түүнээс хойш бодлууд хөврөв. Цагаан сараар золгочихоод таг алга болоод наадмаар нэг зүс үздэг зарим хүндэт хамаатнуудтайгаа ирж буй шинэ сарын баяраар золгохгүй гэдгээ саналаа. Шашин номоороо бол бид хойд төрөлдөө дахин дахин учрах ёстой боловч ямар ч баталгаа үгүй.

Ядаж байхад, 2 жилийн дараа үхэх оноштойгоор 40 хол гаруй жил амьдарсан Стевен Хокинг 2018 онд "унтрах"-аасаа өмнө диваажин эсхүл хойд төрөл гэдэг төсөөллийн төдий зүйл нь харанхуйгаас айдаг бид өөрсдөдөө итгүүлж тайвширдаг хиймэл зүйл гэжээ. Хүн гэдэг компьютер мэт зүйл бөгөөд бүрдэл хэсгүүд нь зогсоход нийтээр зогсдог системтэй зүйрлэж.

Түүний хувьд хэт олон жил техникийн тусламжтай амьдарч, харилцаа үүсгэж ирсэн болохоор тийн хэлэх нь аргагүй мэт боловч үхэж байж л мэдэх тэр газарт юу болдогийг мэдэхгүй. Ямартай ч нэг өдөр олж мэдэх хэдий ч энэ блогоор дамжуулан мэдэгдэж чадахгүй байх.


Saturday, January 19, 2019

Бодол шилжих мөчид


Дуусгаж амжаагүй бичиг цааснуудын ажлаа дуусгахаар 17-р жарны шороон нохой жил “урвуулагч” хэмээх гахай жилд шилжихээс хэдхээн хоногийн өмнөх энэ өдөр хэсэг суулаа. Ганцаараа дэлгэц ширтээд сууж байхуйд нэгэнт харанхуй болжээ. Сонсож байгаа дуунуудын ерөнхий хэмнэлээс шалтгаалав уу, ямар нэг шалтгаанаар миний амьдрал энэ мөчид дуусвал гэсэн бодол хаанаас ч юм ороод ирлээ.

Сүнс минь биеэ орхин хаа хүрэхийг төсөөлөхөөс биш баттай мэдэх юм алга. Буруу, зөвөө бурхнаар дэнслүүлээд өвөг дээдэстэйгээ золгож, орхиод ирсэн хүмүүсээ алсаас хайрлан ивээж суух болов уу гэсэн таамаглал байна. Таамаглал зөв байгаад, сүнсгүй хоцорсон бие минь байгаль дэлхийд уусаж, хүмүүсийн тархинд байх царай төрх минь аажмаар мартагдаж, утасны дугаар, унадаг машин, өмсдөг байсан хэдэн хиртэй хувцаснууд маань эзэнгүй замхрахыг харж суух тэр мөчтэй тулгаравал би цаг хугацааг ухрааж буцаад амилахыг л хүсэх байх.

Хүмүүсийн томьёолдогоор хайрыг л түгээж, саяхан л үүр хаяарч байх шиг байсан нүд цавчихын зуур нар жаргах мэт богино хугацааг будилж туулсан жим маань зурайж үлдэхдээ ард яваа нэгэнд тус болж, утга төгөлдөр амьдраад буцахыг хүсэх байсан байх.

Энэ мэт бодлууд зурвасхийн өнгөрөхөд би ямартай ч амьд байна. Цаг ч байх шиг байна, хүн шиг амьдаръя даа.