Sunday, October 31, 2010

Жүжгийн тайз

Гурван салбадайн жүжигчин болсон тэр мөчөөс эхлэн энэ түүх эхэллээ. Бүхэл бүтэн хоёр хорооллын дунд ганц байх тэр театрын жүжгийн найруулагч тэрүүхэн тэндээ театрын эзэн нөхөр урлагийн сэргэн мандалт явагдаж байсан хэдэн арван жилийн өмнө хаалгаа эвдэх шахам чихцэлдэж байсан үзэгчдийн тоо өөрт үлдсэн амьсгалах тоотой зэрэгцэн цөөрч байгааг хүсээгүй ч анзаарсаар.

Юунаас ч юм долоо хоног бүрийн Лхагва гарагт хүчтэйхэн шиг дэвхэцвэл цөмөрчихөөр шалтай жүжгийн тайз цагаа хүлээн суугаа цаазийн ялтан шиг чихэнд чийртэй хэр нь цаанаа л нэг уянгатайгаар өөрийнхөө үхээгүйг илтгэх мэт хяхтнан дуугарна. Театрын эзэн улиг мэт болсон боловч өнгөрсөн түүхийн хэзээ нэгэн цагт хүмүүсийг шуугиулж байсан "Салхи" жүжгээ сонирхохоор хуучирч муудсан театрт томдсон юмуу даа гэмээр хаана ордоных шиг хаалгаар орж явтал урдаас нь жүжигчдийн дундаас өөрийнх нь охин шиг байдаг атал хааяадаа хорт могой шиг санагддаг хүйтэн харцтай гуалиг савх шиг жүжигчин эм гунигтайгаар тосон угтах нь тэр. Хөгширсөн удааширсан ч хатаж зөнөөгүй өвгөн, хэдэн сарын өмнөөс бүтнээр нь олгоогүй цалингийн асуудал ингээд дуусдаг юм байжээ гэж бодож дуусаагүй байтал, охин ч батлах мэт мөс шиг хүйтэн харцнаасаа нулимс дусгалаа.Бусад нь хаячихаад байхад энэ яагаад яваагүй билээ гэсэн бодол цухас орж ирсэн ч яагаад гэдгийг нь гаргаж чадсангүй.

Ертөнцийн цэвэр агаарыг сүүлийн удаа амьсгалахаасаа өмнө дүүрэн алга ташилтыг ганцхан л удаа сонсох юмсан гэсэн мөрөөдөл мэт бодол нь ингээд төгсч дээ гэж санаа алдан загтнах мэт мэдрэмж төрсөн хэдийнэ бууралтсан сахлаа илбэн хуучны эдлэлд тооцогдох ширээнийхээ ард сууж байтал, хаалга аяархан нээгдэн, мөнөөх охин нэгэн залуу дагуулсаар орж ирсээр шороонд дарагдсан зочны буйдан дээр өөртөө итгэлтэйгээр тухлан суугаад бодлын далайн шуурганд төөрөх мэт өвгөнийг нэг хараад дагуулж ирсэн охинд их л эелдэгээр хонгор минь уух юм байхгүй билүү гэж асуухыг бодоход, хархүн нь болтой юм.

Залуу их л шийдмэгээр, энэ удаад тэсрэлт байх болно. Та домог болно гээд нүүрэн дээр нь "Мод" гэж бичсэн зохиол гэхэд нимэгхэн багцалсан цаасыг гаргаж тавив. Уншаад үз, хүн хүч ч хэрэггүй. Зөвхөн та тэр би байх болно гэчихээд тоос хөөргөн суудалдаа заларлаа.

Эхнээсээ их л уйтгартай эхлэх тэр "Мод" жүжиг голдоо ортол харин сонирхолтой болоод явчихав. Төгсгөлийнх нь бүлгийг ойлгож ядаад асуух гэтэл, урдаас хэзээний мэдэж байсан мэт, тэрийг тайзан дээрээс харж байж л тодорхой болно гэх шив. Өвгөн тухайн үед юу гэж бодсоныг мэдэхгүй ч ямар ч байсан, эргэдэг сандлынх нь хойно байх хуучин зэвтэй хадгаламжийн хайрцагнаас хэдэн мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд, нөгөөх хүйтэн хэрнээ эелдэг царайтай охинд өгөөд явууллаа.

Дараагийн долоо хоногийн Лхагва гараг болоод гудамжаар анхны алхаагаа хийх мэт хүүхэд шиг алхаж яваа өвгөн хөл дор нь хөглөрөх "Мод" жүжгийн сурталчилгааг эцсийн найдвар мэт харж явлаа. Театрын арын хаалгаар ороод тайзны хойноос сэм харвал театр дүүрсэн байгаа нь, сурталчилгааны цаасан дээр бичсэн "Шонхорын сүүлийн нисэлттэй" холбоотой. Үнэндээ талд амьдардаг шонхор, ойд байх мод яаж холбогдоод байгааг л тайзан дээрээс харж болно биз.

Жүжиг ч эхэллээ, хоёрхон хүн тоглоод байгаа хэрнэ алга ташилт улам чангарч байлаа. Өвгөний нүүрэнд тэртээх хэдэн жилийн өмнө гарч байсан бахархалын инээмсэглэл тодорно. Хэдийгээр шонхор жүжгийн гол дүр байсан ч жүжгийн дунд хэсэг хүртэл байхгүй байсанч үзэгчид тоох юм алга тэдэнд сонирхолтой агшинууд л чухал. Эцсийн бүлэг болж шонхор салхи зүсэн дэвэлтээ хийлээ, хяхтнан дуугарах жүжгийн тайз сүүлийн удаа бахархалтайгаар хяхтаналаа...

No comments:

Post a Comment