Monday, October 5, 2026

Бизнес хийж үзэж байгаа нь

Энэ оныг угтаад оргилуун дарс буудуулж байсан нь саяхан мэт атал төрсөн өдөр хүртэл 2 сар л үлдэж. Бизнес хийнэ гэж том толгойлж эхлээд 18 жилийг үдсэнээс энэ жил анх удаа галзуу хулгана шиг л явж үзлээ. Мөнгөний амтыг мэдрээд цөм ашиг хийчих гээд л, тендер авж бужигнуулчих гээд л, итгээд бөөн мөнгө өгчих хүн хайдаг байсан үетэйгээ харьцуулахад арай төлөвшөөд сүүлийн үед мөнгө өгье гэсэн ч хариуцлагаас бултаад авахгүй гэдэг үе дээрээ иржээ. Цаашид хаа хүрэхнүү харж л байхаас.

Бодож суухнээ би гадаад зах зээлээс л хэдэн доллар зулгааж байсан уу гэхээс монгол дотроос төдийлөн ашиг олж үзээгүй аж. Хэд хэдэн тохиолдолд дотоодод дамлан зардаг зүйлсийг зах зээлийн үнэд ойртуулах түншлэл хийж явсан ч нугалж зарах дуртай түншүүдээс тэгсгээд холбоо тасарсан. Зах зээл шилжих үед тогтсон энэ хэв маягийг эвдэхгүй бол хөлжиж амжихгүй байгаа монголчууд хэзээ хүртэл биесээ шулж амьдрах вэ дээ.

Даанч анхан үеийн дамчдын 2-р үе бүр сурмаг болж байна. Сошиал сүлжээний хөгжил, түүнийг ашигладаг маркетинг нь дамын сэтгэлгээтэй хоршчихоор хэрэглэгчид хамгийн чанаргүйг өндөр үнэ төлж авдаг сэжиг хүрэм зах зээлийг бүрдүүлж байна. Нөгөөдүүл нугалж олсон мөнгөөрөө байраа томруулж, машин аваад, ломбард ажиллуулж мөнгө хүүлэнгээ монголд мөнгө үрэх газар алга гээд гадаад улсуудад очиж үрмээр аядах боловч тэднийг буруутгах нь буруу юм. Чөлөөт зах зээлд хэн сэргэлэн зальтай, хурдан нь ашиг олох нь жам. 

Гэвч улс төрчид тэргүүтэй бохир мөнгөний суурьтай компаниудтай энгийн нэг наймаачин байтугай олон улсын компаниуд ч өрсөлдөж чадахгүй орчинг бид хэдийнэ бүрдүүлсэн байна. Тэд чөлөөт зах зээлийн зарчмаар биш зөвхөн ширээнд суусан ах, эгч нар ээлжлэн хөлжих дүрмийг зохиосон тул олсон хэдээрээ юм бүтээж, нэг өдөр тэдний шуналыг хөдөлгөж улаан дохиур мөргөснөөс махан биеийн жаргал эдлээд явж байсан нь дээр ч байж болох юм.

Tuesday, June 9, 2026

Аниргүй бодлууд

Ажлын жим татсан өнөөх л Улаанбаатар-Сөүлийн шөнийн нислэгт суухдаа өглөө эрт ажилтай тул унтахыг хичээвч хэт ядраад нойр хүрээгүй тул Судоку хамгийн хэцүүг тоглоод 30 орчим минутад бөглөчихөв. Уг нь таньдаг хүнийхээ нэрийг ч санахааргүй хэмжээний тархины дутмагшил үүссэн үе.
10 гаран жилийн өмнө Цэцболдийн бичиж байсан ихэд ядарсан үедээ бясалгал хийвэл бүр сайн төвлөрдөг тухай уншиж байснаа санасан боловч өглөө ажилтайдаа шаналан вино ууж унтахыг зоривч тусыг эс олов. Нэг мэдэхнээ онгоц ч буудалдаа ирж би төлөвлөсний дагуу хурдан алхсаар түрээсийн машинаа авахаар гэрээ хийхээр сууж байхад нар нилээн дээр гарчихсан ч цаг дөнгөж 06.
Ажил бол ажил, ялангуяа хөгжсөн орнуудад уулзалтын цагийг өөрчлөх гэдэг ихээхэн соёлгүй, дараагийн ажлууад нөлөө үзүүлдэг тул гүрийсээр очлоо. Уулзалтууд дунд өдөр өнгөрч нэг мэдэхнээ нойргүй шахам 36 дөхөж байхдаа үүнийг заавал тэмдэглэж үлдээх бодол төрсөн болно.
Орчин тойрны юунд ч үл автан ганц л бодолд төвлөрөх авьяас мэт боломжийг нойроор цангах үедээ илрүүлэв.
Яаран алхах олон солонгосчууд хүний амьдралын хэдхэн жилийг мөнгө олох, бас мөнгө олоход л зориулан дараа төрлийг умартан зүтгэх аж. Олонхи нь Протестант шашинтай тул мөнгө олж, долоо хоног бүрийн 10% аа тушаавал диваажинд очих тухай эргэлзэлгүй итгэсэн нь яалт ч үгүй тэдний зөв байв.
Мөнгийг тахин шүтдэг тухай тэдний талаар шүүмжилдэг минь ичгэвтэр хэрэг ажээ. Энэ мэт мэддэг атлаа төвлөрөн тусгаж тунгаадаггүй олон бодлууд тархины булангуудад өрөөтэй байна.
Уншиж буй таньд ч байж магад тул Цэцболдын энэ аргаар өнөөдрөө нэг тунгааж, аниргүй дүгнэлт гаргаад үзэхийг зөвлөж байна.