Thursday, December 30, 2010

Дээшээ нисэх үү, дээвэр хүртэл нисэх үү

Улиран өнгөрч буй 2010 оны сүүлтэй зэрэгцээд энэ онтой цуг орхиж буй өөрийгөө дүгнэж цэгнэж, сүүлийн үед бол нөгөө л бодлын далайдаа хөвж явах шив. Өмнөх "Зүүд" гэдэг бичлэг ч үүнээс үүдэж бичсэн байх. Эдийн засгийн янзан бүрийн юм уншиж байгаад David Romer гэж хүний нэгэн нийтлэлийг уншлаа. Ерөнхий санаа нь бол хүрэх гэсэн газартаа хүрэд зогсох уу эсвэл үргэлжлүүлээд яваад л байх уу гэж.

Санхүүгийн нэгдэлд ажилладаг зөвлөхүүд дээр жишээ авсан байгаа юм. Санхүүгийн зөвлөхүүд бол үйлчлүүлэгчийнхээ хөрөнгийг баталгаагүй зүйл дээр мөрий тавиад алдчихалгүйхэн шиг явж байвал болоо гэж байхад эсрэг талд нь үйлчлүүлэгчид бол мэдээж аль болох их л хэмжээний ашиг чухал байдаг. Нөгөө ханаж цадахыг мэдэхгүй гэдэг энэ дээр гарч ирж байгаа юм л даа. Угаасаа үүргээ гүйцэтгэчихсэн хүн илүү ажиллаж өөрийнхөө хүч чадал, оюун ухаанаа тарамдаад яахав гэх маягтай ажиллаж байгаа юм. "Wall street 2: Money never sleeps" ийг үзэж байхад Bretton James гээд нөхөрт гол дүр маань "Хүн болгонд хүрэхийг хүссэн газар байдаг, чинийх хэд юм?" гэж асуудаг санагдана. Зөв санаж байгаа бол тийм юм байхгүй гэх маягтай инээмсэглээд гардаг байхаа.

Хүний хүсэл хязгааргүй. Энэ бол араатан мэт хүмүүн бидний мөн чанар. Тийм ч байгаагүй бол амьдралыг амар болгож буй машин, онгоц, гар утас гэх бүтээгдэхүүнүүд төрөхгүй байсан биз. Түүнчлэн яруу алдарт социалисм ч үүний үр дүнд нуран унасан биз. Жилийн төлөвлөгөөгөө биелүүлж л байвал илүү гарах нь хамаагүй, учир нь илүү хийлээ гээд "Хөдөлмөрийн баатар" цолыг энгэр дээр мялаагаад явуулахаас өөр тэр хүнд унах юм байхгүй. Тэгтэл капиталист нийгэмд хэн илүү зүтгэнэ, хэн илүү сэтгэнэ тэр нөхөрт яамны дарга нараас илүү зэрэглэлийн суудлаар Давосын чуулга уулзалтанд очих боломжийг олгож байгаа юм. 

Тэнцсэн тэнцээгүй гэдэг шалгалтын системээс зүтгэлээр нь тоо гаргаад дүгнэчихдэг системтэй сургуулийн оюутнууд илүү айдастай илүү хүчин чармайлттай байдаг нь энэ чанар биз. Хүн цохиход хүртэл цохиж байгаа хүний нүүрийг бус, толгойных нь ард байгаа газрыг цохино гэж төлөвлөөд цохивол гараа л гэмтээхгүй бол өрсөлдөгчөө "Накаут" болгодог хэрэг.

Орон тооны бөглөөс болох биш хийж бүтээе гэх хүмүүс л бидний Монгол устаж алга болохгүй хөгжлийн жанжин шугаманд утгаараа орох биз.

No comments:

Post a Comment