Tuesday, June 9, 2026

Аниргүй бодлууд

Ажлын жим татсан өнөөх л Улаанбаатар-Сөүлийн шөнийн нислэгт суухдаа өглөө эрт ажилтай тул унтахыг хичээвч хэт ядраад нойр хүрээгүй тул Судоку хамгийн хэцүүг тоглоод 30 орчим минутад бөглөчихөв. Уг нь таньдаг хүнийхээ нэрийг ч санахааргүй хэмжээний тархины дутмагшил үүссэн үе.
10 гаран жилийн өмнө Цэцболдийн бичиж байсан ихэд ядарсан үедээ бясалгал хийвэл бүр сайн төвлөрдөг тухай уншиж байснаа санасан боловч өглөө ажилтайдаа шаналан вино ууж унтахыг зоривч тусыг эс олов. Нэг мэдэхнээ онгоц ч буудалдаа ирж би төлөвлөсний дагуу хурдан алхсаар түрээсийн машинаа авахаар гэрээ хийхээр сууж байхад нар нилээн дээр гарчихсан ч цаг дөнгөж 06.
Ажил бол ажил, ялангуяа хөгжсөн орнуудад уулзалтын цагийг өөрчлөх гэдэг ихээхэн соёлгүй, дараагийн ажлууад нөлөө үзүүлдэг тул гүрийсээр очлоо. Уулзалтууд дунд өдөр өнгөрч нэг мэдэхнээ нойргүй шахам 36 дөхөж байхдаа үүнийг заавал тэмдэглэж үлдээх бодол төрсөн болно.
Орчин тойрны юунд ч үл автан ганц л бодолд төвлөрөх авьяас мэт боломжийг нойроор цангах үедээ илрүүлэв.
Яаран алхах олон солонгосчууд хүний амьдралын хэдхэн жилийг мөнгө олох, бас мөнгө олоход л зориулан дараа төрлийг умартан зүтгэх аж. Олонхи нь Протестант шашинтай тул мөнгө олж, долоо хоног бүрийн 10% аа тушаавал диваажинд очих тухай эргэлзэлгүй итгэсэн нь яалт ч үгүй тэдний зөв байв.
Мөнгийг тахин шүтдэг тухай тэдний талаар шүүмжилдэг минь ичгэвтэр хэрэг ажээ. Энэ мэт мэддэг атлаа төвлөрөн тусгаж тунгаадаггүй олон бодлууд тархины булангуудад өрөөтэй байна.
Уншиж буй таньд ч байж магад тул Цэцболдын энэ аргаар өнөөдрөө нэг тунгааж, аниргүй дүгнэлт гаргаад үзэхийг зөвлөж байна.

Wednesday, January 24, 2024

Өдрөөр амьдарсаар

Хүн надаас чи ямар ажил хийдэг вэ гэж асуухаар яг тодорхой хариулж чаддаггүй юм. Боломжийн гэж санагдсан наймаанаас эхлээд жижиг том олон төсөлтэй зууралдан мунгинаж байгаагаа дурьдалтай биш чигийг нь гаргаад л орхидог зуршилтай ерөнхий нэгэн болчихож.

Ёстой л багадаа хүсэж байсан талын салхи шиг эрх дураараа боловч өнөө цагийн монголынхоо нэг нь би гэсэн шиг урд, хойд хормойны хооронд л өдөр өдрийг барсаар энд нэг ч бичвэр үлдээхгүй туулай жилийг өндөрлөх гэж байж. 

Анивчих курсорыг хараад би заавал бичих нь юуны учир билээ гэж хэсэг бодолхийлсэн болоод өөрийгөө амьдарч байгаагаа, жаахан ерөнхий этгээд болсноо нотлоод түүртсэн бодлууд дундаас тодрох үгсийг шивж сууна.

Зүйрлээд бичвэл хэдэн сараар грашт хаягдаад өтгөн тоосонд сүр нь дарагдаж, дугуйных нь хий гарсныг өнгөрч явсан хүүхэд хараад энэ асах уу гэж шоолмоор л төрхтэй болж. Гол нь асаагаад хаачих ч юм. 

Гараад л сармагчингуудын марш дунд холхиж байтал өдөр дуусчихна. Ядаж байтал зуны хурц нарнаас хамгаалсан цонхны хальс нь шөнө жолоо барихад садаа болох тул цонхоо нээж явья гэхээр салхи даган орж ирэх шороо нь үл дийлдэнэ. Хөгжим нь сайхан дуугарах атлаа нөгөө л байсан, цаашид ч байх хуурцагнууд ээлжлэх ба радиогоор явах шинэ дуунууд нь сэтгэл хөдөлгөх нэг ч зүйлгүй. Тиймээс асаагаад ярьшиг бензин тосны гарз гээд өрөвдөм төрхтэй нь үлдээчихнэ.

Иймэрхүү байдлаар бүхнийг төвөгшөөн өдөр өдрөөр ярвайж явсаар хэдийнэ жилийг барчихсан атлаа одоо харамсаад яахав хэмээн өөрийгөө зөвтгөж ч байх шиг. Би ийм байлуу гэж цочоод эндэх бичвэрүүдээ эргэн уншихнээ 18 нас хүрсэн өдрөө бичиж байсан тэмүүлэл дүүрэн түүнээс хуучирч яваа махан бие, ясан хэлхээ л үлдсэн бололтой. Ингэж л хүн мөхлийн циклдээ гацдаг байх гэж дүгнэж сууна.

Юмыг яаж мэдэг гарах арга олвол нэг бичнээ.

Tuesday, August 23, 2022

Яажшуухан хамтдаа хөгжих вэ?

Өөрөөсөө илүү оршихуйг хүлээн зөвшөөрч байж л өөрөө хөгжих замаа нээдэг юм шиг байна. 
Солонгосын дайны үед төрсөн гарууд үндэсний хөрөнгөтөн гэж цоллогдох хүмүүсээ саяхныг хүртэл харааж зүхдэг байсан. Шалтгаан нь ерөөсөө дайн дуусаад бүгд л ижил гараанаас хөдөлж байхад хэдхэн жилийн дотор энэ луйварчид юугаараа илүү гэж их хөрөнгөтэй болов гэдэг сэтгэхгүйг нийтээрээ бараг 50 жил хаяаагүй ба 97 оны Азийн хямралаас хойш тэд ч хөгширсөн, сэтгэхүй ч өөрчлөгдсөн, нийтээрээ хөгжсөн.
Төстэй нөхцөл байдал 90 оноос хойш бидэнд үүссэн ба өмчгүй байсан нийгмийн сэргэлэн нөхдүүд түрүүлж хөдлөөд уул уурхайн шинэ давалгаанд бүр эрчээ авсан бол 30 жилийн дараа гэхэд нийгмийн дийлэнх нь тэдгээр хөрөнгөтэй хүмүүсийг үзэн яддаг хандлага гаарсан.
70, 80, 90-ээд он гэхэд л адилхан нэг сумын сургуульд сурдаг, нусгай байсан гарууд нь нийгмийн өөрчлөлт, цагийн уртад өөрөөс нь илүү явахыг харахаар атаархал, бардамнал зэрэг төрөөд өөрийнхөө сэтгэлгээг дөнгөлж орхидог шиг байгаан.
Ийнхүү сэтгэхүйгээ дөнгөлж, "мөнгөтэй бол луйварчин, том хөхтэй бол янхан" гэдэг атаархуу сэтгэлгээ л биднийг хамтдаа хөгжихөд саад болж байна гэж би хувьдаа боддог. Мөнгөтэй гэдэг бүтээгдмэл, том хөхтэй гэдэг өгөгдмөл(магадгүй бүтээгдмэл) шинж чанар өөрт байхгүй бол дотроо зовно, гаднаа хэдэрхэнэ. Хөдөлмөрч, сэргэсэн сэтгэхүйтэй, биеэ сайн торддог хүмүүс гэрэлтсээр холдоход өөрийгөө адилтган үзэж атаархан суугчын сүүдэр томорсоор алсран хоцорно.
Тэгвэл яах вэ гэж үү? Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөс илүү нөхцөлд амьдарч байгаа хүмүүс эсвэл өөрийн улсаас илүү сайхан оршиж байгаа улс орны илүүг нь хүлээн зөвшөөрөөд хамтаад хөгжих орон зайг тэдэнд гаргаж өгөх хэрэгтэй.
Аяндаа өөрийн дутуу, сул талыг анзааран засаж эхлээд алсдаа зэрэгцэн хөгжинө. Мандаж, буурч, сөргөлдөж, найрамдаад эцэстээ зэрэгцэж хөгжсөн түүх гэвэл дэлхийгээр нэг.

Tuesday, April 14, 2020

Тусгаарлалтад түнтэгнэсэн бодол

Өмнөх нийтлэлээс хойш нилээн хэд сар өнгөрсөн ба энэ хугацаанд их олон зүйл болоод өнгөрчээ. Уг нь тухайн нийтлэлээс хойш энд салхи оруулна гэж бодолгүйгээр мартах гэж байсан ч тайвширлыг олж, өөртэйгөө харилцах боломж олдог энэ газраас зугтаад хаа хүрэхэв.

Нэг л гунигтай цагаан сар болох юм шиг байсан бол дэлхий нийтэд тархсан титэмт вирусээс шалтгаалаад бүр тэмдэглэсэн ч үгүй. Иргэдээ хамгаалах төр засгийн шийдвэрүүд гарч цөөнгүй газруудын үйл ажиллагааг зогсоосон ба өдийг хүртэл кино театр, саун гэх зэрэг оюун болоод биеийн таашаал хүртдэг газруудгүй амьдралыг төсөөлж ч байсангүй.

Муугаар бодоод титэмт вирусын халдвар аваад тусгаарлагдан эмчлүүлэх бол саяхнаас л хэрэглээд нэвтэрсэн хэдий ч түүнгүйгээр амьдрал үргэлжлэхгүй мэт байр суурь эзэлсэн ухаалаг утас хэрэглүүлэхгүйдээ гэж бодсон гол харлаад явчихав. Гол харласнаа бодож цочирдов.

Би лав энэ хэрэглээндээ хэтэрхий дасчихаж. Цаашлаад би өөрөө энэ нийгмээс хэтэрхий уяатай болчихож. Хэвэнд цутгасан сэтгэхгүй, нэг л хэвээр үргэжлэх долоо хоногуудад дадаад тэр л хэв маягаасаа хэлтийвэл хямардаг болчихож. Зүйрэлбээс хар төмрөөр, заваан болхи цутгасан нийгмийн араануудын нэг болж жигдрэх юмандаа орчих шиг болов.

Магад нилээн хожуу анзаарах байсан зүйлийг өнөөдөр анзаараад бичиж сууна. Өөрийгөө анзаар.

Tuesday, November 12, 2019

Төгсгөхгүй бодлуудын хэлтэрхий

Сэтгэл тавгүй үедээ бичиж тайвширдаг байсан би бээр хамгийн сүүлийн блогоо бичээд 10 сар болчихож, нэг хүүхэд бүтээд төрөх хугацаа гэсэн үг. Бодлууд ба түүнийг дагасан үйлдлүүд минь ч энгийн болж эхлэв бололтой. Ярих, бичихдээ сүртэй үг хэллэг хэрэглэх гэж тэмүүлдэг байснаа больчихож.

Саяхан Харанга хамтлагийн 30 жилийн ойн тоглолтыг үзээд дотроо огшин зогсож байхнээ Лхагваа ах гэнэт тамхи татаж билиг танхайгаа гайхуулах тэрхэн зуур эгдүү хүрч байв. Гэтэл хэдхэн сорсноо 40 жилийн ойн тоглолтоо хийхийн тулд тамхи гэдэг энэ зүйлээс гарлаа гэж хэлэхүйд гэнэтийн гуниглалд автлаа.

Буянт-Ухаагийн спортын ордонд зассан тайзыг бахдал дүүрэн хөгжимдөх тэднийг харан зогсоход яагаад ч юм тэхийн зогсоол шүлэг төсөөлөгдөж байлаа. 10 жилийн дараа яг л тэр хамтлагаараа тоглож чадаа ч үү, гэж бодохын зэрэгцээ тэр л тоглолтын үзэж байгаа даа баярлаж зогслоо.

Түүнээс хойш бодлууд хөврөв. Цагаан сараар золгочихоод таг алга болоод наадмаар нэг зүс үздэг зарим хүндэт хамаатнуудтайгаа ирж буй шинэ сарын баяраар золгохгүй гэдгээ саналаа. Шашин номоороо бол бид хойд төрөлдөө дахин дахин учрах ёстой боловч ямар ч баталгаа үгүй.

Ядаж байхад, 2 жилийн дараа үхэх оноштойгоор 40 хол гаруй жил амьдарсан Стевен Хокинг 2018 онд "унтрах"-аасаа өмнө диваажин эсхүл хойд төрөл гэдэг төсөөллийн төдий зүйл нь харанхуйгаас айдаг бид өөрсдөдөө итгүүлж тайвширдаг хиймэл зүйл гэжээ. Хүн гэдэг компьютер мэт зүйл бөгөөд бүрдэл хэсгүүд нь зогсоход нийтээр зогсдог системтэй зүйрлэж.

Түүний хувьд хэт олон жил техникийн тусламжтай амьдарч, харилцаа үүсгэж ирсэн болохоор тийн хэлэх нь аргагүй мэт боловч үхэж байж л мэдэх тэр газарт юу болдогийг мэдэхгүй. Ямартай ч нэг өдөр олж мэдэх хэдий ч энэ блогоор дамжуулан мэдэгдэж чадахгүй байх.


Saturday, January 19, 2019

Бодол шилжих мөчид


Дуусгаж амжаагүй бичиг цааснуудын ажлаа дуусгахаар 17-р жарны шороон нохой жил “урвуулагч” хэмээх гахай жилд шилжихээс хэдхээн хоногийн өмнөх энэ өдөр хэсэг суулаа. Ганцаараа дэлгэц ширтээд сууж байхуйд нэгэнт харанхуй болжээ. Сонсож байгаа дуунуудын ерөнхий хэмнэлээс шалтгаалав уу, ямар нэг шалтгаанаар миний амьдрал энэ мөчид дуусвал гэсэн бодол хаанаас ч юм ороод ирлээ.

Сүнс минь биеэ орхин хаа хүрэхийг төсөөлөхөөс биш баттай мэдэх юм алга. Буруу, зөвөө бурхнаар дэнслүүлээд өвөг дээдэстэйгээ золгож, орхиод ирсэн хүмүүсээ алсаас хайрлан ивээж суух болов уу гэсэн таамаглал байна. Таамаглал зөв байгаад, сүнсгүй хоцорсон бие минь байгаль дэлхийд уусаж, хүмүүсийн тархинд байх царай төрх минь аажмаар мартагдаж, утасны дугаар, унадаг машин, өмсдөг байсан хэдэн хиртэй хувцаснууд маань эзэнгүй замхрахыг харж суух тэр мөчтэй тулгаравал би цаг хугацааг ухрааж буцаад амилахыг л хүсэх байх.

Хүмүүсийн томьёолдогоор хайрыг л түгээж, саяхан л үүр хаяарч байх шиг байсан нүд цавчихын зуур нар жаргах мэт богино хугацааг будилж туулсан жим маань зурайж үлдэхдээ ард яваа нэгэнд тус болж, утга төгөлдөр амьдраад буцахыг хүсэх байсан байх.

Энэ мэт бодлууд зурвасхийн өнгөрөхөд би ямартай ч амьд байна. Цаг ч байх шиг байна, хүн шиг амьдаръя даа.

Wednesday, February 4, 2015

Жингүйдэлд

Хаана тулах нь үл харагдах шүтэн барилдлага унаж ирэн нуруу тэнийлгэх завгүй мунгинаж байгаад хаашаа нь үл мэдэх газар луу явчихдаг тавилантай төрсөн хөөрхийсийн нэг би бээр энд дахин нэг бичлэг тэрлээд сууж байна. Хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад хүний сайн муу үйлэнд мэргэшээд өдөр өдрийг нэг бодлын ихээхэн сонирхолтой өнгөрөөдөг боллоо. Олон ч хүнтэй уулзаж, цөөнгүй газраар явлаа, явдал дундаа өөрийн толгойгоо золтой л гээчихсэнгүй.

Бодлууддаа орооцолдож явахдаа юунд хүрэх гэж зориод байгаа тухай их товч бөгөөд тодорхой ба бодит шивнээ үгсийг өөрийн сэтгэлээсээ сонссон юм. Бусдын дагадаг хэмнэлээр бус өөрийн хэмнэлийг шинээр үүсгэж замд гарж байсан нь жил хагасын өмнө. Зарим нэгэнд их зарим нэгэнд бага хугацаа. Зорьж байсандаа хүрэхийн тулд хөдөлмөрлөж, зольсон зүйлсийнхээ төлөөсөнд хүсэл шуналын галны очлуурыг бахдалтайгаар бариад авдагийн даваан дээр огторгуйн түнэр харанхуйн гүн рүү цаашлан одлоо. Жингүйдлийн энэ орчинд хэд хоног мангуурч суулаа. Эзгүй арал дээр ганцаараа байхаас ч эвгүй энэ мэдрэмж оюун бодлыг минь дарлаж, хөл гарын минь мэдрэлийг аажимаар идэж байгаа нь мэдэгдэж байна.

Сэтгэлээ сонсохыг хичээвч дуу нь сулраад юу гээд байгааг нь дэлдийгээд хичээнгүйлэн сонсох гэвч улам л төөрөлдөх. Жингүйдлийн энэ орчинд хөшиж үхэхийг л хүсээгүй бол ямар нэгэн тулах цэг олоод байдаг чадлаараа хөдлөх ёстой боловч гар минь хаана байгаа тодорхой үл харагдах. Нүдээ түр л анивал түнэр харанхуйд үүрд цоожлогдож хоцрох нь тодорхой мэт учир эцэж цуцсан биеийг амарааж чадахгүй хий дэмий л сарвагнаж явна даа хөөрхий. Цаг хугацаа гээч нь зогссон мэт яг энэ мөчид би нэг л зүйлийг мэдэж байна. Очлуурыг би барихдаа л барина. Ертөнцийн хязгаараас ч хамаагүй.

Monday, July 14, 2014

Хязгаар гээч төгсгөл биш

Блогтоо бичвэр оруулаагүй хичнээн ч удсан юм байгаан. Интернэтэд үлдээх мөр маань фэйсбүүкийн статусын хэмжээнд хязгаарлагдаж байгааг анзаараад үзэхнээ 2013 оны намар хамгийн сүүлд бичлэг оруулж. Тухайн үеийн нөхцөл байдал, дадлага туршлагаа өнөөтэй харьцуулахад ихээхэн зөрөө гарж энэ нийгэмд бодит утгаараа хутгалдах далайц илүү өргөн болчихож. Цагийн зүү амьсгалын тоотой уралдан урагшлах тусам ертөнцийн хүмүүсийг хэсэг бүлгээр нь хайрцаглаад эхэлчиж. Ерөнхийлөн бүлэглэвэл ам нээх хүн, ам нээхгүй хүн. Энэ ч яахав, урт хугацаанд бичвэр оруулаагүй байж байгаад энэ удаад хязгаар гэх ойлголтын талаар бичих гэж байна.

Ихэнх хүмүүс хязгаар гээчийн нийтлэг утгыг төгсгөл хэмээн хүлээж авдаг. Хязгаарын цэгээс илүү хүрэх газар байхгүй мэтээр санадаг. Гэтэл энгийнээр буулгавал хязгаар гээч замын эргэлт болтой юм. Математикт Ньютон, Лейбниц хоёрын оруулж ирсэн хязгаар гээчийг графикт дүрсэлдэгтэй ижил. Эдийн засгийн хөгжил, хувь хүний харилцаанаас өгсүүлээд идэж буй хоолны хэмжээнд хязгаар буй. Эдийн засаг хөгжиж байгаад хямрах буюу хүндэрч, хүмүүсийн харилцаа гал халуун байгаад хөрж, таашаан идэж байсан хоол хоолой давахаа байдаг. Өөрийн тархины хэмжээнд угшлыг нь хөөж үзвээс ердөөсөө л хүний шуналтай холбоотой болтой юм. Хүмүүс шугаман тэгшитгэлд дургүй болтой юм. Уулын замаар дугуй унаж салхи татуулан хурдалж үзсэнийхээ дараагаар илүү налууг хүсэмжилдэг нь хүний гэм биш зан. Гагцхүү тэр шунал биднийг технологийн хөгжилд хөтөлсөн бололтой. Өндөрт дүүлэн нисэхийг хүсэж, хүлээлгүйгээр хурдан явахыг хүсэж, хүссэнээ бүтээхийг хүсдэг. Шуналдаа хөтлөгдөж хүн чанаргүй болсон хүмүүс харин нийгэмд гай тарьж эхэлдэг. Хязгаар гэж эхлээд шунал болоод явчихлаа, бичвэрийг үүгээр түр зогсоогоод дараа үргэлжлүүлэн бичнээ.

Monday, September 30, 2013

Кунфу Панда

Кунфу Пандагийн сурч авдаг Inner Peace, Монгол хэлэнд хөрвүүлбээс "Дотоод амгалан" гээч саяхан миний дотор ч байсан мэт санагдах. Тоог нь алдсан олон бодлууд толгойд хөврөлдөөд эвтэйхэн бичих нь бүү хэл, амнаас үг унахаа байлаа. Ширүүхэн үг сонсоход л сэтгэлд цог бус түймэр асаж, санаа зовох төдийд л толгой гашлихгүй ээдэрдэг болчихож. Говийн ноён хутагтын "Цаасан Шувуу" шүлэгийг мөр гүйлгэн харж суухнээ бусдын дүр сэтгэлд буудаг байсан бол, нийгмийг хүний давчуу ухаантай хамт бичсэн уг шүлгийн мөр бүрээс миний нэр сонсогдоод байх шиг. Би хэзээ ийм болов гэдэг асуултыг өөртөө шидэвч асуулт нь чихний хэнгэрэг мөргөх чимээ үл гарах.

Залуусын гэдэс гарах нь арчаагүйн шинж гэж хардаг байсан миний урд жижигхэн погдойсон юм харагдах болоод удлаа. Эрэгтэйчүүдийн 00-д зогсож байхнээ бариад онилж байгаа зүйл маань бүтэн харагдаад байгааг бодоход гэдэс сүртэй сунаагүй мэт боловч ингээд орхивол, гэдсээ өмгөөлдөг ажилтай болох вий.

Энэ мэтээр арчаагүй шинжнүүд илэрч байгаа ч, зарим нэг сурч дуусдаггүй философийн ухааны доктор буюу PhD нөхдийн хажууд улс, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явж ч байх. Савалгаан дунд өөрийгөө олох гэж түүртэж явахдаа кунфу пандаг санан энэ бичлэгийг тэрлэлээ. Харахнээ зарим хүмүүс өөрсдийгөө савалж буйг ч үл анзааран явсны үр дүнд өөрийгөө хаанаас ирсэн хэн болох хэрэг зориг юунд вэ гэдгээ газарт нулимаад шороотой хольж дэвсэлж харагдах. Бусдыг шүүмжлэх ч яахав, би болоод энэ бичлэгийг уншиж суугаа та өөрийгөө нэг анзаараарай. Хэдэн арван мянган сайн, муу дүрд хувилдаг хүний нийгэмд урсгалаа дагаад алсын бодолгүй, алсын бодолтой нь урдаа юу байгааг үл харан хөвж явах бий вий.

Дэвших цагт доошоо харж, Доголох цагт холыг хар нөхдөө.

Monday, September 23, 2013

Орчиндоо дасах

Сүүлийн үед унших хэмжээ язгуурт функцээр уруудаж эхэлсний уршгаар бичих ч юм олдохоо байж, хэл ам ч хэзээний л ярьдаг байсан юмаа нуршдаг болж. Бүр залхуу болоод бичихээс ч залхдаг болсон атал хэрэгт хэрэггүй зүйл фэйсбүүкийн чатаар бичихээс зүдрэхгүй буй нь уруудахын дохио болоод байх шиг байна.

Хүн хүчирхэг болж, байгалийн үзэгдэлээс бууруулаад өөрсдийн бүтээсэн зүйлсийг төгс эзэмдэх төгсгөл үгүй хүсэл шуналаасаа шалтгаалан шинээр элдэв зүйлийг сэдэн суудаг гэж сая уншиж байсан ном дээр гарлаа. Үнэхээр Бил Гэйтс хэлсэн эсэхийг нь мэдэхгүй ч, "Би залхуу хүнийг ажилд авна. Учир нь тэд залхуурахын тулд шинийг сэддэг.." гэх утгатай үгийг л тойруулаад ярьчихсан нэг бүлэг байв. Интернэт, мэдээллийн технологийн хөгжил нь үнэхээр амьдрах арга барилыг хялбарчилж буйн нөгөө талдаа дурсамж мэдлэг дээр дулдуйдан сэтгэдэг хүний тархийг үнэхээр чадалгүй эрхтэн болгон буй болтой. Хувь хүний үзэл бодол гээч устан үгүй болж мэдээллийн хэрэгслүүдээс эхлүүлээд болсон болоогүй фэйсбүүкийн статус тархины судлаар гүйгээд эхэлж.

Интернэт анх үүсэхдээ сүлжээнд буй компьютерт олгогддог IP хаягаар холбогдохоор хийсэн байсан бол домэйн нэр гарч ирснээс хандалт хялбар болж, индексжүүлсэн хайлтын систем гарч ирснээр сүлжээний булан тохой бүрийг нэгжих боломжтой болсон. Гүүглийг хайлтын алгоритм сайжрахын хэрээр бидний юу хайж байгаа, нийт юу хайх гэж буйг урьдчилан таах болсон. Жилийн 365 хоног утсанд дүүжлэгдэж, интернэтээр ихэнх ажлаа хийдэг болсон энэ үеийн хүмүүн бид мэдээллийн цуглуулга болсноос өөрцгүй. Нэг өдөр гүүгл байхгүй болох нь гэрийн халуун ус тасрахаас ч илүү гачигдал үүсгэж байгаа нь бодит байдал.

Энэ нөхцөл байдалд хэт дасаад ирэхээр хүн мэдээлэл цуглуулаад л, цуглуулаад л, нэмж цуглуулсаар гадагшаа илэрхийлэх нь илт багасаад ирж байна. Социалист тогтолцооны үед энэ интернэт үүссэн бол байдал яаж эргэх байсныг ямар ч уран зөгнөөч товариш тааж чадахгүй байх. Ганц энэ интернэт гэлтгүй, халуун ус, автомашин, дулаан хувцас гээд бидний сэтгэхгүйд заавал байх ёстой гэсэн элдэв хэрэглээнүүд биднийг нэг л өдөр, амьтны хүрээлэнгийн зөөлөн маханд дассан арслан зэрлэг байгальд ан хийхтэй ижил нөхцөл байдал рүү түлхэх вий.

Tuesday, July 16, 2013

Усан дээгүүр гүйсэн хэсэг зуур

Ажлаа хийгээд сууж байснаа гэнэт блог руугаа ороод, санаандгүй байдлаар бүх сэтгэгдлүүдийг жагсаан үзэх боломжтой "товчлуур" байхыг хараад даран үзэв ээ. Анзаарахнээ би бээр боддог нэгэн байснаа үглэдэг нэгэн болсон болтой. Хэд хэдэн сараар гадаадад эрдэм горилж байгаад Монголдоо ирдэг нэгэн би, ирсэн оройноо гадуур алхаж явлаа. Нөгөө хүмүүсийн яаж доройтож байгааг нь шогшироод байгаа нийгмийн програм чинь өөрийгөө сүйтгэх процедуртаа орчихсон байна. Олон нийтийн хэрэгслээр гаргаж буй элдэв контентууд болоод орчин тойрны томчуулын үлгэр удахгүй улсаа сүйтгэх цээнд хүрэх үеийг бүтээж байна.

Энэ ч яахав нийгмээс анзаарсан зүйл. Би харин ямар ч мөр үл үлдээн усан дээгүүр л гүйгээд байсан бололтой. Биеэ засахгүй, баялаг бол бүр бүтээх ч үгүй. Миний толгой дахь орон цагийн шугаманд бусдад хүртээлтэй зүйлс бараг байхгүй агаад өөрийн бодлыг засах уламжлал тахийгаад нилээн уджээ. Энэ тэр гэх миний ойлгодог "бодит" оршихуйг үйлдээгүй санагдана. Иймэрхүү л юм бичихийг хүсэв бололтой. Ажлаа дуусгаад тэр нийгмээс анзаарсан эдийн гаргалгааг сийрүүлнээ

Wednesday, June 12, 2013

Бүлэглэл 2

Ер нь аль ч нийгэмд ямар нэг эрх ашгийн үндсэн дээр хүмүүс нийлэн ашиг сонирхлын бүлэг үүсгэдэг гэж боддог юм. Мөнгө, эрх мэдлийн бүлэг хамгийн том бөгөөд дийлэнх тохиолдолд хамгийн үнэ цэнэтэй гэх гэр бүл, хайр сэтгэлийн холбооноос давах ба үргэлжлүүлээд архины сонирхолтой, тамхины сонирхолтой, компьютерийн сонирхолтой гээд хөвөрч болох юм.

Бидний амьдарч буй нийгэм, ер нь сүүлийн хэдэн зуун жилд оршин тогтнож буй нийгэм эд хөрөнгө гээч сүнслэг оршихуй огт байхгүй боловч махан биеэр туулах орчлонд асар хүчтэй зүйлсийн төлөөх зүтгэл тасралтгүй хөгжсөөр ирсэн мэт. Хэдийгээр боолын нийгмийн үед байсан боловч эдийн засаг, санхүүгийн ухаан хөгжиж төлбөрийн хэрэгслийг шийдсэнээр, нөгөө хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмд ч бүхнийг мөнгө гээч санхүүгийн хэрэгслээр үнэлэх болсон ба энэхүү сүнслэг сэтгэлгээний доройтож буй урсгал Монголд зах зээлийн хамт орж ирсэн мэт дүгнэгдэнэ. Аливаа зүйлийг мөнгөөр үнэлэх нь мэдээж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч байсан боловч мэдээллийн технологи, системчлэл, үндсэн хууль зэрэг дэлхийн чиг хандлагыг даган зах зээлийн үед улам бүр хүчээ авсан нь тодорхой.

Алив улсын эдийн засгийн өсөлт хөгжилтийн дүнд тухайн нийгэмд амьдарч буй иргэдийн нийтлэг үнэт зүйлс нь өөрчлөгдөж байдгийг умартан, эдийн хурдацтай хөгжлийг улсын хөгжил хэмээн шууд авч үзэх нь өрөөсгөл ойлголт мэт санагдана. Уул уурхайн үйлдвэрлэлийг даган асар их хэмжээний гадны мөнгө Монголын санхүүгийн системд эргэлдэх болсон. Цаашдаа өсөн нэмэгдэх тодорхой бөгөөд энэхүү эдийн өсөлтийг Монгол улс нь "хөгжиж" буй мэтээр хэвлэлээр цацаж, бодитой мэдэрч буй зүйл хомс боловч нийт иргэд хөгжиж буйд итгэж байгаа нь нийтийн боловсролын түвшин, гадаад ертөнцтэй харилцах харилцаа тааруу байгаагийнх, мөн эд хөрөнгө гээчийг хэтэрхий өндөр үнэ цэнэтэйд тооцож буй харалган байдлынх гэж дүгнэж байна.

Уг харалган байдлын үр дүнд эрх ашгийн цуглуулга болсон төрөл төрлийн хүмүүс нам, бизнесээрээ талцан эхэлсэн ба хоорондын сөргөлдөөн хэдийгээр ил тод явагдахгүй байгаа боловч цагаар програмчлагдсан тэсрэх бөмбөг тэсрэлтээ хүлээн сууна. Зохиосон хуулиас гадуур зүйл хийх, өөрийн эд хөрөнгийн ашиг сонирхолоо нийтийн дүрмээс гадуур хангасан нөхдийг хамгаалах шүхэр нь улс төрийн нам бизнесийн хүчтэй бүлэглэл байлаа. Гэтэл явцын дүнд бүлэглэл хоорондын интеграцчилал, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн шинэ төрлийн бүлэглэл аниргүйн дунд үүсэн бүрэлдэж буй болов уу хэмээн харж байна. 90 оны сүүл орчим дээд хүчээ аваад өнгөрсөн нийгмийн хүчний бодлоготой системд цохиулсан гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийн, илүү боловсронгуй болсон хэлбэр удахгүй нийгмийн дунд яригдаж эхлэнэ хэмээн таамаглаж байна. Тэр цаг дор нийгэм хэтэрхий ороо бусгаа болно. Бүлэглэлийн эрх ашигт ноцтой заналхийлсэн хүнийг буу, мэс барьсан хоёрдугаар дайны үеийн аргаар барахгүй бол чимээгүй, боловсронгуй байдлаар хуулийн дор, олны гар дээрх бичвэрээр тамлана. Нэгэн цагт дэлхийн эзэлж явсан дээдсийн хойч үе гэдгээ санан оюунаа цэгцлэхгүй бол бид алгуурхан халсаар Африк тивийн нөхцөл байдалд чанагдах хугацаа дөхөж байна.

Friday, May 10, 2013

Цаг яваад л байна

2013 он. Бага байхад телевизээр дандаа л, онгоц барьцаалсан эсвэл дэлхий сүйрэх гээд түүнийг нь үнэхээр лаг буудуулаад ч үхэхгүй "үхэрчин залуу"с авардаг кинонууд их гардаг байсанд  тэрүү, 2010 он гэхэд л дэлхий сөнөчих ч юм шиг санагдаад зарим орой оронд орчихоод айгаад унтаж чаддаггүй байлаа. Гэтэл 2013 он болчихоод явж байна, шинжлэх ухаанч сэтгэхүйд дэлхий үүсээд  4.5 тэрбум жил болчихсон идэр насан дээрээ явж байгаа юм гэсэн. Цаашдаа тэр хэмжээгээр л хөх нүдэн гараг маань эргэлдээд л байж байх биз, эвий эх дэлхий минь даанч бид аль хэдийнэ огт байгаагүй шигээ алга болчихсон байна биз.

Өчигдөр хүн эргэх зорилго агуулан эмнэлэг дээр очлоо. Манай улсын эмнэлэгүүдийн хажууд дээд зэрэглэлийн зочид буудал гэсэн л үг, гэхдээ нэг өрөөнд 6 ортой, 6 эмчлүүлэгч байна. Албаар тэгж оруулсан уу дунд эргэм насны ганц эмэгтэйг хасвал бусад нь бүгд 70 гаруй насныхан. Байгалиас заяасан амаараа чандмань эрдэнэ хоолой давуулж чадахгүй хүн ч байна, манай талын эмчлүүлэгч шиг эмчилгээндээ түүртэхдээ ааш нь хөдлөх хүмүүс ч байна. Тэгээд харахнээ хүн гэх бид чинь яасан ч өрөвдмөөр богинохон амьдардаг юм дээ. Физик чанараараа ядаж дэлхийнхээ насны хэлтэрхий төдий наслах бололцоогүй амьтад юм шиг. Хуйлран эргэлдэх тэмцлийн хар жатга эрин эрин дамжин хүний сэтгэлийг хордуулсаар. Өчүүхэн тэр амьдралыг амьдраагүй юм шиг өнгөрүүлж буй хүмүүс олонх аж. Орчлон ертөнцөд өнгөний төлөө амиа тавьдаг арчаагүй амьтад бид л байх. Монгол улсын эдийн засгийн хөгжил, хүн сансарт нисгэх хоёр чинь 21-р зуунд ярихад хүүхдийн сэдэв биш үү. Гэхдээ энэ зууны сэдэв юу байхыг миний толгой боловсруулан хэлж чадахгүй юм. Магадгүй хүн төрөлхтөн анхаарал хандуулах өнцгөө өөрсдийн дотогшоо чиглүүлэх болов уу. Энэ муу махан биед судлагдаагүй зүйлс зөндөө. Эсвэл судалчихсан нөхөд нь нуугаад яридаггүй ч юм уу.

Ямартай ч бид тогтоогдсон хугацаанд амьдрана гэж амьсгалж явна. Зарим хүмүүс нь улс төр ярьсаар амьсгалах агаар "товчлуур" дарахаас хэрэгтэйг мартаад, манай үеийн залуус нэг шөнийн жаргалаар миний мэдэх үнэт зүйлсийг тавиад туучих юм. Капиталисм, ардчилал, хүний эрх ярьж болноо гэхдээ эрдэнэт орчлонгийн амьтдын дунд одоогоор ганц байгаа бичиг үсэгтэй адгууснууд чинь бид шдээ. Хайраа харамгүй түгээж гэмээнэ, хэлтэрхийг нь долоож, мэдлэгийг хичээнгүй юүлж гэмээнэ, тархи сэтгэдэг болж эхэлдэг тавилантай шиг байна шүү энэ орчлон. Олны дунд ганцаардан алхахад өгөгдсөн цаг ямар удаан, удаан уулзаагүй нөхөдтэй уулзахад дэлхий юутай хурдан эргэх.

Үнсгэлжин ганцаараа хязгаарлагдсан цагтай биш шүү хүмүүсээ, хожмын нэгэн өдөр хангинах мэт цагийн зүүний чимээнд сүрдэн дахиад нэг боломж авах талаар залбирч суухын оронд одооноос л бодитоор амьдар. Цаг явж байна.

Thursday, March 21, 2013

Автомат үндсэн хууль

Номын дуу сонсохын хэрээр бидний амьдарч байгаа нийгмийн баялагийг хуваах бодлогыг тодорхойлж, ардчилалын нэрээр олж авсан эрх мэдлийг төвлөрүүлж буй бүлэг нь хүн, нэг үгээр бидний төгс хэмээн хүлээж авдаг утгатай үл нийцэх биетүүд. Өөрийн гэх сэтгэлгээс ангижирч үл чадах хүн төрөлт сүгнүүд засгийн эрхийг барьж байгаа нөхцөлд үндсэн хууль ч шуналыг нь хазаарлаж үл чадна. Миний бодлуудыг хөврүүлсэн сэдэл энэ болой.

Балчир гэмээр гэнэн сэтгэхүйн дүнд, квант тооцоолол хийгээд квант сүлжээ шунал нь үл гүйцэгдэх хүн төрөлхтөний найдвар байж болох юм. Тооцооллын хурд хүний тархины хурдыг давах тэр мөчид бид одоо бидэнд байгаа ойлголтоор "хууль" сэтгэлгээг хиймэлээр үүсгэн тооцоолуураа сэтгэдэг болгосны үндсэн дээр түүнд өөрийн үндсэн хуулиа цээжлүүлэн, цэнэг бүрт нь үндсэн хуулийн зүйл заалтыг шингээх юм. Гагцхүү тооцоолох системийн загварыг хийж байгаа хүн төгс гээч ухагдахуунд дөхөж очсон сэтгэлгээтэй нэгэн байх учиртай. Ингэж чадаад үүнийгээ квант сүлжээгээр холбочиход чагнуур, хутгууруудад санаа зоволтгүй сая нэг үндсэн хуулийн цэц маань бүрэлдэнэ. Уг хиймэл оюун маань биднээс хавьгүй илүү төвшинд сэтгэж, би-гээс салж чадаагүй хэврэг сэтгэлгээт бидний дээр орон зайгаас үл хамааран ажлаа хийсээр байх юм. Хууль санаачлагчидын гаргасан хууль хиймэл сэтгэлгээнд зааж өгсөн "хүн төрөлхтөний эрх ашиг"-т үйл нийцэх бол шууд цавчигдах маягаар утгагүй мэт боловч, хүн төрөлхтөний оюуны шинэ эрин эхлэх болов уу гэж санана.

Сургуулийн хотхон дундуур гэрийн зүг алхаж яваад төсөөлсөн хийсвэр ертөнцийнхөө зах зухаас хуваалцахыг хичээлээ.

Monday, August 27, 2012

Хөгийн жижиг

Өнөөдөр өдөржин хамаг юмаа хаагаад өрөөнөөсөө нэг ч гарсангүй. Зүгээр л юу ч бодохгүй, унтаад л босож суугаад л дахиж унтаад л, бодоод л сайхан амарч авлаа. Тэгээд бодоод байсан хүн гээч нэг бодлын бужигнан өнгөрөх шуурганы тоос төдий үл үзэгдэм жижиг атал, нөгөө бодлын сэтгэлийн чанараар хорвоог бүтээх агуу бурхан ч юм шиг.

Хааяадаа байрны урдхан талд теннисны талбай руу харан байрласан хэдэн модон сандлууд байдаг юм. Ганцаараа сууж байгаад нөгөө хорвоо ертөнц нь ч арай юу юм, гэхдээ л Сөүл хотыг бол алган дээрээ тавиад харж байгаа юм шиг л харна шүү дээ. Нүдээ хоромхон анихад орчлон ертөнц энэ муу гавал дотор минь бүтнээрээ багтаад, би өөрөө ертөнц ч юм шиг тийм л орон зайд тэнэнэ. Тэгээд л бодит байдлаар харвал тэртээ харагдах үүлс жижигхээн мэт харагдавч, онгоцонд суугаад нисч байгаад газардахынхаа өмнө хөлгүй харагдах хөвөн цагаан үүлс рүү шумбан ороход үүлсийн ямар агуу томыг мэдэрдэг юм. Дээхнэ үед бид нарыг үнэхээр жижиг гэж бодож байгаад, гэхдээ ч бодит байдал дээр хажуудаа байгаа номыг шугамдаад, нарыг бас сантиметрлээд харвал нар яалт ч үгүй жижиг харагдана даа. Хүн гээч утга чанарыг ухаж байдаг амьтад шиг болтой байнга л үнэн чанар гээчийг хайж явна. Тэгсээр бөхтөрүүд алхаж сураад хэдэн мянган жилийн дараа тэр нар гээч нь ямар агуу том, бидний амьдарч буй гараг ертөнц урд уулын оройгоор хязгаарлагдахгүй, хүн гээч насан туршдаа чадлаараа алхаад ч туулж барахгүйг ойлгоцгоож эхэлсэн. Гэхдээ л саран дээр очино гэдгийг балчир хүүхдийн мөрөөдөл гэж үздэг байсан бол хэдэн арван жилийн өмнө үнэн худал нь одоо болтол маргаантай ч Армстронг мөрөө гаргаж, хэдхэн хоногийн өмнө Ангараг гараг дээр хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн төмөр биетээ газардуулчихаад, гэрлийн хурдаар хэдэн минут явж очдог газрыг судлаад явж байна.

Бид өөрсдийгөө жижиг гээд байсан бол яст мэлхийний нуруун дээр амьдардагтаа итгээд л байж байх байсан биз. Гэхдээ үе үеийн хүмүүс гэнэн балчир гэмээр сэтгэлийн тэмүүлэлдээ хөтлөгдөн бүтэшгүй гээчийн өөдөөс зүтгэж эхэлсэн. Ганц хоёр өдөр биш, хэдэн жил хэдэн үеэрээ тэмцэж байж хорвоо ертөнцийн түүхэнд аниргүй тоос мэт замхран алга болох хувь заяатай ч зуун зуунаар дурсагдах түүх, сэтгэлгээг бүтээж ирлээ. Цаашдаа ч үл замхарна. Гагцхүү хүний хүсэл даанч их юм гэдэг шиг, сайнтай саартай нь ч байна. Хэдий тийм боловч хүний уг мөн чанар нь эхийн ангир уургийг хүртэн ертөнцийн амтыг мэдэрдэг тэр балчир хүн хэвээр.

Хөгийн жижиг гэдэг бодит байдалдаа итгээд суух уу, сэтгэлийн гүнд орших тэмүүлэлдээ хөтлөгдөн дээр дээр үсрэн үсрэн, дэгдэн явсаар хоосоноос үүссэн шигээ хоосон руу замхрах уу гэдэг гагцхүү хувь хүний үнэт зүйл, сэтгэлгээ хаана байгаагаас шалтгаалах бизээ.

Friday, August 17, 2012

Тоолох дуртай хүмүүс

Бид өөрсдөө уусчихсөн болохоор төдий л анзаардаггүй шиг байгаа юм. Бид тооны боолууд. Хэдэн настай, хэддүгээр анги, хэр мөнгөтэй бүгд л тоогоор ярьж өөрсдийгөө ухаантай гэж сэтгэдэг бид тоогоор л бүхнийг хэмжинэ. Сэтгэлгээний чадлыг тоогоор хэмжинэ, хайрын илэрхийлэл мөнгөөр хэмжигдэнэ, бүр амьдарсан хугацааг чулуун дээр сийлсэн тоогоор хэмжинэ. Ертөнцөд тоо гээч эдээр хэмждэггүй нэг ч юм алга, бид ч өөрсдөө хэтэрхий дасал болчихож. Магадгүй хүний тархины чадамж одоогийнхоос хоёр дахин илүү байсан бол тоо бидэнд хэрэг байхгүй байсан биз. Бүгдийг хүний торгон мэдрэмжээр уншаад хийчихнэ. Гэхдээ муулаад байхаар эд ч биш л дээ. Тоон технологийн ачаар би энэ хэрэгт хэрэггүй санаагаа бичээд сууж байна. Юмыг тоолж багцалж эхэлснээр бид хөгжилд хүрэх замдаа орсон. Даанч тэр хэрээр юм бүгдийг хуруугаа гозойлгон, сүүлдээ дийлэхээ байгаад цахим төхөөрөмжөөр тоолж эхэлсэн. Учир нь бидэнд амар байдаг. Найзуудаа бид хэтэрхий тоочин болоод байгаа юм биш үү?

Нөхрийн өр

Одоо л хүмүүсийн өмнө гарчихаад янзан бүрийн юм яриад явдаг болохоос би бага байхын бүрэг хүүхэд байлаа. Дунд сургууль төгстөлөө хүний өөдөөс эгцэлж хараад ярих гэхээр өвдөг салганадаг байсан юмдаг. Бага сургуулийн ангидаа анх ороод төгсөх хүртэлх дурсамж маань ахлах сургуульд сурж байсан дурсамжнаас хүчтэй байдаг учир нь юунд оршихыг үл таана.

Уржигдар өдөржин далайн эргийн хотоор тэнэж байгаад дараа өдөр нь эрт ажилтай байсан тул шөнийн автобусаар Сөүл хотыг зүглэсэн юм. Нойргүй хоносон дээрээ өдөржин гэлдэрсэн бие өөрийн эрхгүй мэдээгүй болж би зүүдний ертөнцөд тэнэж явлаа. Нэг мэдэхэд автобус зорьсон зогсоолдоо бараг хүрчихсэн байсан ба утсаа гаргаж цаг харчихаад мэйлээ шалгалаа. Харанхуй шөнөөр бол намайг дурьдсан жиргээ фэйсбүүкийн хуудсанд надад хандсан сэтгэгдэл эсвэл, зурвас л байна гэхээс өөр ямар ч имэйл ирэхсэн билээ. Тэгтэл багш руу цуг очино очино гэсээр тохироо нь бүрдээгүй манай бага ангийн даргаас зурвас иржээ. Цагийг нь харахнээ намайг автобусанд суугаад ертөнцөө тасарч байх тэр л зуур цочирдом мэдээтэй зурвас ирсэн ба бага ангийн маань найз биднийгээ орхиод амгалангийн оронд залрахаар явчихаж ээ. Одоо ч нэг л итгэж өгөхгүй байна даа. Хамгийн сүүлд гурав дөрвөн жилийн өмнө таарсан, тухайн үедээ надтай уулзаж байгаагаа ч мэдэхгүй, түүнээс хойш ч төдий л харьцаатай байгаагүй юм. Надад найз гээд хэлж чадахаар хүмүүс их цөөхөн байдаг хүн. Тэр нөхөр маань хичнээн урт хугацаанд уулзалдаагүй, намайг байдаг гэдгийг ч мартсан байсан байж магадгүй боловч найз маань байлаа. Бага сургуульд байхад надад яаж зоригтой байхыг зааж байлаа. Өвөл сургуулийн хойд хэсэгт байрны өмнө хөлдсөн газар мөсөн дээр гулгахгүй айн зогсоход айдсаа даван дийлэх талаар ахынхаа сургаалийг надад хэлээд найз баймаар байвал зоригтой байхыг сануулж байсныг бүдэг бадаг санаж байна. Тэрний дараахан ангиараа багшийгаа даган тоглолт үзчихээд буцаж ирснийхээ дараа найз болох гэж хэдэн цаг мөсөн дээр гулгаж байгаад, одоо би чиний найз мөн үү гэхэд толгойгоо дохиж билээ. Тэгэхэд намайг алга болчихож гээд манай гэрийхэн бөөн эрэл сурал болчихсон би ч амаа ангайсан амьтан л гэртээ орж байв. Тэрнээс хойш хөдөлгөөн муутай намайг хэн ч дээрлэхсэн найз маань хамгаалдаг байлаа. Өөрөө жаахан аймхай ч нөхдийхөө төлөө бол том ангийхантай ч гар зөрүүлэхээс буцахгүй тийм л сайн эр байв. Урвах жамтай ертөнцийн мөнх бусыг сануулах гэсэн мэт чи яваад өглөө найзаа. Дараа төрөлд нь найз нь нөхрийн өрөө төлнөө.


...Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Tuesday, July 24, 2012

Хөндий нутгийн жаал

Араг харагдах гэрт бус
Амаржих тасгийн орон дээр мэндэлсэн
Хөх тэнгэрийг тооноор бус
Хананы дундах цонхоор л харж өссөөн.

Дээд тэнгэрийн дор талын сайн эр болох хувь
Дөрвөн их уулсын хөндийд төрсөн жаалд олдоогүй ч
Алтан дэлхийн зүрхэнд оршин Монгол улсыг
Ашид өргөж явах үүргийг атган төржээ

Морин дэл дээр сэлгүүцэн өсөөгүй
Моторт тэрэг сүнгэнэх хороололд дунд бойжсон ч
Налгар цагт талаар хэсэж
Намрын хатуу орсон айраг сөгнөх дуртай

Эсгий бүрсэн монгол гэрийн амгалан
Энгүй дээд заяат нүүдэлчин олны сайхан
Энэ ертөнцөд ганцхан бидний тал нутгийн увидас
Эгэл миний цусанд гүйж ясанд буй




Monday, May 7, 2012

Далайтай ярьсан яриа

-Амар байна уу?
-Ер бусын тайван байгааг минь харж л байгаа биз
-Таньтай их удаан уулзсангүй шүү
-Уулзах гэхээсээ харах гэсэн нь зөв байхаа
-Тийм дээ
-Юу болоод байдгаараа урвайчихаав
-Эр хүүгийн зорьсон хэрэг бүтэлтэй болоогүй л явна
-Юу зориод яваа юм дээ?
-Үүргээ гүйцэтгэж явна
-Хүмүүс та нар бүгд л үүрэг гэх юм
-Юу гэсэн үг билээ?
-Чиний сая хэлсэн үг ээ
-Та ч их олон зүйлийн гэрч байхдаа
-Надад дурсамж гээч байхгүй ээ
-Аа та чинь хүмүүн бидэн шиг тархигүй шүү дээ
-Тархитай гээд дурсамжтай байна гэсэн үг биш шүүдээ
-Нээрээ тархи ч үсрээд л зуун жил дурсамжаа тээх биз
-Тэрэндээ асуудал байхгүй ээ
-Тэгээд юундаа байгаа билээ, бид мөнх бус гэдэгт байна уу?
-Чи миний хэлэхийг ойлгохгүй байхаа
-Бид мөнх бус гэдэг та нарын бодит гэдэг ухагдахуунаар л хязгаарлагдана
-Аа тэгэхээр сүнслэг оршихуйг яриад байна уу?
-Дөхөж л байна
-Сүнсэндээ дурсамжаа хадгална гэсэн үг үү?
-Чи бид хоёр өнөөдөр ойлголцохгүй нь бололтой
-Байзаарай
-Би бодитоороо байж л байна шүү дээ
-Тиймээ цэлийсэн том зах хязгаар нь үл харагдан хэдэн сая жил байсан биз
-Том жижиг, оршсоноороо яривал чи бид хоёрт ялгараад байх юм байхгүй
-Тэр арай бишээ
-Хэдэн тэрбум жилийн өмнө чи бидэн хоёр цуг нэгэн үед л үүссэн дээ
-Тэрийг ч мэдэх л юм байна.
-Үүслээрээ яривал адилхан биз?
-Гэхдээ бид сэтгэж, ярьж, бүтээж хөгжиж байна, та байснаараа байж л байна
-Яръя гэвэл ингээд чи бид хоёр шиг хэн ч ярьж чадаад л байх шиг
-Тийм л дээ гэхдээ бид гүүр барьж, онгоц хийж таны дээгүүр зугаалж байна
-Цааш нь
-Нэг ёсондоо бид нэгэнтээ таниас илүү болчихож
-Ингэчихээд сэтгэж байна гээд байгаа юм шүү
-Цунамиг ч бид барахгүй л дээ
-Түрүүн би нэг хэмжээ ярьсан байхаа?
-Жижиг том ялгаагүй гээд үү?
-Тийм, танай төрсөн нутагт чамайг угаасан ус, намайг бүрдүүлж буй ус, чиний биеийг бүрдүүлж буй ус бүгдээрээ л ижил настай байхад гадна хэлбэрээр нь дүгнэх гэдэг мэдэхгүй...
-За ойлголоо
-Ертөнцөд юмс яаж хөдөлдөгийг сэхээрс эхэлчихээд л бүхнийг мэдэх мэт аашлах
-Гэхдээ би хүсвэл усыг ч алга болгож чадна шүү дээ
-Усыг алга болгоно гэдэг ус төрөгч, хүчилтөрөгчөөр л задлах хэрэг биш юм даа
-Тийм л юм шиг байна
-Чи одоо л үг сонсоод эхэлж байх шиг
-Хичээж байна. Далай үнэхээр сүрлэг хийгээд нууцлагдмал юм
-Тэрийгээ өөрөөсөө л хай.
-Сүрийг үг үү?
-Нөгөөдөхтэй нь цуг
-Би өөрсдийн мэддэг гэх бодит хэмжээний хувьд харьцуулаад үзээч
-Дахиад л хэмжээ. Энэ ертөнц гээчид хэмжээ, хэлбэр, насжилт огт хийсвэр зүйлс
-За тэрийг хийсвэр гэвэл ганц миний ч гэлээ ой тойнд байгаа дурсамжуудад усны талаар, хүний талаар, хүүхэд хэрхэн бүтддэг талаар шал өөр ойлголт байна.
-Тэгсэн чи өчигдөр байгаагүй бол яана?
-Өнөөдөр байна гэдэг өчигдөр байсан болоод л
-Дахин хэлэхэд дурсамж ч гэсэн үзэгдлийн чанарт эргэлдэх хоосон хамхуул
-Тэгээд юу байгаад, юу жинхэнэ юм?
-Огторгуй
-Өө сансар
-Сансар ч биш чи бид бүгд
-За та бид хоёр хангалттай гүн ухаанжлаа
-Хангалттай ч биш л байх
-Би янжуураа зуух минь
-Наадах чинь л чи байна
-Энэ бид хоёр адилхан гэхээр...
-Мөн чанар
-Адилхан хоёр юм бие биеэ сороод утгагүй юм
-Утгаа олооч дээ тэгвэл
-За би ойлголоо
-Зунаас уулзацгаая

Wednesday, April 18, 2012

Conversation with Mr.Shaggy


-Mr.Shaggy you there?
I was expecting you to come, you may come in
-Really?
-Yes, but I needed time to get you in
-So, I guess now its show time
-Yeah for you
-I thought you are in
-I am
-Then lets get my party on
-Well,..
-What's wrong with you?
-Umm, how long are you going to have fun
-Until sunrises
-Hmm, sun has just set
-I guess that means I am staying longer, what is the wrong with you
-Just a bit tired
-Come on, good old times
-Yeah, good but old times
-There is seriously something wrong with you
-No, just a bit tired to have fun with you mate
-You are not
-What do you mean?
-I mean, you just think you are tired
-Well that's true for we are just a piece of thoughts
-...
-...
-Listen, this is more that you can imagine
-More?
-Get out of your town with me
-I am cool, I have everything here
-No, come with me
-I think you need to leave now, alone!
-Man, listen, there is a universe you can't imagine how big it is
-I don't need to do that
-I don't want you to do something
-Would you please explain?
-You have the explanation
-Seems like timing was not right to get you in
-There isn't any right or opposite of it
-Would you please just leave
-No, the one needs to leave is not me
-Then who
-Who else can you see?
-...
-Now you are getting it, come on lets move on, we are late
-Late for what?
-Sorry, I meant we need to hurry
-Hurry?
-Okay we just need to move
-Where? I thought we were going to have fun like we used to
-I didn't say anything about the fun you are going to have
-Did you mean we?
-We, you, not a big difference
-Wait, I don't want to be alone
-You are not
-But you just said something like I am the only one going to have fun
-Mate, listen just move on. Also you don't need to imagine
-What the hell are you talking about?
-I've been saying that you are going to have fun
-...
 Okay I am moving
-That sounds good
-Will you be there?
-Not sure, if you let me in, I will
-Lets see