Monday, September 30, 2013

Кунфу Панда

Кунфу Пандагийн сурч авдаг Inner Peace, Монгол хэлэнд хөрвүүлбээс "Дотоод амгалан" гээч саяхан миний дотор ч байсан мэт санагдах. Тоог нь алдсан олон бодлууд толгойд хөврөлдөөд эвтэйхэн бичих нь бүү хэл, амнаас үг унахаа байлаа. Ширүүхэн үг сонсоход л сэтгэлд цог бус түймэр асаж, санаа зовох төдийд л толгой гашлихгүй ээдэрдэг болчихож. Говийн ноён хутагтын "Цаасан Шувуу" шүлэгийг мөр гүйлгэн харж суухнээ бусдын дүр сэтгэлд буудаг байсан бол, нийгмийг хүний давчуу ухаантай хамт бичсэн уг шүлгийн мөр бүрээс миний нэр сонсогдоод байх шиг. Би хэзээ ийм болов гэдэг асуултыг өөртөө шидэвч асуулт нь чихний хэнгэрэг мөргөх чимээ үл гарах.

Залуусын гэдэс гарах нь арчаагүйн шинж гэж хардаг байсан миний урд жижигхэн погдойсон юм харагдах болоод удлаа. Эрэгтэйчүүдийн 00-д зогсож байхнээ бариад онилж байгаа зүйл маань бүтэн харагдаад байгааг бодоход гэдэс сүртэй сунаагүй мэт боловч ингээд орхивол, гэдсээ өмгөөлдөг ажилтай болох вий.

Энэ мэтээр арчаагүй шинжнүүд илэрч байгаа ч, зарим нэг сурч дуусдаггүй философийн ухааны доктор буюу PhD нөхдийн хажууд улс, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явж ч байх. Савалгаан дунд өөрийгөө олох гэж түүртэж явахдаа кунфу пандаг санан энэ бичлэгийг тэрлэлээ. Харахнээ зарим хүмүүс өөрсдийгөө савалж буйг ч үл анзааран явсны үр дүнд өөрийгөө хаанаас ирсэн хэн болох хэрэг зориг юунд вэ гэдгээ газарт нулимаад шороотой хольж дэвсэлж харагдах. Бусдыг шүүмжлэх ч яахав, би болоод энэ бичлэгийг уншиж суугаа та өөрийгөө нэг анзаараарай. Хэдэн арван мянган сайн, муу дүрд хувилдаг хүний нийгэмд урсгалаа дагаад алсын бодолгүй, алсын бодолтой нь урдаа юу байгааг үл харан хөвж явах бий вий.

Дэвших цагт доошоо харж, Доголох цагт холыг хар нөхдөө.

Monday, September 23, 2013

Орчиндоо дасах

Сүүлийн үед унших хэмжээ язгуурт функцээр уруудаж эхэлсний уршгаар бичих ч юм олдохоо байж, хэл ам ч хэзээний л ярьдаг байсан юмаа нуршдаг болж. Бүр залхуу болоод бичихээс ч залхдаг болсон атал хэрэгт хэрэггүй зүйл фэйсбүүкийн чатаар бичихээс зүдрэхгүй буй нь уруудахын дохио болоод байх шиг байна.

Хүн хүчирхэг болж, байгалийн үзэгдэлээс бууруулаад өөрсдийн бүтээсэн зүйлсийг төгс эзэмдэх төгсгөл үгүй хүсэл шуналаасаа шалтгаалан шинээр элдэв зүйлийг сэдэн суудаг гэж сая уншиж байсан ном дээр гарлаа. Үнэхээр Бил Гэйтс хэлсэн эсэхийг нь мэдэхгүй ч, "Би залхуу хүнийг ажилд авна. Учир нь тэд залхуурахын тулд шинийг сэддэг.." гэх утгатай үгийг л тойруулаад ярьчихсан нэг бүлэг байв. Интернэт, мэдээллийн технологийн хөгжил нь үнэхээр амьдрах арга барилыг хялбарчилж буйн нөгөө талдаа дурсамж мэдлэг дээр дулдуйдан сэтгэдэг хүний тархийг үнэхээр чадалгүй эрхтэн болгон буй болтой. Хувь хүний үзэл бодол гээч устан үгүй болж мэдээллийн хэрэгслүүдээс эхлүүлээд болсон болоогүй фэйсбүүкийн статус тархины судлаар гүйгээд эхэлж.

Интернэт анх үүсэхдээ сүлжээнд буй компьютерт олгогддог IP хаягаар холбогдохоор хийсэн байсан бол домэйн нэр гарч ирснээс хандалт хялбар болж, индексжүүлсэн хайлтын систем гарч ирснээр сүлжээний булан тохой бүрийг нэгжих боломжтой болсон. Гүүглийг хайлтын алгоритм сайжрахын хэрээр бидний юу хайж байгаа, нийт юу хайх гэж буйг урьдчилан таах болсон. Жилийн 365 хоног утсанд дүүжлэгдэж, интернэтээр ихэнх ажлаа хийдэг болсон энэ үеийн хүмүүн бид мэдээллийн цуглуулга болсноос өөрцгүй. Нэг өдөр гүүгл байхгүй болох нь гэрийн халуун ус тасрахаас ч илүү гачигдал үүсгэж байгаа нь бодит байдал.

Энэ нөхцөл байдалд хэт дасаад ирэхээр хүн мэдээлэл цуглуулаад л, цуглуулаад л, нэмж цуглуулсаар гадагшаа илэрхийлэх нь илт багасаад ирж байна. Социалист тогтолцооны үед энэ интернэт үүссэн бол байдал яаж эргэх байсныг ямар ч уран зөгнөөч товариш тааж чадахгүй байх. Ганц энэ интернэт гэлтгүй, халуун ус, автомашин, дулаан хувцас гээд бидний сэтгэхгүйд заавал байх ёстой гэсэн элдэв хэрэглээнүүд биднийг нэг л өдөр, амьтны хүрээлэнгийн зөөлөн маханд дассан арслан зэрлэг байгальд ан хийхтэй ижил нөхцөл байдал рүү түлхэх вий.

Tuesday, July 16, 2013

Усан дээгүүр гүйсэн хэсэг зуур

Ажлаа хийгээд сууж байснаа гэнэт блог руугаа ороод, санаандгүй байдлаар бүх сэтгэгдлүүдийг жагсаан үзэх боломжтой "товчлуур" байхыг хараад даран үзэв ээ. Анзаарахнээ би бээр боддог нэгэн байснаа үглэдэг нэгэн болсон болтой. Хэд хэдэн сараар гадаадад эрдэм горилж байгаад Монголдоо ирдэг нэгэн би, ирсэн оройноо гадуур алхаж явлаа. Нөгөө хүмүүсийн яаж доройтож байгааг нь шогшироод байгаа нийгмийн програм чинь өөрийгөө сүйтгэх процедуртаа орчихсон байна. Олон нийтийн хэрэгслээр гаргаж буй элдэв контентууд болоод орчин тойрны томчуулын үлгэр удахгүй улсаа сүйтгэх цээнд хүрэх үеийг бүтээж байна.

Энэ ч яахав нийгмээс анзаарсан зүйл. Би харин ямар ч мөр үл үлдээн усан дээгүүр л гүйгээд байсан бололтой. Биеэ засахгүй, баялаг бол бүр бүтээх ч үгүй. Миний толгой дахь орон цагийн шугаманд бусдад хүртээлтэй зүйлс бараг байхгүй агаад өөрийн бодлыг засах уламжлал тахийгаад нилээн уджээ. Энэ тэр гэх миний ойлгодог "бодит" оршихуйг үйлдээгүй санагдана. Иймэрхүү л юм бичихийг хүсэв бололтой. Ажлаа дуусгаад тэр нийгмээс анзаарсан эдийн гаргалгааг сийрүүлнээ

Wednesday, June 12, 2013

Бүлэглэл 2

Ер нь аль ч нийгэмд ямар нэг эрх ашгийн үндсэн дээр хүмүүс нийлэн ашиг сонирхлын бүлэг үүсгэдэг гэж боддог юм. Мөнгө, эрх мэдлийн бүлэг хамгийн том бөгөөд дийлэнх тохиолдолд хамгийн үнэ цэнэтэй гэх гэр бүл, хайр сэтгэлийн холбооноос давах ба үргэлжлүүлээд архины сонирхолтой, тамхины сонирхолтой, компьютерийн сонирхолтой гээд хөвөрч болох юм.

Бидний амьдарч буй нийгэм, ер нь сүүлийн хэдэн зуун жилд оршин тогтнож буй нийгэм эд хөрөнгө гээч сүнслэг оршихуй огт байхгүй боловч махан биеэр туулах орчлонд асар хүчтэй зүйлсийн төлөөх зүтгэл тасралтгүй хөгжсөөр ирсэн мэт. Хэдийгээр боолын нийгмийн үед байсан боловч эдийн засаг, санхүүгийн ухаан хөгжиж төлбөрийн хэрэгслийг шийдсэнээр, нөгөө хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмд ч бүхнийг мөнгө гээч санхүүгийн хэрэгслээр үнэлэх болсон ба энэхүү сүнслэг сэтгэлгээний доройтож буй урсгал Монголд зах зээлийн хамт орж ирсэн мэт дүгнэгдэнэ. Аливаа зүйлийг мөнгөөр үнэлэх нь мэдээж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч байсан боловч мэдээллийн технологи, системчлэл, үндсэн хууль зэрэг дэлхийн чиг хандлагыг даган зах зээлийн үед улам бүр хүчээ авсан нь тодорхой.

Алив улсын эдийн засгийн өсөлт хөгжилтийн дүнд тухайн нийгэмд амьдарч буй иргэдийн нийтлэг үнэт зүйлс нь өөрчлөгдөж байдгийг умартан, эдийн хурдацтай хөгжлийг улсын хөгжил хэмээн шууд авч үзэх нь өрөөсгөл ойлголт мэт санагдана. Уул уурхайн үйлдвэрлэлийг даган асар их хэмжээний гадны мөнгө Монголын санхүүгийн системд эргэлдэх болсон. Цаашдаа өсөн нэмэгдэх тодорхой бөгөөд энэхүү эдийн өсөлтийг Монгол улс нь "хөгжиж" буй мэтээр хэвлэлээр цацаж, бодитой мэдэрч буй зүйл хомс боловч нийт иргэд хөгжиж буйд итгэж байгаа нь нийтийн боловсролын түвшин, гадаад ертөнцтэй харилцах харилцаа тааруу байгаагийнх, мөн эд хөрөнгө гээчийг хэтэрхий өндөр үнэ цэнэтэйд тооцож буй харалган байдлынх гэж дүгнэж байна.

Уг харалган байдлын үр дүнд эрх ашгийн цуглуулга болсон төрөл төрлийн хүмүүс нам, бизнесээрээ талцан эхэлсэн ба хоорондын сөргөлдөөн хэдийгээр ил тод явагдахгүй байгаа боловч цагаар програмчлагдсан тэсрэх бөмбөг тэсрэлтээ хүлээн сууна. Зохиосон хуулиас гадуур зүйл хийх, өөрийн эд хөрөнгийн ашиг сонирхолоо нийтийн дүрмээс гадуур хангасан нөхдийг хамгаалах шүхэр нь улс төрийн нам бизнесийн хүчтэй бүлэглэл байлаа. Гэтэл явцын дүнд бүлэглэл хоорондын интеграцчилал, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн шинэ төрлийн бүлэглэл аниргүйн дунд үүсэн бүрэлдэж буй болов уу хэмээн харж байна. 90 оны сүүл орчим дээд хүчээ аваад өнгөрсөн нийгмийн хүчний бодлоготой системд цохиулсан гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийн, илүү боловсронгуй болсон хэлбэр удахгүй нийгмийн дунд яригдаж эхлэнэ хэмээн таамаглаж байна. Тэр цаг дор нийгэм хэтэрхий ороо бусгаа болно. Бүлэглэлийн эрх ашигт ноцтой заналхийлсэн хүнийг буу, мэс барьсан хоёрдугаар дайны үеийн аргаар барахгүй бол чимээгүй, боловсронгуй байдлаар хуулийн дор, олны гар дээрх бичвэрээр тамлана. Нэгэн цагт дэлхийн эзэлж явсан дээдсийн хойч үе гэдгээ санан оюунаа цэгцлэхгүй бол бид алгуурхан халсаар Африк тивийн нөхцөл байдалд чанагдах хугацаа дөхөж байна.

Friday, May 10, 2013

Цаг яваад л байна

2013 он. Бага байхад телевизээр дандаа л, онгоц барьцаалсан эсвэл дэлхий сүйрэх гээд түүнийг нь үнэхээр лаг буудуулаад ч үхэхгүй "үхэрчин залуу"с авардаг кинонууд их гардаг байсанд  тэрүү, 2010 он гэхэд л дэлхий сөнөчих ч юм шиг санагдаад зарим орой оронд орчихоод айгаад унтаж чаддаггүй байлаа. Гэтэл 2013 он болчихоод явж байна, шинжлэх ухаанч сэтгэхүйд дэлхий үүсээд  4.5 тэрбум жил болчихсон идэр насан дээрээ явж байгаа юм гэсэн. Цаашдаа тэр хэмжээгээр л хөх нүдэн гараг маань эргэлдээд л байж байх биз, эвий эх дэлхий минь даанч бид аль хэдийнэ огт байгаагүй шигээ алга болчихсон байна биз.

Өчигдөр хүн эргэх зорилго агуулан эмнэлэг дээр очлоо. Манай улсын эмнэлэгүүдийн хажууд дээд зэрэглэлийн зочид буудал гэсэн л үг, гэхдээ нэг өрөөнд 6 ортой, 6 эмчлүүлэгч байна. Албаар тэгж оруулсан уу дунд эргэм насны ганц эмэгтэйг хасвал бусад нь бүгд 70 гаруй насныхан. Байгалиас заяасан амаараа чандмань эрдэнэ хоолой давуулж чадахгүй хүн ч байна, манай талын эмчлүүлэгч шиг эмчилгээндээ түүртэхдээ ааш нь хөдлөх хүмүүс ч байна. Тэгээд харахнээ хүн гэх бид чинь яасан ч өрөвдмөөр богинохон амьдардаг юм дээ. Физик чанараараа ядаж дэлхийнхээ насны хэлтэрхий төдий наслах бололцоогүй амьтад юм шиг. Хуйлран эргэлдэх тэмцлийн хар жатга эрин эрин дамжин хүний сэтгэлийг хордуулсаар. Өчүүхэн тэр амьдралыг амьдраагүй юм шиг өнгөрүүлж буй хүмүүс олонх аж. Орчлон ертөнцөд өнгөний төлөө амиа тавьдаг арчаагүй амьтад бид л байх. Монгол улсын эдийн засгийн хөгжил, хүн сансарт нисгэх хоёр чинь 21-р зуунд ярихад хүүхдийн сэдэв биш үү. Гэхдээ энэ зууны сэдэв юу байхыг миний толгой боловсруулан хэлж чадахгүй юм. Магадгүй хүн төрөлхтөн анхаарал хандуулах өнцгөө өөрсдийн дотогшоо чиглүүлэх болов уу. Энэ муу махан биед судлагдаагүй зүйлс зөндөө. Эсвэл судалчихсан нөхөд нь нуугаад яридаггүй ч юм уу.

Ямартай ч бид тогтоогдсон хугацаанд амьдрана гэж амьсгалж явна. Зарим хүмүүс нь улс төр ярьсаар амьсгалах агаар "товчлуур" дарахаас хэрэгтэйг мартаад, манай үеийн залуус нэг шөнийн жаргалаар миний мэдэх үнэт зүйлсийг тавиад туучих юм. Капиталисм, ардчилал, хүний эрх ярьж болноо гэхдээ эрдэнэт орчлонгийн амьтдын дунд одоогоор ганц байгаа бичиг үсэгтэй адгууснууд чинь бид шдээ. Хайраа харамгүй түгээж гэмээнэ, хэлтэрхийг нь долоож, мэдлэгийг хичээнгүй юүлж гэмээнэ, тархи сэтгэдэг болж эхэлдэг тавилантай шиг байна шүү энэ орчлон. Олны дунд ганцаардан алхахад өгөгдсөн цаг ямар удаан, удаан уулзаагүй нөхөдтэй уулзахад дэлхий юутай хурдан эргэх.

Үнсгэлжин ганцаараа хязгаарлагдсан цагтай биш шүү хүмүүсээ, хожмын нэгэн өдөр хангинах мэт цагийн зүүний чимээнд сүрдэн дахиад нэг боломж авах талаар залбирч суухын оронд одооноос л бодитоор амьдар. Цаг явж байна.

Thursday, March 21, 2013

Автомат үндсэн хууль

Номын дуу сонсохын хэрээр бидний амьдарч байгаа нийгмийн баялагийг хуваах бодлогыг тодорхойлж, ардчилалын нэрээр олж авсан эрх мэдлийг төвлөрүүлж буй бүлэг нь хүн, нэг үгээр бидний төгс хэмээн хүлээж авдаг утгатай үл нийцэх биетүүд. Өөрийн гэх сэтгэлгээс ангижирч үл чадах хүн төрөлт сүгнүүд засгийн эрхийг барьж байгаа нөхцөлд үндсэн хууль ч шуналыг нь хазаарлаж үл чадна. Миний бодлуудыг хөврүүлсэн сэдэл энэ болой.

Балчир гэмээр гэнэн сэтгэхүйн дүнд, квант тооцоолол хийгээд квант сүлжээ шунал нь үл гүйцэгдэх хүн төрөлхтөний найдвар байж болох юм. Тооцооллын хурд хүний тархины хурдыг давах тэр мөчид бид одоо бидэнд байгаа ойлголтоор "хууль" сэтгэлгээг хиймэлээр үүсгэн тооцоолуураа сэтгэдэг болгосны үндсэн дээр түүнд өөрийн үндсэн хуулиа цээжлүүлэн, цэнэг бүрт нь үндсэн хуулийн зүйл заалтыг шингээх юм. Гагцхүү тооцоолох системийн загварыг хийж байгаа хүн төгс гээч ухагдахуунд дөхөж очсон сэтгэлгээтэй нэгэн байх учиртай. Ингэж чадаад үүнийгээ квант сүлжээгээр холбочиход чагнуур, хутгууруудад санаа зоволтгүй сая нэг үндсэн хуулийн цэц маань бүрэлдэнэ. Уг хиймэл оюун маань биднээс хавьгүй илүү төвшинд сэтгэж, би-гээс салж чадаагүй хэврэг сэтгэлгээт бидний дээр орон зайгаас үл хамааран ажлаа хийсээр байх юм. Хууль санаачлагчидын гаргасан хууль хиймэл сэтгэлгээнд зааж өгсөн "хүн төрөлхтөний эрх ашиг"-т үйл нийцэх бол шууд цавчигдах маягаар утгагүй мэт боловч, хүн төрөлхтөний оюуны шинэ эрин эхлэх болов уу гэж санана.

Сургуулийн хотхон дундуур гэрийн зүг алхаж яваад төсөөлсөн хийсвэр ертөнцийнхөө зах зухаас хуваалцахыг хичээлээ.

Monday, August 27, 2012

Хөгийн жижиг

Өнөөдөр өдөржин хамаг юмаа хаагаад өрөөнөөсөө нэг ч гарсангүй. Зүгээр л юу ч бодохгүй, унтаад л босож суугаад л дахиж унтаад л, бодоод л сайхан амарч авлаа. Тэгээд бодоод байсан хүн гээч нэг бодлын бужигнан өнгөрөх шуурганы тоос төдий үл үзэгдэм жижиг атал, нөгөө бодлын сэтгэлийн чанараар хорвоог бүтээх агуу бурхан ч юм шиг.

Хааяадаа байрны урдхан талд теннисны талбай руу харан байрласан хэдэн модон сандлууд байдаг юм. Ганцаараа сууж байгаад нөгөө хорвоо ертөнц нь ч арай юу юм, гэхдээ л Сөүл хотыг бол алган дээрээ тавиад харж байгаа юм шиг л харна шүү дээ. Нүдээ хоромхон анихад орчлон ертөнц энэ муу гавал дотор минь бүтнээрээ багтаад, би өөрөө ертөнц ч юм шиг тийм л орон зайд тэнэнэ. Тэгээд л бодит байдлаар харвал тэртээ харагдах үүлс жижигхээн мэт харагдавч, онгоцонд суугаад нисч байгаад газардахынхаа өмнө хөлгүй харагдах хөвөн цагаан үүлс рүү шумбан ороход үүлсийн ямар агуу томыг мэдэрдэг юм. Дээхнэ үед бид нарыг үнэхээр жижиг гэж бодож байгаад, гэхдээ ч бодит байдал дээр хажуудаа байгаа номыг шугамдаад, нарыг бас сантиметрлээд харвал нар яалт ч үгүй жижиг харагдана даа. Хүн гээч утга чанарыг ухаж байдаг амьтад шиг болтой байнга л үнэн чанар гээчийг хайж явна. Тэгсээр бөхтөрүүд алхаж сураад хэдэн мянган жилийн дараа тэр нар гээч нь ямар агуу том, бидний амьдарч буй гараг ертөнц урд уулын оройгоор хязгаарлагдахгүй, хүн гээч насан туршдаа чадлаараа алхаад ч туулж барахгүйг ойлгоцгоож эхэлсэн. Гэхдээ л саран дээр очино гэдгийг балчир хүүхдийн мөрөөдөл гэж үздэг байсан бол хэдэн арван жилийн өмнө үнэн худал нь одоо болтол маргаантай ч Армстронг мөрөө гаргаж, хэдхэн хоногийн өмнө Ангараг гараг дээр хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн төмөр биетээ газардуулчихаад, гэрлийн хурдаар хэдэн минут явж очдог газрыг судлаад явж байна.

Бид өөрсдийгөө жижиг гээд байсан бол яст мэлхийний нуруун дээр амьдардагтаа итгээд л байж байх байсан биз. Гэхдээ үе үеийн хүмүүс гэнэн балчир гэмээр сэтгэлийн тэмүүлэлдээ хөтлөгдөн бүтэшгүй гээчийн өөдөөс зүтгэж эхэлсэн. Ганц хоёр өдөр биш, хэдэн жил хэдэн үеэрээ тэмцэж байж хорвоо ертөнцийн түүхэнд аниргүй тоос мэт замхран алга болох хувь заяатай ч зуун зуунаар дурсагдах түүх, сэтгэлгээг бүтээж ирлээ. Цаашдаа ч үл замхарна. Гагцхүү хүний хүсэл даанч их юм гэдэг шиг, сайнтай саартай нь ч байна. Хэдий тийм боловч хүний уг мөн чанар нь эхийн ангир уургийг хүртэн ертөнцийн амтыг мэдэрдэг тэр балчир хүн хэвээр.

Хөгийн жижиг гэдэг бодит байдалдаа итгээд суух уу, сэтгэлийн гүнд орших тэмүүлэлдээ хөтлөгдөн дээр дээр үсрэн үсрэн, дэгдэн явсаар хоосоноос үүссэн шигээ хоосон руу замхрах уу гэдэг гагцхүү хувь хүний үнэт зүйл, сэтгэлгээ хаана байгаагаас шалтгаалах бизээ.